АВВ группээс оюутнуудад тэтгэлэг гардууллаа


Бизнес мэдээ | YOLO.MN
2017-11-15

Эрчим хүчний салбарын орчин үеийн өндөр технологийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч АВВ групп, тус группийн Монгол дахь албан ёсны дистрибьютер "Монхорус" компани ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн шилдэг оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулах ёслол өчигдөр боллоо.

Тус сургуулийн ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалтын гуравдугаар дамжааны оюутан П.Отгонзаяа, Цахилгаан хангамжийн мэргэжлийн гуравдугаар дамжааны оюутан Г.Буянжаргал, Цахилгаан системийн автоматжуулалтын дөрөвдүгээр дамжааны оюутан Ч.Гунгаасамбуу нар шалгарч тэтгэлэг авах батламжаа АББ группийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга С.Эрдэмбаяраас гардлаа.

АББ групп ШУТИС-тай хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн жил Эрчим хүчний сургуульд "Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын лаборатори", Геологи, уул уурхайн сургуульд "Цахилгаан станц, дэд станцын тоног төхөөрөмжийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторийг өөрийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижуулж өгчээ.

Оюутнууд эдгээр лабораторид дадлага хийж, ажлын талбарт гарахад тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадварыг эзэмшсэн байх давуу талтай юм.

АББ группийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга С.Эрдэмбаяр, Манай группээс Монголын эрчим хүчний салбарын ирээдүй болсон оюутан залуусын дунд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрийг гурав дахь жилдээ зарлаж байна. Эрчим хүчний салбарт шинэчлэлт, техник технологийн инновацийг нэвтрүүлэх цаг болсон.

Тиймээс бид ирээдүйн инженерүүдийн боловсрол, мэргэжлийн хувьд дэмжлэг үзүүлэх зорилгоор сурлага сайтай ч үргэлжлүүлэн суралцахад санхүүгийн боломж тааруу оюутнуудыг илүү анхаарч сургалтын төлбөрийн олгохоор сонгосон. Tэтгэлэг авсан оюутнууд манай компани болон дистрибьютер компаниудад дадлага хийх боломжтойгоос гадна их сургуулиа төгсөөд ажиллах өргөн боломжийг нээж өгдөг" гэлээ.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалтын гуравдугаар дамжааны оюутан П.Отгонзаяа, АББ группийн тэтгэлгийг авсандаа маш их баяртай байна. Миний сургалтын жилийн төлбөр дунджаар 2.5 сая төгрөг болж байна. Энэ жилийн төлбөрийг маань АББ-гийнхээ тэтгэлэгт хамрагдаж төлөхөөр болж, ар гэрийнхээ нэгэн том ачааг хөнгөвчиллөө. АББ группийн тэтгэлгийг 3-4 дүгээр курсын оюутнуудын дунд зарладаг. Энэ тэтгэлэгт хамрагдахаар төлөвлөж байгаа оюутнууддаа хандаж хэлэхэд хичээлээ сайн хийхийн хажуугаар, эссегээ сайн бичих хэрэгтэй.

Эссендээ өөрийнхөө ирээдүйн зорилго чиглэлийг тодорхойлж, зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажиллахаа сайн тусгаж өгөөсэй гэж бодож байна. Би магадгүй 10-20 жилийн дараа эрчим хүчний салбарт томоохон байр суурь эзэлсэн боловсон хүчин болоод ажиллаж байхыг хүсэж, төсөөлдөг. Энэ зорилгодоо хүрэхэд минь АББ групп том дэмжлэг үзүүлсэнд баярлаж байна.

Цахилгаан хангамжийн мэргэжлийн гуравдугаар дамжааны оюутан Г.Буянжаргал, Энэ тэтгэлэгт хамрагдсанаар мэргэжлээрээ сурч боловсрох хүсэл тэмүүлэл минь илүү их нэмэгдэж байна. Энэ тэтгэлгийн талаар би анх багшаасаа сонссон.

Хичээл дээр АББ группийн тоног төхөөрөмжүүдийн талаар үзээд, дараа нь вэб сайтаас нь илүү их мэдээлэл авсан. Тэр үед сургалтын төлбөрийн тэтгэлгийн талаар илүү мэдээлэл авч, материалаа бүрдүүлж явуулсан. Энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж олгосон АББ группийн хамт олонд баярлалаа.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалтын дөрөвдүгээр дамжааны оюутан Ч.Гунгаасамбуу, Би АББ группийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Монхорус компанийн тэтгэлгийг авсандаа баяртай байна. АББ групп цахилгаан эрчим хүч, өндөр хүчдэлийн техник технологи үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Цахилгаан эрчим хүчний дэлхийд тэргүүлэгч технологийг Монголд нэвтрүүлэх боломжийг энэ компани олгож байгаа.

Энэ тэтгэлэгт хамрагдахын тулд хичээлээ хийхээс гадна нийгмийн идэвхтэй байдал, өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласан байхыг шалгуур болгодог. Миний хувьд сургуулийнхаа эрдэм шинжилгээний бага хуралд оролцож дэд байр эзэлсэн.

"Автомат робот-2017" тэмцээнд багаараа оролцож, шоо цуглуулагч төрөлд нь тэргүүн байр эзэлсэн минь АББ группийн тэтгэлэгт шалгарахад түлхэц үзүүлсэн болов уу. Энэ тэтгэлгийг авснаар миний хувьд өөрийгөө хөгжүүлэх илүү өргөн боломжийг бүрдлээ. Би ирээдүйд Монхорус компанидаа ажиллах хүсэл эрмэлзэлтэйгээр суралцаж байна гэлээ.














#ABBgroup #Student # Scholarship