ЗАХИДАЛ: Жаргалтай амьдруулж чадах болсон үедээ түүнийгээ хайвал оройтох болов уу?


ССҮТөв | YOLO.MN
2017-11-08

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүний сонголтыг хүндэлж салсан боловч мартаж чадахгүй байна.

Салъя гэж хэлсний маргааш нь уулзсан юм нүд нь шөнөжин уйлсан бололтой хавганачихсан байсан. Надтай салалтаа зөвлөлдөж дуусталаа уйлж байлаа.

Би найз охиноосоо салаад удаагүй байна. Найз охин минь оюутан л даа их завгүй. Сүүлийн 1 сар бидний харилцаа маш хүнд байсан түүнд надтай уулзах цаг байтугай надтай ярих цаг ч байгаагүй. Би ч санадаг учраас жоохон тунирхангуй л байлаа. Тэр минь ч илүү хичээж харилцаагаа сайжруулна гэж хэлж хэсэг хугацаанд ихэд хичээв. Гэвч түүний гэр бүл мэдсэнээс хойш үерхэлийг зөвшөөрсөнгүй. Мөн тэд түүний сурлагад ихэд анхаарч илүү цаг хором ч гаргуулахгүй ядаж тайван ч хэвтүүлдэггүй болов. Эцэст нь энэ үерхэл салалтаар дууслаа.

Тэр минь надад салъя гэж хэлсэн боловч надаас илүү уйлж байлаа. Салъя гэж хэлсний маргааш нь уулзсан юм нүд нь шөнөжин уйлсан бололтой хавганачихсан байсан. Надтай салалтаа зөвлөлдөж дуусталаа уйлж байлаа. Өөрийгөө муу охин болгоно. Надад үзэн ядагдана март гэх мэт хэрэггүй зүйлс яриад мөн гадаад явж иргэншлээ сольж магадгүй гэж бас хэлсэн.

Би түүний сонголтыг хүндэлж салсан боловч мартаж чадахгүй байна. Түүнийг өөр хүнтэй байна гэж төсөөлхөөс ч айж байна. Би одоо яах ёстой вэ ? Мөн тэр минь бас яах ёстой юм бол туслаач. Илүү хичээж жаргалтай амьдруулж чадах болсон үедээ түүнийг хайвал оройтох болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Ганцхан түүнийг бодон гуниглалгүй бас өөрийгөө хөгжүүлж, өдөр бүрийг идэвхтэй өнгөрөөхийг хичээгээрэй

Цаг хугацааны аясаар шийдэгдэх асуудал гэж бий. Хайр дурлалын асуудал бол үүний нэг юм.

Сайн байна уу, бидэнд хандан захидал ирүүлсэнд баярлалаа. Та хоёр өөрсдөөсөө биш харин бусад хүмүүсийн нөлөөллөөр аргагүйн эрхэнд салах шийдвэр гаргасан байна гэж ойлголоо. Энд та хоёрын хэн хэн нь буруугүй гэдгийг хамгийн түрүүнд ойлгоорой. Өөрийгөө юунд ч буруутгах хэрэггүй. Би тийм байсан бол эсвэл би тэгж чадсан бол гэж бодон өөрийгөө зовоох хэрэггүй. Захидлаас харахад та хоёр бие биенийгээ хүндэлсэн, хоорондоо ярилцаж бие биенийгээ сонссон маш эрүүл харилцаатай байсан байна.

Тиймээс үүнийг маш сайхан туршлага бас дурсамж хэмээн ойлгож цааш үргэлжлүүлээрэй. Ганцхан түүнийг бодон гуниглалгүй бас өөрийгөө хөгжүүлж, өдөр бүрийг идэвхтэй өнгөрөөхийг хичээгээрэй. Тэр охин ч мөн чамд үүнийг хүсэх байсан болов уу.

Цаг хугацааны аясаар шийдэгдэх асуудал гэж бий. Хайр дурлалын асуудал бол үүний нэг юм. Кофе уусаны дараа цусан дах кофейн шингэж алга болтол ойролцоогоор 4 цаг болдог. Энэ хооронд хүний мэдрэлийн үйл ажиллага эрчимжиж зүрх хүчтэй цохилон догдолж буй мэт мэдрэмжтэй байдаг. Яг үүнтэй адилаар түүнд дассан, түүнийг гэх мэдрэмж шингэж алга болох эсвэл ядаж хүч нь сулрах хүртэл хугацаа хэрэгтэй. Гол нь энэ асуудал яаж ч дууссан бай та хоёр бие биедээ сайн сайхныг хүсч бие биедээ санаа тавьдаг юм байна. Энэ л хамгийн чухал юм.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,

Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Happy #Life #Love