Хүн төрөлхтний хувьд хувцас загвар гэдэг зүйл тэдний салшгүй нэгэн хэсэг байдаг. Тиймдээ ч шинэ содон, тренд болох хувцас загварыг эрэлхийлдэг билээ. Эрэлхийлэх хүмүүсийн хүсэлд нийцүүлж эсвэл өөрийн хэв маягийг илтгэсэн хувцсыг урладаг хүмүүс нь дизайнер юм. Тэгвэл энэ удаад бид "Хорол" брэндийн дизайнер, Сант сургуулийн 12-р ангийн сурагч Б.Мөнхтуяатай та бүхнийг уулзуулж хувцас загварын талаарх хийсэн ярилцлагаа хүргэж байна.
YOLO: Хэзээнээс анх загвараа гаргаж, брэндээ нээсэн бэ?
- Би багаасаа их зурах дуртай хүүхэд байсан. 8-р ангидаа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад ирээдүйд юу хийх вэ гэдгээ төлөвлөсний үндсэн дээр энэ хоббигоо улам хөгжүүлье гэж шийдсэн. Тиймээс анх Дона Баяр багшийнхаа сургалтанд сууж байсан. Тэр үед яг зурах зөв техникт суралцаж, хувцас оёж, зохион бүтээж сурсан. Тэгээд өнгөрсөн жил буюу 11-р ангидаа хүсэл сонирхол нийлсэн авьяаслаг хамт олонтойгоо нэгдэн "Хорол" брэндээ үүсгэсэн.
YOLO: Яагаад брэндээ "Хорол" гэж нэрлэсэн бэ?
- Хүмүүс энэ талаар их асуудаг л даа. Хорол гэдэг нь Монголын уламжлалт тоглоом. Мөн эв нэгдлийг бэлгэдсэн утгатай үг. Тийм ч учраас олон хүний нэгдэл доор урган гарсан учраас энэ нэрийг өгсөн.
YOLO: Энэ ажилд чинь хэн хамгийн их тусалж, дэмждэг вэ?
- Ойр дотны маань хүмүүс их дэмждэг. Тэр дундаа ээж маань хамгийн ихээр дэмждэг. Мөн ангийн хамт олон маань маш ихээр дэмждэг. Брэндийг маань сурталчилж, модел олоход тусалж, зарим тэмцээн уралдаанд ангийн маань охид модел болж өгөх тохиолдол ч бий. Түүнчлэн найз нөхөд, үйлчлүүлэгч, ажлын маань хамт олон маш их дэмждэг. Энэ завшааныг ашиглаад анги хамт олондоо баярлаж явдгаа хэлмээр байна.
YOLO: Өнгөрсөн зун анхны загварын шоугаа хийсэн шүү дээ, энэ талаараа дэлгэрэнгүй яриач?
- Анхны загварын шоу гэдэг утгаараа маш их догдлол, айдастай байсан. Энэ шоу маань "Off the cage" нэртэйгээр Монголын брэндүүдийн нэгдсэн шоу байсан. Манай брэндийн тайзан дээрх гаралт ердөө 9-10 минут байсан хэдий ч манай хамт олны маш удаан хугацааны хичээл зүтгэл, маш их хөдөлмөр тэнд байсан. Тайзны ард зохион байгуулагчид, дизайнерууд, моделууд, уран бүтээлчид бүгд л дор дороо сандралын байдалтай байсан. Тэр үед л жинхэнэ ажлын амтыг мэдэрсэн дээ. Мөн мэргэжлийнхээ хүнд хэцүү агаад сайхныг тэр өдөр л утгаараа мэдэрсэн.
YOLO: Ирээдүйн зорилго, мэргэжлээсээ хуваалцаач?
- Ирээдүйд загвараараа явах бодолтой байна. Тиймээс хаана сурах, цаашдаа хийх ажлынхаа талаар их боддог. Миний зорилго бол хувцсаар дамжуулан хүмүүст өөртөө итгэх итгэл, баяр баяслыг л өгмөөр байна.
YOLO: Хийж буй хувцсандаа ямар хэв маягийг шингээж хийдэг вэ?
- Энгийн гэхээсээ илүү хүний сонирхлыг татсан өвөрмөц хэв маягийг илүү шингээхийг зорьдог. Аль, нэг хэв маягт баригдсан, баригдмал загвараас их зайлсхийдэг.
YOLO: Шинэ санаагаа юунаас олж авдаг вэ?
- Хувцас зохион бүтээхэд дизайнерууд нэг зүйлийг объект болгож авдаг. Миний хувьд материаллаг зүйл гэхээсээ илүү хүнээ объект болгож авдаг. Тэгснээр тэр зөвхөн тэр хүндээ зориулагдсан, тэр хүний галбирт зохицсон хувцсыг хийх боломжтой болдог. Хүн хүний бие галбир өөр учраас хүн бүрийг ажиглах тусам шинэ санаа урган гарч ирдэг дээ.
YOLO: Цагаа яаж зохицуулдаг вэ? Хичээлээ хийх, загвараа гаргах оёх гээд л...
- Нэг цагийн хуваарьт баригдаад байдаггүй. Загвараа гаргах, дараа нь түүнийгээ цаасан дээр буулгах, материалаа олох, эсгүүрээ гаргах, оёх, зураг авалтаа хийх, цацагдах хүртэл хэдэн сарын хөдөлмөр шаардсан байдаг. Мэдээж сурагч хүний хамгийн чухал зүйл бол сурах шүү дээ. Хичээлээ тараад урлан дээрээ ирээд хичээлээ хийгээд дараа нь хувцасныхаа ажилд ордог. Ихэвчлэн амралтын өдрүүдээр хувцсаа амжуулахыг хичээдэг.
YOLO: Чөлөөт цаг хэр их гардаг болон тэр үеэрээ юу хийдэг вэ?
- Чөлөөт цаг ер нь хомс байдаг. Чөлөөт цаг гарсан тохиолдолд ихэвчлэн найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхийг илүүд үздэг. Мөн гаднын томоохон загварын шоунуудыг үзэх дуртай.
Мөн гудмаар өөрийнхөө хийсэн хувцсыг өмсөөд явахаар зарим хүмүүс их хардаг, зарим нь эргэж харах тохиолдол ч бий. Энэ нь надад санаа зовох сэтгэгдэл бус өөртөө итгэх итгэл, кайфыг мэдрүүлдэг.
Б.Мөнхтуяа
YOLO: Урам авдаг загварын хүмүүс байдаг уу?
- Мэдээж байгаа. Ойрын үед манай улсын загварын салбар эрчимтэй хөгжих болсон. Үүнийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулдаг дизайнеруудаас их урам зориг, үлгэр дуурайлал авдаг. Тэр хүмүүс чадаж байгаа учраас надад ч бас боломж байгаа гэдгийг их мэдэрч урам зориг авдаг.
YOLO: Чиний бодлоор өсвөрийн залуус хувцаслалтдаа хэрхэн анхаарах ёстой байдаг юм бол?
- Мэдээж хүн бүр гоё харагдахыг хүснэ шүү дээ. Харин өсвөр насанд хүүхдүүд хэн нэгнийг даган дуурайх үзлийг их баримталдаг юм шиг санагддаг. Хэн нэгнийг даган дуурайхаасаа илүү өөрийн бие галбир, сонирхолдоо тулгуурлан, тэр хувцсаа өмсөөд өөртөө бүрэн итгэлтэй байхаар хувцаслах нь чухал. Хүн бүр цор ганц шүү дээ.
YOLO: Зарим хүүхэд залуус шинэ зүйл туршиж, хувцаслалтдаа огцом өөрчлөлт хийхийг хүсдэг ч бусад хүмүүс юу гэх бол, яаж хүлээж авах бол гэж их айдаг. Энэ талаар чи юу гэж боддог вэ?
- Тийм тохиолдол их ажиглагддаг. Зориглоод арай өөр стилийн хувцас өмсөх гэхээр "Хүмүүс юу гэж бодох бол..? Хэтэрхий анхаарал татах юм биш үү?" гэхчлэн асуудал их тулгардаг. Миний бодлоор хүн өөртөө өөрчлөлт хийгээд үзэх хэрэгтэй гэж боддог. Туршиж үзээгүй хэр нь дүгнэлт хийх их буруу. Зохихгүй бол чи тэгээд л мэдээд авсан, ахиж тийм алдаа гаргахгүй л гэсэн үг. Миний хувьд л гэхэд жилийн өмнөх би одоогийн би хоёр маш өөр. Хувцаслалт, үсний засалт гээд бүх юм тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн. Хувцаслалт маань өөрчлөгдөхийн хажуугаар үзэл бодол маань мөн адил өөрчлөгдсөн.
Мөн гудмаар өөрийнхөө хийсэн хувцсыг өмсөөд явахаар зарим хүмүүс их хардаг, зарим нь эргэж харах тохиолдол ч бий. Энэ нь надад санаа зовох сэтгэгдэл бус өөртөө итгэх итгэл, кайфыг мэдрүүлдэг. Тийм учраас зүгээр л оролдоод үз, бусдын юу гэж хэлэх нь бус чиний өөрөөрөө байх чинь илүү чухал.
YOLO: Зарим хүмүүс тренд болж байгаа хувцаслалт гээд өөрийн биеийн галбир, царай төрхөд тохирохгүй хувцасладаг мэт санагддаг. Энэ талаарх чиний бодол?
- Манайхны хувьд сүүлийн үед тренд дагах үзэл их давамгайлж байгаа. Тиймдээ ч ихэвчлэн хоорондоо ижилхэн стильтэй болчихсон. Нэг ёсондоо өөрийн үзэл бодлоо алдаж байна гэсэн үг л дээ. Хамгийн чухал зүйл бол өөрөөрөө байх. Зохихгүй байсан ч тренд болж байгаа чинь өмсчихье гэж бодож өмсдөг бол их буруу. Өөртөө зохицсон хувцасаа өмсөх их чухал гэж хэлмээр байна.
Зохихгүй байсан ч тренд болж байгаа чинь өмсчихье гэж бодож өмсдөг бол их буруу. Өөртөө зохицсон хувцсаа өмсөх их чухал.
Б.Мөнхтуяа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх