ХИЧЭЭЛ ба НОЙР


Х.Арысхан | YOLO.MN
2017-10-24

-Бяцхан зөвлөгөө-

Сурагчдын ихэнхийнх нь цагийн хуваарь ижил байдаг. Сэрүүлгээ дарж унтраагаад хичээл орох ёстой цагаас 5 минутын өмнө босч шинэ өдрийг эхлүүлэх нь ч бий. Зарим нь цаг давчуу учраас өглөөний цайгаа ч уулгүй сургууль руугаа яардаг. Гэвч цайгаа ч уулгүй яаран гарсан сургуульдаа очоод хичээлээ анхааралтай сонсож, ойлгодог хүүхэд тийм ч их биш.

Хичээлийн цагаар ширээ дэрлэж унтах эсвэл хүүхдүүдтэй дэмий чалчиж өнгөрүүлдэг өдрүүд бас л олон.  Гэвч хэт оройтож унтсанаас болж өглөө, өдрийн хичээлийн цаг үр бүтээлгүй өнгөрдөг байна.

Сурах гэдэг бол өөрийгөө ялан дийлэх гэсэн үг гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ хэрхэн ялан дийлэх вэ?

УРД ОРОЙ НЬ ЭРТ УНТ

Зарим хүн сайн сурахын тулд орой болтол давтаж, үүрээр унтах хэрэгтэй гэж боддог. Үнэндээ тийм биш. Өдөр, өглөөний цагийг сайн ашиглаж хичээллэ, тэгээд эрт унт.


ӨДӨР БҮРИЙН ДАВТАМЖ АМЖИЛТЫН ҮНДЭС

Сайхан зүүд зүүдлэхийн тулд бид унтах хэрэгтэй байдаг шиг сайн сурахын тулд эрт унтах хэрэгтэй. Мэдээж ганцхан удаа эрт унтсанаар дүн сайжрахгүй. Тиймээс эхний өдөр сэрүүлгээ дараах 10 минутын дараа босох бол дараа өдөр яг сэрүүлэг дуугарсан цагтаа босох гэх мэт өөрийгөө дасгах хэрэгтэй.


ӨДӨР БҮР ӨӨРТӨӨ СОНИРХОЛТОЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГА

Өдөр бүрийг үр бүтээлтэй, завгүй өнгөрүүл. Урд өдөр нь өөртөө сонирхолтой бөгөөд хийсний дараа сэтгэл сэргэх гоё төлөвлөгөө гарга. Юу ч байж болно. Тэгж гэмээнэ чи өглөө эрт тэрхүү зүйлээ бодож сэрэн нойр чинь тэр дороо сэргэнэ.


ОРЧНОО БҮРДҮҮЛ

Эрт унтах ёстой гэхдээ өөртөө байнга сануулж утас, телевиз зэргээс оройн цагаар хол бай. Харин унтахаасаа өмнө хэсэг хугацаанд дуртай номоо уншиж болно. Оройд ном унших нь нойр хүргэдэг дадал суулгах юм.

Хангалттай нойр = Эрч хүчтэй, сэргэг тархи

Тухайн өдрийн сурлагын чанар, ажлын бүтээмж өмнөх өдрийн нойроо хэрхэн авснаас шалтгаална. Хүн хэдий чинээ нойроо хангалттай авсан байна төдий чиний эрч хүчтэй, тархи сэргэг байдаг. Тиймээс шинэ өдөр орноосоо боссон үеэс биш харин урд өдөр нь орондоо орох тэр үеэс эхэлдэг юм шүү.

Өглөө сонсоход ЭРЧ ХҮЧ өгөх 11 ДУУ сонсохыг хүсвэл ЭНД дарна уу.
Орноосоо зүгээр л СУГА ҮСЭР! мэдээг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

#Lesson #Sleep #Advice