BTS хамтлаг бол дэлхий дахинд Кпоп урсгалын төлөөлөл болж яваа залуу хөвгүүдийн хамтлаг юм. Гэвч тэд Өмнөд Солонгосын хамгийн алдартай энтэртайментүүд болох SM, YG болон JYP-д харьяалагддаггүй. Тэдний энтэртаймент магадгүй жижигхэн харагдах байх, гэвч энэхүү агентлаг Ази төдийгүй дэлхийд гялалзах шилдэг хамтлагийг төрүүлсэн юм.
BTS-ийн агентлаг болох "Big Hit" энтэртаймент нь JYP-ийн продюсер асан Бан Шихёг (Bang Shihyuk)-ийн бүтээл юм. Тэрээр G.O.D-ийн "Sky Blue Balloon (2000)" Rain - "Bad Guy (2002)" болон 2AM- "Can’t Let You Go Even If I Die (2010)" зэрэг олон хит дуунуудыг хийсэн аж.
Бан Шихёгийн хамгийн том бүтээл бол мэдээж BTS. Тэрээр залуустаа онцгойлон анхаарал тавьдаг бөгөөд хамтлагийн болон соло уран бүтээл хийх боломжийг гишүүн бүрт олгодог төдийгүй хүн бүрийн санал бодлыг нухацтай сонсож, шийдвэрлэдэг ажээ.
BTS бол 26 орны iTunes чартад тэргүүлж чадсан анхны Кпоп хамтлаг юм. Үүгээр ч зогсохгүй тэдний гаргасан дөрвөн цомог дөрвүүлээ Billboard 200 чартад орж чадсан байдаг.
Ийнхүү HKPOPHERALD сайтаас BTS хамтлаг маш богино хугацаанд Кпопын рекордуудыг шинэчлэн алдартай болсон 3 ШАЛТГААНЫГ НЭРЛЭСЭН байна.
1. ТЭД ГАЙХАЛТАЙ АВЬЯАСЛАГ
BTS-д байдаг гайхалтай чанар бол тэдний авъяас юм. Хамтлагийн гишүүн бүр царайны зөв төрхтэйгөөс гадна өөрсдийн гэсэн авьяастай. Гишүүн бүр нь соло уран бүтээл гаргах чадвартай ийм хамтлаг Кпопд ховорхон шүү.
Хамтлагийн гишүүд цомгийнхоо дуун дээр өөрсдөө ажилладаг бөгөөд жишээлбэл "Wings" цомогт багтсан "Boy Meets Evil" болон "Blood, Sweat, Tears" зэрэг дууны продюсерээр хамтлагийн ахлагч Rap Monster болон Жон Хусог (J hope) нар ажиллажээ. Мөн Шюга (Suga) "Blood ,Sweat, Tears" "First Love" зэрэг дуунуудын үгийг бичсэн ба Жиминтэй хамтран "Lie", Тэхёнтой хамтран "Stigma"-ийн үгийг бичсэн гэнэ шүү.
Уг хамтлагийн бүх гишүүн сайн дуулдаг төдийгүй сайн бүжиглэдэг. Үүний жишээг бүх уран бүтээлээс нь харж болно. Харин онцгойлон “DOPE” хэмээх уран бүтээлийг нь санал болгоё.
BTS-ийн 3 дуу нь Youtube хуудсанд 100 саяас дээш хандалт авсан байдаг. Үүгээр ч зогсохгүй "Not Today" хэмээх дуу нь 24 цаг хүрэхгүй хугацаанд 10 гаруй сая хандалт авчээ.
2. ТЭД ЦАХИМ ЕРТӨНЦӨД ИДЭВХТЭЙ
BTS камерын өмнө байнга байдаг. Гэхдээ хамтлагийн гишүүд энгийн үед ч фэнүүдтэйгээ халуун дулаанаар харьцаж, үргэлж тэдэнд анхаарал тавьдаг. Кпоп ертөнцөд алдартай одууд олны өмнө тийм ч их ил гараад байдаггүй, түүнчлэн цахим ертөнцөд ч маш болгоомжтой байхыг нийгэм нь тэднээс шаарддаг.
Энэ бүхэн нь тэднийг фэнүүдтэйгээ, эгэл хүмүүстэй ч бага холбоотой болгож орхидог. Харин BTS-ийн залуус цахим сүлжээг идэвхтэй ашигладаг. Тэд хэдэн зуун мянган фэнүүдтэйгээ өдөр бүр өөрсдийн амьдралын мөч бүрээсээ хуваалцдаг нь тэднийг алдартай болгосон хоёр дахь шалтгаан юм.
3. BTS-ИЙН ФЭНҮҮД БУЮУ "АРМИ НАР" (Army)
BTS хамтлаг фэнүүдийнхээ дэмжлэгийн ачаар олон хөгжмийн наадмуудаас нэр хүндтэй шагнал хүртэж, чартуудад тэргүүлж чадсан юм.
Тэдний фэнүүдийг Арми хэмээн нэрлэдэг бөгөөд фэн клубын идэвхтэй үйл ажиллагааны ачаар BTS төвөггүйхэн шилдэгүүдтэй зэрэгцэж чаджээ. Мөн BTS хамтлаг Гиннесийн номд орохоор болсон бөгөөд орон орны хүмүүс твиттерт тэдний тухай хамгийн их жиргэсэн хэмээн бичигдэж байгаа аж. Энэ нь мөн л улс орон бүрт суугаа фэнүүдийнх нь идэвхтэй үйл ажиллагаанаас улбаатай юм.
Үүгээр ч зогсохгүй BTS хамтлаг BMA-аас "Top Social Artist" хэмээх шагналыг хүртсэн бөгөөд Time сэтгүүлээс жагсаасан "Цахим орчинд хамгийн нөлөө бүхий 25 алдартан"-д BTS хамтлаг багтсан юм. Мөн Forbes Korea-ийн 2017 оны хамгийн хүчирхэг алдартан хэмээх жагсаалтанд BTS тавдугаар байранд бичигджээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх