Хятадад 21 настай эмэгтэй бүтэн өдөр гар утсаараа тоглосноос болж нэг нүд нь хараагүй болсон тохиолдол гарчээ. Тэрээр Хятадад тун алдартай Honour of Kings тоглоомыг өдөржин тоглосон бөгөөд гэнэт баруун нүд нь харанхуйлж, юм үзэхгүй болсон байна.
Хэд хэдэн эмнэлэгт очиж үзүүлсний дараа баруун нүд нь торлогийн артерийн бөглөрөл хэмээх гэмтэлтэй болсныг тогтоожээ. Энэ төрлийн өвчин нь өндөр настнуудад ихээр тохиолддог бөгөөд зарим тохиолдолд бүрэн хараагүй болох эрсдэл байдаг аж.
Баруун нүд нь хараагүй болсон эмэгтэй гар утсаараа байнга тоглодог байсан гээд, өдөрт заримдаа тасралтгүй найман цаг зөвхөн утсаа ширтэж байсан гэжээ.
Тэрээр "Амарч байгаа өдрөө би өглөө 06:00 цагт босож, цайгаа уугаад өдөр 16:00 цаг хүртэл тоглодог байлаа" гэсэн байна. Ингээд зогсохгүй хэсэг завсарлаж, юм идээд үргэлжлүүлэн шөнийн нэг, хоёр цаг хүртэл тоглодог байжээ.
Аравдугаар сарын 1-ний өдөр буюу Хятадын Үндэсний өдөр тэрээр өдрийн турш утсаараа тоглож, оройн хоолны дараа нүд нь юм харахгүй болсон учраас эмнэлэг явсан аж.
Наньчен эмнэлгийн нүдний эмчийн хэлснээр удаан хугацаагаар утсаараа тоглосноос болж ийм нөхцөлд хүрсэн байх гэсэн байна. Харин Лондоны нүдний эмнэлгийн эмч Девид Алламби "Зөвхөн видео дүрслэлээс болж торлогийн артер бөглөрөх боломжгүй, харин өөр өвчнөөс үүдэлтэй байх магадлалтай" гэжээ.
Honour of Kings тоглоом нь Хятадын ухаалаг утас хэрэглэгчдийн дунд хамгийн алдартай тоглоом бөгөөд сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо нь 200 сая хүрсэн аж.
Эх сурвалж: Mashable
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх