Э.Анударь: Хөгжмөөр хичээллэсэн хүн аль ч салбарт амжилт үзүүлдэг



YOLO: Өглөөний мэнд! Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач!
- Сайн байна уу?  Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Анударь гэдэг. Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2-р түвшинд суралцдаг. Анх таван настайгаасаа хойш Монголын Хүүхдийн Ордны ёочин хөгжмийн дугуйланд элсээд одоо 13 дахь жилдээ хичээллэж байна. Мөн ардын хөгжмийн “Аялгуу” хамтлагийн гишүүн. Өнөөдөр та бүхэнд өөрийн багахан туршлагаас хуваалцах болсондоо баяртай байна.

YOLO: Урлагийн хүмүүсийг нээлттэй, сэтгэл хөдлөл өндөртэй гэдэг. Энэ хөгжмөөр хичээллэснээр чиний зан чанарт ямар ач холбогдолтой байсан вэ?
- Ямар ч хөгжим сурсан хүн хөгжим тоглодоггүй хүнээс илүү давуу талтай байдаг нь эргэлзээгүй үнэн. Юугаараа өөр вэ? гэвэл сэтгэн бодох болон логик сэтгэлгээ, харааны хурд, сонсгол мэдрэмж, уян хатан байдал гэх мэт. Учир нь хөгжим тоглоход хүний хоёр тархи зэрэг ажилладаг.

Таван настайдаа, ном уншиж чадахгүй үедээ нот уншиж сурсан маань цагаан толгой сурч байгаатай яг ижилхэн байсан. Нот уншиж сурсан хүнд текстээс хэрэгтэй мэдээллээ түргэн шуурхай олж авдгаас гадна тоо бодохдоо ч хурдтай хариуг нь гаргадаг. Юмыг хараад л тогтоогоод авчихдаг.

Нэг тактнаас нөгөө тактны хооронд хөгжмөө тоглонгоо уншина гэдэг хүний нүдний хурд болон сонсголыг илт сайжруулна. Сонсголд хэрхэн нөлөөлдөг вэ? гэж асууж магадгүй. Та бүхэнд хичээлээ хийх чимээ шуугиан багатай, таатай нөхцөл тэр болгон бүрддэггүй байх. Тийм газар өөрөө төвлөрөөд, чимээнээс өөрийгөө тусгаарлах шаардлагатай болдог. Тийм чадварыг хөгжим тоглодог, удаан цагаар бэлтгэлээ хийдэг хүүхдүүд амархан эзэмшдэг.

Хөгжим тоглоход үнэндээ авьяас огт чухал биш. Хөгжим гэдэг цэвэр хөдөлмөр. Уйгагүй хөдөлмөр. Тууштай, олон цагаар бэлтгэл хийснээр тодорхой хэмжээний сахилга бат тухайн хүнд суудаг. Анх бол надад хэцүү байсан. Жаахан хүүхэд учраас тогломоор, гүймээр санагдана. Гэхдээ бага багаар суугаад дасаад ирэхээр хүүхэд аяндаа хөгжмөө бэлдэх  дур сонирхолтой болдог, утгаараа сууж сурдаг.  Би нэг суухаараа ихэвчлэн дөрөв, таван цагаар ариун цэврийн өрөө орохгүй, ус ч уухгүй суучихдаг.


YOLO: Хэдэн наснаасаа хичээллэж эхэлвэл тохиромжтой юм бэ?
- Хөгжим хөгжмөөсөө хамаараад мэдээж өөр. Эрт байх тусмаа сайн. Хүүхэд аливаа юмнаас залхаагүй, сониуч зантай байдгаас гадна хурдан ч юм хүлээж авна. Хөгжим яг хэл сурахтай ижилхэн. Хэлийг бага наснаас нь заачихаар өөриймшүүлээд авчихдаг шүү дээ. Гэхдээ бас хөгширчихлөө гээд битгий шантраарай. Хэлийг хөгшрөөд аажим аажмаар сурч болдогтой адилхан.

Жишээ нь: Морин хуурыг хүүхдүүд гурав, дөрвөн жилийн дотор сайн сурчихдаг. Ёочин хөгжим чавхдаст, цохилуур хөгжимдөө ордог болохоор арай хүнд санагддаг юм. Гарын хурд, уян хатан байдал, техник их шаарддаг тул арай олон жил зарцуулдаг. Гэхдээ хувь хүнээсээ хамаараад тав, зургаан жилийн дотор бол тодорхой хэмжээний чадвар эзэмших боломжтой.

YOLO: Хэд хэдэн улсын болоод дотоодын тэмцээнд амжилт үзүүлсэн гэж байсан. Энэ талаараа яривал?
- "Ая эгшгийн зургаан жигүүр" хэмээх ардын урлагийн зургаан хөгжим хоорондоо өрсөлддөг, хоёр жилд нэг удаа зохиогддог өсвөрийн хөгжимчдийн  улсын уралдаанд дунд насны  ангилалд 1-р байр эзэлж байсан.

Ахлах ангидаа тус тэмцээнд 3-р байр эзэлж байсан. Хоёр жилийн өмнө буюу 2015 онд АНУ-ын Вашингтон хотноо зохиогдсон “International festival of language and culture”  хэмээх хэл соёлын фестивальд монгол улсаа төлөөлж оролцсон.

YOLO: Аялгуу хамтлагаа танилцуулаач?
- Манай хамтлаг  Б.Энхтуяа багшаар ахлуулсан МХО-ны Ардын хөгжмийн “Аялгуу” хамтлаг. Хамгийн анх 1980 онд байгуулагдаж байсан юм билээ. Үе, үеийн “Аялгуу” нэртэйгээр хүүхдүүд маань төгссөн ах, эгч нарыгаа залгамжлаад явдаг уламжлалтай.

Ёочин, морин хуур, хуучир, лимбэ, ятга, их хуур зэрэг хөгжмийн зэмсгүүдийг багш минь өөрөө заагаад, сургаад явдаг. Зөвхөн хөгжим гэлтгүй дуулдаг, биелдэг, хөөмийлдөг, уран нугардаг гээд тал талын авьяастай хүүхдүүд бий. Миний хувьд ёочин тоглохоос гадна сонирхлоороо дуулдаг. Бид нар хамтлагаараа олон тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд олон улсын фестивалиудад амжилт гаргасаар ирснийг дуулгахад таатай байна.


Миний хувьд  Япон улс уруу илүү олон удаа явсан. Харин хамтлагийнхан маань хувьд Орос, Хятад, Европын улс орнуудаар явж байсан. Ахлах, дунд, бага сургуулиуд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн байгууллагуудад очиж урам зориг өгөх, Монголынхоо язгуур урлаг, ардын хөгжмийг сурталчлах зорилгоор явдаг.

Япон улс дахь аялан тоглолтыг зохион байгуулахад 23-р сургуулийн багш Танака Кеничи багш маань манай хамтлагийг ивээн тэтгэж, тусалдаг.  Өмнө нь хамтлаг маань хандивын тоглолт олон хийж байсан болохоор тэр хөдөлмөрийг нь үнэлээд сүүлд Засгийн газрын тэтгэлэгт "Jenesys 2.0" хөтөлбөрөөр Япон явсан.

Цунамид нэрвэгдэж байсан  газарт нь очоод, хүндэтгэл үзүүлэн тоглолт хийхээс гадна  Японы соёл, урлаг, шинжлэх ухааны салбар зүйлүүдтэй нь танилцаад тайлангаа тавьсан.  Тухайн орны соёл, уламжлал, ёс заншил, нийгмийн амьдралаас нь багагүй суралцах, танин мэдэх боломж олдсонд баяртай байдаг.

YOLO: Хандивын тоглолт зохион байгуулж байсан, цунамид нэрвэгдэгсдэд хүндэтгэл үзүүлсэн зэргээс харах юм бол. Зөвхөн хөгжим гэлтгүй хувь хүний хүнлэг зан чанарт шууд бусаар маш том боловсрол олгож байгаа юм байна гэж бодогдлоо.
- Эхэндээ хөгжмийг нотоо уншаад механикаар л тоглож сурдаг. Аяндаа тоглож байгаа нотдоо сэтгэлээ өгч амилуулдаг. Сэтгэлээрээ тоглоод ирэхээр зөвхөн хөгжим гэлтгүй, хүмүүстэй ч харилцахдаа илүү нээлттэй, сэтгэлээсээ хандаж эхэлдэг юм шиг санагддаг. Хөгжимчдөөс хүнд гэмт хэрэг хийсэн хүнийг олохгүй байх.

YOLO: Гадаадын улс оронд ардын хөгжмийг маань яаж хүлээж авдаг вэ?
- Монголчууд юм үзэж сураагүй хүмүүс. Тоглолт үзэхдээ бага насны хүүхдүүдээ орилуулаад, бусдад ч саад болоод байдаг талтай. Томчууд нь театрт очиж юм үздэг эсэхэд ч бас эргэлзэж байна. Хамгийн анх Японд очоод хоёр, гуравхан настай яслийн хүүхдүүдийн өмнө тоглосон.

Бараг цаг гучин минут үргэлжилсэн тоглолтыг эхнээс нь дуустал яс суугаад шимтэн үзэж байгаа нь ямар хөөрхөн гээч. Тэр жаахан хүүхдүүд бүгдийг нь сайн ойлгохгүй байсан ч тайзан дээрхийг хүндэлдэг, тоглолт үзэх соёл, хүмүүжил өндөр байсан гэж хэлж болно. Манай сургуулиуд бага насны хүүхдүүдийг урлагийн боловсролтой болгох үүднээс тоглолт, жүжиг үзүүлэх хөтөлбөрийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж би боддог.


Америкт  Варнер (Warner) театрын том тайзан дээр гарсан. Маш олон хүн байсан. Нир хийтэл, салют буудаж байгаа юм шиг алга ташилтаар хүлээж авсан нь сэтгэл огшоосон доо. Орон орноос авьяаслаг дуучин, уран бүтээлч хүүхдүүд ирсэн бөгөөд тасалбар нь олдохгүй байсан гэж сонссон.

YOLO: 13 жилийн турш энэ хөгжмөөр хичээллэхэд багагүй хэцүү үеүд тулгарч байсан байх?
- Морин хуур, хуучир хөгжмийг тоглож байхдаа өнгөө олох хэрэгтэй болдог. Ёочинг  хөглөөд өгчихдөг болохоор өнгөө олох шаардлагагүй давуу талтай. Хүүхдүүд "Чи яаж ийм олон утаснаас олж тоглодог юм бэ?" гэж их асуудаг. Олон тоглоод байхаар баримжаагаа олдог болно. Асуудал гэвэл байнга, удаан хугацаагаар суудаг болохоор нуруу өвддөг. Хүн чинь мэдэхгүй юмныхаа дайсан нь байдаг шүү дээ. Чадахгүй байна гэж орхилгүй болохгүй байгаа хэсгээ маш олон удаа тоглож байж л гараас гаргадаг юм. Дахин дахин хийх биш чадахгүй байгаа зүйл дээрээ ажиллах нь аливаа зүйлийг илүү хурдан хийж сурахад түлхэц болно. Зөвхөн хөгжим гэлтгүй бусад зүйл дээр ч гэсэн адилхан.

Хөгжим муухай дурсамж бүтээсэн гэхээсээ эсрэгээрээ ямар нэгэн муухай дурсамжийг арилгаж өгдөг байсан гэвэл илүү оновчтой юм байна. Тайвшраад л ирдэг... Удаан хугацаагаар бэлтгэл хийхээр бие ядардаг ч гэсэн стресс тайлагдаад, сэргэлэн болчихдог. Хөгжим минь бүр  яг найз шиг, амьд юм шиг мэдрэгддэг гээч. Сонин сонсогдож магадгүй. Улсын уралдаанд орохоосоо өмнө ёочинтойгоо ярьж байсан. Тэр үеийг эргээд бодохоор ёочиноо амьд, бодит гэж итгэсэндээ биш өөртөө итгэл, урам зориг өгсөн юм шиг санагддаг.

YOLO: Цаашдын хөгжмийнхөө карьерыг юу гэж харж байгаа вэ?
- Заавал мэргэжлийн хөгжимчин болох шаардлагагүй. Хэдийгээр хуулийн мэргэжлээр суралцаж байгаа хэдий ч  хөгжмөө тоглосоор байх болно. Заавал амжилт олох шаардлагагүй ч энэ нь намайг хөгжүүлсээр байгаа. Ямар нэгэн юмыг хийхгүй удахаар хийж чадахаа больчихдог ш дээ. Олон жилийн хөдөлмөрөө салхинд хийсгэчихгүйн тулд  бэлтгэлээ хийсээр байна.


YOLO: Ардын хөгжмөө тасралтгүй хөгжүүлэхийн тулд одоо үеийн хүүхдүүдийн минь хувь нэмэр маш их байгаа байх. Ардын хөгжмөөр хэр олон хүүхдүүд хичээллэж байна? Ардын хөгжим, сонгодог хөгжмөөс юугаараа онцлог гэж боддог вэ?
- Эцэг эхчүүд хүүхдүүдээ төгөлдөр хуур, хийлийн дугуйланд их явуулдаг. Сонгодог хөгжим үнэхээр гайхалтай. Төгөлдөр хуур бол бүх хөгжмийн зэмсгийн хаан. Дэлхий даяараа ч хамгийн түгээмэл. Гэвч хэтэрхий түгээмэл болохоор өрсөлдөгч ихтэй. Өрсөлдөхийг зорихгүй мэдээж сонирхлоороо явж болно.

Харин төгөлдөр хуураар олон жил хичээллээд олж авах үр дүн, ур чадвар ардын хөгжмөөр хичээллээд авахтай  адилхан гэж боддог. Хаана ч очоод төгөлдөр хуур тоглох, Монголынхоо уламжлалт хөгжмийг гаргаад тоглох хоёр асар ялгаатай. Гадаадын улс оронд ардын хөгжмөө тоглоод үзүүлэхээр ихэд сонирхон гайхалтай хүлээн авна. Ардын хөгжмөөр тоглож байгаа хүүхдүүдийн ихэнх нь морин хуураар хичээллэдэг юм шиг санагддаг.

Тэр хүүхдүүд нь хоёр гурван жил яваад больчихдог. "Үүлэн бор" ч юм уу сураад би хуур тоглож байна, чадаж байна гээд дундаас нь хаячихдаг. Энэ нь шинээр франц хэл сурч байгаа хүн хэдэн өнгө, хэдэн амьтан , тоо хэлж сурчхаад за би Франц хэл сурчихлаа гээд орхиж байгаатай ижил санагддаг. Өөртөө хувь нэмэр оруулъя, үр шимийг нь хүртье гэвэл тууштай л хичээллэх хэрэгтэй шүү.

YOLO: Ямар төрлийн хөгжим сонсох дуртай вэ?
- Өсвөрийн дуулаачдын "Дуулах өв" хэмээх ардын дуу, зохиолын болон хүүхдийн дуунуудыг сэргээх, өвлүүлэх зорилготой улсын уралдаан байдаг. Бүх аймгуудаас болон Улаанбаатар хотоос зуугаад хүүхэд оролцдог юм. Оролцогч бүр ардын нэг дуу, хүүхдийн эсвэл зохиолын нэг дууг сонгож дуулдаг гэхээр нэг хүүхэд хоёр дуу дуулна гэсэн үг.

Онцлог нь гэвэл бүх дуугаа амьд хөгжимтэй буюу манай хамтлагтай дуулдаг. Зуун хүүхдийн 200 дуу, тэр дунд дуунууд давтагдана гэж тооцоход 150 дууг хамтлаг маань богино хугацаанд сурч, бэлдэж тоглох болдог. Эндээс л бид арвин туршлага хуримтлуулахаас гадна, хүмүүс тэр бүр мэддэггүй сайхан ардын дуунуудыг сурдаг даа.

Миний бодлоор хүн ачаалалтай байх тусмаа илүү ихийг амжуулдаг, завгүй байх тусмаа өөртөө зав гаргадаг. Бид нар хичээлтэйгээ зэрэгцээд бэлтгэл, тоглолтуудаа зохицуулах шаардлагатай болохоор цагаа ч дэмий юманд үрэхгүйг хичээдэг. 


Би сонсдог дуу, дуулдаг дуу гэж ангилдаг. Өөрийнхөө хоолойд тохирох дуунуудыг болоод энгийн үед сонсдогуудаа тус тусад нь ангилна. Бараг бүх урсгалаар, англи орос япон франц дуунууд сонсдог. Хичээл хийж байхдаа ихэвчлэн классикууд сонсдог. Хүний тархи хүнд, чанга хөгжим удаан хугацаагаар сонсоод жаахан ядардаг.

Үгтэй дуу сонсохоор анхаарал сарниад байдаг учраас намуухан хөгжим сонсоод эрчимтэй хичээллэх дуртай. Манай үеийн залуус сайн мэднэ дээ "Штраусс"-ыг. Тom and Jerry хүүхэлдэйн киноноос түүний бараг бүх уран бүтээлийг сонсож байсан байх. Та бүхэнд Шопен, Штраусс нарын бүтээлүүдээс сонсоод хичээлээ хийж үзээрэй гэж зөвлөе.

YOLO: Үс чинь анхаарал их татаж байна. Одоо бол урт үстэй, урт үсээ хадгалж үлдэхийг хүсдэг хүмүүс тийм ч олон биш байх. Энэ магадгүй тоглож байгаа хөгжимтэй чинь холбоотой юу?
- Манай эмээ урт үстэй. Ээж бас их урт үстэй байсан. Эмээ урт үстэй хүн сайхан харагддаг гэдэг учраас ургуулаад л байна. Би бас чихээ цоолуулаагүй байж байгаад энэ жил цоолуулсан. Урт үс жаахан хэцүү санагддаг, арчлаад явбал эмэгтэй хүнийг чимдэг.

YOLO: Ярилцлагынхаа сүүлийн хормыг чамд үлдээе!
- Эцэг эхчүүд маань хүүхдээ хичээлээс нь гадуур юунд явуулах талаар санаа нь их зовдог. Тиймээс багаас нь хүүхдээ Хүүхдийн Урлан Бүтээх Төв, Монголын Хүүхдийн Ордон гэх мэт төвүүдэд явуулаарай гэж зөвлөмөөр байна. Гол нь цаг алдалгүй явуулаарай. Тэгж байгаад явуулна даа гэж байтал хүүхэд тань том болчихно. Хүүхэд, бяцхан дүү нартаа урлагийн боловсрол олгох нь тэдэнд юугаар ч үнэлшгүй том хөрөнгө оруулалт болно гэдгийг ахин дахин хэлмээр байна.

Алдартай математикч, инженер, зохиолч, улс төрчид хөгжмийн боловсрол эзэмшсэн байдгийг та бүгд мэднэ байх.  Заавал хөгжимчин болно гэсэн үг биш. Харин аливаа салбарт хөгжмөөр хичээллэсэн хүн илүү  амжилт үзүүлдгийг би өөрийн ах, эгч нарын туршлагаас харсаар байна.   Хавсарга, хос мэргэжлээр сурч, олон хэлийг ч мөн асуудалгүй эзэмшдэг гэдгийг баттай хэлнэ.

YOLO: Ардын хөгжмийн төлөөлөл болж ярилцсан чамд маш их баярлалаа. Бидний ярилцлага илүү ач холбогдол, ашиг тусын талаар байсанд миний хувьд баяртай байна. Сурлагын амжилт хүсье!
- Баярлалаа. Гэр бүлийнхэн, найз нөхөд, багш нар болон хамтлагийнхандаа мэнд хүргэмээр байна! Хайртай шүү.

#Music #Learning #Success