Д.Чимэдцэрэн: Аялахын тулд баян байх хэрэгтэй. Гэхдээ мөнгөөр биш...


Х.Арысхан | YOLO.MN
2017-09-27

Дэлхийн 20 гаруй орноор үүргэвчтэй аялал хийсэн Доржготовын Цэрэнчимэд гэх эмэгтэйг онцолж байна.  

Аялахын тулд баян байх шаардлагатай. Гэхдээ мөнгөөр биш... Хамгийн чухал нь миний олж мэдсэнээр хүсэл тэмүүлэл, чин сэтгэл, зорилго. Ганцхан аялалд ч биш. Бүх л зүйлд цаг хугацаа, чин сэтгэлийн зорилго хэрэгтэй. Тууштай байгаарай.  өсвөр насныханы аялах боломжийн талаар ярилцсан түүний яриаг хүлээн авна уу.

YOLO: Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та аялал хийж тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан шүү дээ. Насанд хүрэгчид гэлтгүй өсвөр насныхан үүргэвчтэй аялал хийж болох уу?
- Сайн байна уу, Таны асуусан дээрх асуултад өөрийн хэмжээнд хариулахыг хичээе.

Нэгт, мэдээж хувь хүн өөрөө л хүсэж байвал ямар ч насны хүн үүргэвчтэй аяллыг хийж болно. Харин насанд хүрээгүй бол гадагшаа өөр улс орнууд руу аялахад төрсөн эцэг эх юмуу албан ёсны асран хамгаалагчтай явахыг шаарддаг.

Энэ жаахан асуудалтай байж магадгүй. Харин Монгол орон дотроо бол хамаагүй ш дээ тиймээс цаашдын аялалдаа өөрийгөө бэлтгэх зорилгоор эх орондоо ойр зуурын аяллуудыг хийж болох юм.

Тухайлбал: галт тэргээр урагшаа Сайншанд Хамрын хийд, хойшоо Оросын хил хүртэл, мөн хот хоорондын автобусанд суугаад аль ч аймгийн төвүүд рүү явж очоод тэр хавиарх үзүүштэй газруудыг нь өөрийн боломжид тохируулан үзчихэж болно.

YOLO: Хэр эрсдэлтэй вэ?
- Замд гарахаасаа өмнө очих газруудынхаа талаар тодорхой хэмжээний судалгаа хийгээд шаардлагатай үед хэрэглэгдэх хэдэн төгрөгтэй байхад болно доо. Өөрөө л сонор сэрэмжтэй, болгоомжтой, яах гэж ямар зорилготой яваа билээ гэдгээ мартахгүй байхад хажуу хөндлөнгөөс гэнэт аюул осол тохиолдох нь гайгүй дээ.

Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Эргэлзсэн, ойлгомжгүй, бүрхэг мэдээлэл юмуу гайхаж тээнэгэлзсэн аливаа зүйлсийг цаг алдалгүй асууж тодруулж байх хэрэгтэй.

Дор хаяж 2-3 хүнээс асуугаад хариултууд нь нийлж байвал итгэвэл зүгээр тэгэхгүй бол ганц нэгхэн хүнээс асуувал худлаа хэлэх магадлал өндөр байдаг юм билээ.




YOLO: Та өсвөр насандаа аялж байв уу?
- Би өсвөр насандаа үүргэвчээ үүрээд аялж байгаагүй ч хөдөө байдаг байсан болохоор ойролцоох уул хад руу ганцаараа алхчихдаг байсан. Ер нь л ганцаараа байх, алхах дуртай хүүхэд байсан шүү.

Тэгээд зуны цагт мориор хонинд явах, өвөл юмуу сэрүүний улиралд бол тэмээгээр малд, усанд явах гоё санагддаг байсан. Мөн бага байхдаа мал их туудаг байлаа. Энэ нь хаваржаанаасаа зуслан руугаа нүүхдээ гэр бараагаа машинд ачиж явуулчихаад араас нь малаа туугаад 50, 60 километр явна гэсэн үг тэгэхдээ ихэнхдээ мориор явна.

Хаврын цагт төл жижиг, хонь мал тарга тэвээрэг муутай учраас их удаан явна. Тэгээд замдаа хээр хөдөө хонох, салхи шуурга тохиолдох гэх мэтчилэн адал явдал их тохиолддог байлаа. Хөдөөний иймэрхүү өдөр тутмын ажил үйл нь одоо ийнхүү үүргэвчтэй аялал хийхэд тохиолддог бэрхшээл саадыг ажрахгүй давахад бэлдэж өгсөн мэт.

YOLO: Аялал хүнд ямар хүмүүжил олгож, хүнийг ямар хүн болгож төлөвшүүлдэг вэ?
- Ямар ч аялал хүнд зөв, эерэг нөлөөтэй бөгөөд цаашид өсөн дэвжихэд нь маш чухал үүрэгтэй гэж боддог. Өөртөө итгэлтэй байж бие даасан шийдвэрүүдийг зоригтой гаргадаг болгоно, их эд хөрөнгө материаллаг зүйлс хэрэггүй юм байна гэдгийг ухамсарлуулж энгийн амьдралд сургана, байгаа зүйлстээ сэтгэл хангалуун байж өнгөрсөндөө харамсахгүй ирээдүйдээ санаа зовохгүйгээр жинхэнэ амьдарч чаддаг болгоно.

Товчхондоо бол хамгийн гайхамшигтай хувь тохиолоор "ХҮН" болж төрсөн учраас амьдарсан шиг л амьдрах ёстой юм байна гэдгийг ойлгуулна. Харин, хамгийн аймшигтай нь хэзээ үхэхээ мэдэхгүй болохоор амьд байгаагаа мэдэрч буй хором бүрээ хайрлах учиртай гэдгийг бас сануулна.





YOLO: Та аялснаараа өөртөө ямар боломжуудыг нээж, шинэ зүйлсийг олж авсан бэ?
- Аялалд гарснаар миний олж авсан хамгийн чухал зүйл бол жинхэнэ өөрийгөө таньсан, нээсэн, олсон. Мөн хүн өөрөө л хичээвэл боломжгүй зүйлс гэж байдаггүй юм байна, боломжууд зөндөө байна, хорвоо дэлхий уужим үзэх, харах, хийх, мэдрэх зүйлс хязгааргүй их шүү гэдгийг л ухаарсан.

YOLO: Та хүүхэд залуусыг аял гэж уриалмаар байна уу, битгий  аял гэж ятгамаар байна уу?
- Дээрх хариултуудыг маань уншсан хүн бүр аялалд гарахыг хүснэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс мэдээж өсвөр насныхан болоод залуусыг багаасаа л аяллын амтанд дурлаасай гэж хүсэж байна.

Бусад хүн хийж болоод байгаа зүйлийг "ТА" ч гэсэн хийж чадна шүү дээ ямар ч ялгаагүй. Харин жаахан ялгаа нь чин сэтгэлээсээ хүсэж байна уу үгүй юу л гэдэгт байна байх.

YOLO: Уншигч хүүхдүүдэд зөвлөгөө өгнө үү?
- "ХҮН" болж төрнө гэдэг ямар нэгэн онцгой үйлийг хийхээр цаанаасаа хувиарлагдсан мэт санагддаг. Тиймээс тэрхүү "даалгавар"-аа олж илрүүлэх хэрэгтэй. Энэ нь жинхэнэ өөрийгөө олж нээнэ гэсэн үг л дээ.

Түүнээс биш хэн нэгнийг дуурайж, хуулбарлаад баг зүүгээд яв гэсэн санаа биш. Мэдээж хүүхэд, залуу байхад юу хийх, ямар байх, би яг хэн бэ гэдгээ ч бүрэн таньж мэдээгүй "салхинд хийссэн хамхуул шиг" л явдаг, надад ч тийм үе байсан.

Харин энэ байдлаас гарахад "ганцаарчилсан үүргэвчтэй аялал" маань надад тусалсан юм. Үнэнийг хэлэхэд, хүн бүр аялалд дуртай ч бүгд аялагч болно гэж бодохгүй байна. Гэхдээ аялал чамд яг чиний явах учиртай замыг тодруулж өгнө.

YOLO: Баярлалаа.

#Travel #Money #Needs