Галт тэргээр аялах мөрөөдлөө биелүүлсэн нь


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-09-21

18 нас хүрэхээсээ өмнө "Галт тэргээр аялж үзэх" мөрөөдлөө биелүүлчихлээ. Энэ аяллынхаа тэмдэглэлийг та бүхэнтэйгээ хуваалцая.

Нэгдүгээр хэсэг: Аялал эхэллээ.

8-р сарын 4. 20:40. Дадлагын хугацаа ч дууслаа. Хавраас хойш, магадгүй түүнээс ч өмнө бодож эхэлсэн галт тэргээр аялах мөрөөдлөө биелүүлэх гээд Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн "0263" дугаартай галт тэргэнд суугаад явж байна. Бодогдсон бодлууд, мэдрэх мэдрэмжээ та хэдтэйгээ хуваалцах үүднээс энэхүү тэмдэглэлээ бичин сууна.

Анх удаа галт тэрэг гэгчид суух гэж байгаа болохоор төөрөөд арай гэж л олж ирлээ. Хамгийн гол нь билет дээрх дугаар нь галт тэргэн дээрээ байдаггүй юм байналээ. Тэгээд үүдэнд нь зогсоод билет шалгадаг эгчээс асуувал 9 дүгээр галт тэрэг гэж байгаа боловч хаанаас нь эхэлж тоолох нь мэдэхгүй. Бас болоогүй ээ, хэдэн гадаад дагаад онгоцны буудлынх шиг нүхэн гарцаар ороод нэг буудал дээр очсон чинь тэр нь хөдөө орон нутаг явдаг нь биш байж таарлаа. Эрт очсоны ачаар эргэн буцан явсаар суух хэсгээ олов.

Тэгсэн бас л асуудал дууссангүй, суух ёстой суудлаа олдоггүй ээ. Баахан тоо алийг нь ч гэж харах юм бүү мэд. Ашгүй нэг эгчийн буянаар суудалдаа суучихав . Ийнхүү 9 цагийн урт хэрнээ богино замдаа орлоо.

Ганцаараа аялах ер нь их гоё санагдаад байдаг юм. Өвөл Америкт байхдаа ч тэр, хүүхдүүд хэд хэдээрээ нийлээд л тэр хавийн музей, паркуудаар зугаалдаг байсан. Харин би ганцаараа дуртайгаа үзээд дургүйгээ өнжөөд л явна.

Сониноос та хэд киноноос харсан уу үгүй юу Вашингтон хотод нээх өндөр цамхаг маягийн юм байдаг шдээ. Тэрний хажуудах зүлгэн дээр дээш хараад хэвтэж үзсэн юм. Төрж өссөн таван ханатай гэр, багаас нь тэжээсэн нохой, хичээлээ хийдэг сургуулийн ширээ, унтдаг буйдан гээд бүх зүйл яг миний ар нуруунаас "дүүжлэгдчихээд" байж байгаа гэж бодохоор ер бусын мэдрэмж төрдөг юм байналээ.

Яг л нэг агуу том, бөөрөнхий зүйлийг гараараа тэврээд байгаа юм шиг...

Надад ачаа гээд байхаар зүйл тийм ч их байхгүй, Даннагаас авсан Kindle, хүргэн ахын Power bank, Nomadd-ын Чихэвч, Samsung-ын Galaxy S5, дотроо ганцхан ээлжийн хувцастай Emart-аас авч байсан цүнх, нэрийн хуудас хийдэг төмөр саванд хийсэн иргэний үнэмлэх тэгээд visa карт. Ингээд л болоо.

Энэ аялалд гарсан шалтгаан их сонин. Ер нь бол шалтгаан бараг л байгаагүй. 2 хоногийн өмнө Carpenters-ын дуунуудыг сонсоод хэсэгхэн хугацаанд нүдээ аниад, хаанаас хаа хүрч яваа талаараа бодсоноос ч болсон юм уу. Хоол авч өгдөг нэг найзын маань "Чи арай л уйтгартай амьдраад байна" гэж хэлснээс болсон ч юм уу. "Даалгаж" авсан таргаа "цайны" цамц дээрээ асгаснаас болсон ч юм уу. Нэг л мэдэхэд явах шийдвэр гарчихсан аль хэдийнэ зөвшөөрөл авах асуудалдаа орчихсон явж байв.

Зөвшөөрөл авахад ер нь их хэцүү байсан ч авч чадсандаа. Дараагийн нэг гарсан асуудал нь мөнгө байлаа. Ерөнхийдөө аяллаа тооцоод үзэхэд 30-40 мянган төгрөг болж байв. Дансанд маань 20 мянга байгаад байдаг. Мөнгө хүрэхгүй бол hitchhiking буюу замын унаанд дайгдана гэж төлөвлөж байлаа.

Тэгсэн гоё нь аялалд явахын өглөө буюу 8 дугаар сарын 4-ны өдөр хийсэн орчуулгын тооцоо, хэчнээн хоног "таг" болсон сайн дурын ажлын хөлс, YOLO.mn-ы урамшуулал бөөнөөрөө дансанд маань ороод ирэв. Бас аав, ээжээс ч мөнгө явуулдаг юм байна.

Ингээд санхүүгийн асуудал шийдэгдлээ. Энэ мэтээр яг хаашаа яваад, юуны төлөө ажиллаад байгаадаа бага зэрэг эргэлзээд сууж байсан надаас гэнэт гаргасан шийдвэр бодит болох замдаа орчихдог юм байна. Асуудлууд гараад байхаар сүүлдээ больдог юм билүү ч гэж бодсон, бодсон. Гэхдээ л хичээсээр байгаад яг одоо гал тэргэндээ суучихсан хүлээж буй адал явдалруугаа ойртож явна...

Хоёрдугаар хэсэг: Улаанбаатараас Сүхбаатар хүрэх зам.

Дээр дурдсанчлан арай гэж суудалдаа ирээд суулаа. Удалгүй 20 гаруй насны 4 эгч миний суусан хэсэгт ирээд суучихав. Ярианаас нь сонсвол тэмцээнд явж байгаа бололтой. За тэгээд найз охид нийлэхээрээ юу ярьдаг тэр бүгдийг л ярьж гарав. Алкохолын талдаа их юм ярьж байна шүү хаха. Осоржамааг ярьж байснаа, шорлог яриад, тэгээд гостуу байхдаа 10 шорлог идсэнээ, шартсан үед бэлэн гоймонгийн шөл их гоё гэх зэргээр их л зүйл ярилцана.

Галт тэрэг ч хөдөллөө. Нэг арагшаа болсноо хүчээ аван урагшиллаа. Нээрээ яагаад ухарч байгаад урагшаа зүтгэдгийг мэдэх үү? Галт тэрэгний бүхээг бүр хоорондоо чиргүүлийн гар шиг зүйлээр холбоотой байдаг шдээ. Хэрвээ галт тэрэгний толгой шууд хөдөлбөл холбоотой байгаа бүхээгүүдээ чирэхээр хэмжээний их хүч авч чадахгүй. Харин ухрангуут бүхээг хоорондын холбооснууд арагш болно. Ингэж ухарсны дараа урагш хөдлөхөд эхлээд толгой өөрөө хөдлөөд тодорхой хурд авсны дараагаар эхний бүхээгээ чирж хөдөлгөнө. Ингээд толгой+бүхээг багахан зайд хоёулханаа хөдлөх тул бас л тодорхой хэмжээний хүч авна. Энэ мэтээр толгой болон бүх бүхээг хөдөлдөг гэнэ лээ.

За 4 эгчийн талаарх яриандаа буцаад оръё. Ерөнхийдөө ярьж хэлж байгаа нь нэлээн танхай. (хаха)  Гэхдээ буруу юм бол ярихгүй байсан. Галт тэрэг хөдлөөд харанхуй болохын алдад бид 5 муушиг тоглохоор болов оо. За муушиг ч ингээд дуусдаг юм байна. 13, хөзөр гээд зөндөө л юм тоглолоо. Инээлдсээр байгаад зам дундаа орчихлоо. Тэд Зүүнхараа буюу 23:40 минутанд зогсох зогсоол дээр буух гэнэ. Миний олж мэдснээр тэр дөрвийн хоёр нь хүүхэдтэй. Гэхдээ гаднаас нь харахад залуухан.

Тэр дөрвийн чанга чимээг нэг настай эгч тэвчиж чадсангүй бололтой "хэдэн галзуу охидууд суучихжээ" ч билүү иймэрхүү маягийн юм арын тасалгаанд ярих нь сонсогдов. "Манай" эгч нар ч мөчөөгөө юу гэж өгөх вэ. Хөөрхөн хэрэлдээд л авч  байх юм. Ингээд тэдний буух цаг ч боллоо. Хэдийн таньдаг хүмүүс шиг "Баяртай, нэгдэхийн орой бид хэд буцна, ахиад таарах уу" гэсээр инээлдээд бууцгаалаа. Яагаад ч юм, их л дотно хүмүүс шиг санагдана. Аялал маань сайхан эхэлж байна. Сэтгэл нэг л өег. Хэрвээ энийг уншиж байвал та дөрөвтөө Амжилт хүсье! Хүүхдүүддээ бас мэнд хүргээрэй.

Зүүнхараагийн зогсоолоос хөдлөхөд тасалгааны шинэ хамтрагчидтай болчихлоо. 50 орчим насны хоёр ах, бас нэг эгч. Шөнө болж байгаа болохоор энэ хэд маань нойрмог байдалтай байх юм. Харин би бичээд л сууж байна даа. Өглөө 4:36 гэхэд буюу яг 4 цаг 1 минутын дараа Сэлэнгэ аймгийн нийслэл Сүхбаатар хотод очсон байна. Би нэг айлаас унадаг дугуй зээлэхээр таньдаг эгчээрээ дамжуулж тохирсон юм.

Айлд ямар үүрээр очилтой нь биш. Сүхбаатарын галт тэрэгний буудал дээр эсвэл хажууд нь байдаг цагийн 3 мянган төгрөгийн үнэтэй буудалд байж байгаад өглөө 7 гээд очихоор шийдэв. Энэ буудлыг Монголд ирж байгаа гадаад жуулчдын дунд Библэ нь буюу болох Lonely Planet- Mongolia-оос олж уншив. Тун дажгүй сонсогдоно.

Яг үнэндээ би Сайхны төгөл гэгч газрыг үзэх төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгээд явцын дунд шинэ үзэх газар, хийх зүйл гарч ирнэ гэж найдна. Магадгүй цааш хил даваад хэдэн сар явчихаж ч магадгүй. Угаас төлөвлөсөн зүйл төдийлөн биелдэггүй, харин хамгийн сайхан зүйлс төлөвлөөгүй байхад гарч ирдэг жамтай...

Бүхээгийн гэрэл үе үе анивчих нь Дементор ирж байгаа мэт...

Шинэ зүйл туршиж үзмээр санагдаад, суудлын дээр байх эвхэгддэг "ор" маягийн зүйл дээр хэвтэж байна. Багцаагаар 50 см өргөнтэй 180см урттай энэ зүйл цонхны доод хэсэгтэй нэг хэмд байрлана. Товчхондоо бол бараг цонхоор ойччихмоор. Гэхдээ чийг, өвсний үнэр сэвэлзүүр салхи, галт тэрэгний чимээ гэх зүйлүүд нийлээд бага зэрэг хүйтэн болохоос төгс мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ энэ орноос ойчих магадлал тун ихтэй юм хаха.

3:07. Явсаар л. Цонхоор орж ирэх хүйтэн салхи хамаг хувцас чийгтүүлчихлээ. Аяллын хийх хугацаандаа би аль болох бага мөнгө үрэхийг хичээх юм. Яг одоогийн байдлаар тасалбарын 7900+ хоёр зайрмаг 400+ жимс 6500= 14800 төгрөг үрчхээд явж байна. Гэхдээ авсан жимсээ идээгүй л явна. Өө, нөгөө дөрвөн эгчийн нэг муушигны тоо тэмдэглэж явсан балаа орхичхож... Бас уйдаад байвал хараарай гээд тасалбаруудаа үлдээсэн. Тасалбар дээрх регистрийн дугаарыг нь хараад насыг нь мэдчихлээ хаха. *Сүүлд нь нэг эгч “миний дүү балаа түр зээлж байгаач” гээд энэ балыг авснааэргүүлж өгөөгүй. Тэр балны хувь заяа их сонин юм.

4:17. Эцсийн буудал хүрэхэд ердөө 19 минут үлджээ. Үе үе бүхээгийн доторх гэрэл анивчих бөгөөд энэ л агшинд бүхээгт харанхуй зонхилж цонхны цаагуур жирэлзэн өнгөрөх модод улам тодрон харагдана. Гэгээ орох дөхжээ. Гадаа жиндүү байгаа нь тодорхой. Бүхээг дотор унтаж байсан хүмүүс сая л нойрноосоо сэрж байгаа бололтой. Тэнгэрийн хаяанд бүдэгхэн ч гэсэн шар бас улаан өнгөнүүд холилдон тодорно. Үүнээс цааш намайг ямар адал явдал хүлээж байгааг тааварлахын аргагүй.

Гуравдугаар хэсэг: 27 цагийн дараа.

Өглөөний 7 цаг 21 минут. За буцах галт тэргэндээ суугаад явж байна. Энд бараг 2-3 хоносон мэт сэтгэгдэл төрөвч яг үнэндээ ганцхан хоножээ. Нэг бодлын хэтэрхий богино гэвч эхний удаад хангалттай. Маргааш ажилтай учир явахаас өөр сонголт байсангүй. Өнгөрсөн 27 цагт юу тохиолдсоныг зав гарсан дээрээ одоо бичье.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод буугаад өртөөний байрны гадуур явж үзэж танилцав. Жуулчин шиг танилцуулга байхаар нь нэгийг аваад буудаллах буудлаа сонгож л суулаа. Тэгсэн нэг настай таксины жолооч ах "Алтанбулаг явлаа" гэж хашхирч байх юм.

Очоод үнийг нь асуувал нэг талдаа 3000 төгрөг. Гадаа харанхуй байсан тул би ч явахаар шийдлээ. Алтанбулаг нь хилийн заагт орших бөгөөд Сүхбаатараас 24 километр. Ерөнхийдөө бол энгийн нэг сум. Гэхдээ хилийн боомтоос цааш харвал Оросын Хиагт хот харагдах бөгөөд тэнд байрлах бөмбөгөр оройтой сүм нь Орос улс гэдгийг илтгэх ажээ.

Эндээс Орос руу орох тун амархан. 18 хүрчихээд заавал буцаж ирнэ гэсэн бодол тээсээр Сүхбаатарын зүг дахиад хөдөллөө. Энэ хооронд таксины ахтай нэлээд хууч хөөрлөө. Ямар ч зорилго байхгүй ингээд явж байгаа би түүнд их л сонин санагдаж байгаа бололтой. Ирсэн даруйдаа дугуй зээлэх хүнтэйгээ холбогдоод дугуйгаа ч авлаа. Ирэхээсээ өмнө үзэхээр төлөвлөж байсан ганц газар болох Сайхны хөтөлийг заалгаж аваад цүнхээ үүрээд явж өглөө дөө.

Аймгийн төвөөс гараад хатуу хучилттай замаар явсаар байгаад Сайхны хөтөл ордог гэж хэлсэн. Өнөөх хатуу замаар нь явж явж байтал зурган дээрээс харсан Сайхны хөтөлтэй адилхан уул харагдахаар нь тэрийг нь чиглээд баахан элстэй, жалга дундаар арай чүү л гэж явж байв. Зам товчилж байгаа хэрэг. Элсэн дунд дугуй жийх шиг хэцүү юм алга. Нэлээн удаан явсан ч газар хороож шалихгүй байлаа.

Азаар нэг үхэрчин өвөөтэй таараад асуутал "тэр уул биш ээ, буцаад замруугаа очоод түүнийгээ дагаад яв" гэх юм. За тэгээд дугуйгаа түрнэ, амарна, жийнэ гэх мэтээр урагшлаад л байлаа. Яг иймэрхүү хэцүү үед л өнөө хүсээд байсан адал явдал нь ирдэг юм шиг байгаа юм. Дугуй унах ямар ч бэлтгэл байхгүй. Модны сүүдэрт суугаад амарч байхдаа яах гэж ирэв ээ ч гэж бодож байлаа. Буцалтай нь биш явсаар байгаад эцэст нөгөө замдаа ахиад орлоо.

Яваад л байлаа. Google map-ын ачаар хэдэн километр үлдсэнийг харах боломжтой учраас бас ч гэж баримжаатай. Ингэж явсаар 2:30 минутын дараа буюу өглөөний 9 цагт Сайхны хөтөл дээрээ гарч ирлээ. Хөл бараг л мэдээгүй. Ядарсан гэж жигтэйхэн урд шөнө нь унтаагүй болохоор ч тэр үү нэг тийм амьд зомби маягтай. Дугуйгаа дор нь орхичихоод дээшээ гарч ёс төдий хэдэн зураг дарчихаад буцаж ирээд модны сүүдэрт хэсэг суув.

Эхэндээ дуртай дуунуудаа чихэвчээр сонсож байснаа сүүлдээ албаар хамгийн чанга дээр нь тавиад дугуйныхаа хажууд баахан суулаа. Хүмүүсийн надруу харж байгаа гэж жигтэйхэн. Тэр тусам нь илүү чангаар сонсоод л. Аяллын гоё нь энэ л байдаг байх. Хэнээс ч санаа зовохгүй өмсөж явсан хувцастайгаа цементэн шалан дээр суугаад л дуртай дуугаа сонсох...

Миний аялдаг зорилго бол хөшөө бүрийн өмнө зураг даруулах биш зүгээр л хэдэн жилийн дараа дурсах зүйлтэй байх юм. 30 минут орчим амарлаа.

Цүнхний оосор хүртэл хөлсөнд чийгтэй болсон байв. Төв рүү ороод хамгийн эхлээд сайхан усанд орохыг л бодно. Ингээд хотоос авч гарсан хэдэн жимсээ идчихээд буцан хөдөллөө. Ирэх гэж 2 цаг гаруй "үйлээ" үзсэн ч буцаж буухдаа ердөө 30 минутыг зарцуулсан байх юм. Бараг л дугуйгаа жийсэнгүй. Шааригдана гэж сайхан юм байна шүү дээ хаха.

Ашгүй нэг юм 10 цаг өнгөрч байхад аймгийн төвд дахин хүрч ирлээ. Сүхбаатар өртөөний хажуудах дэн буудалд байрлах санаатай хүрч очоод өрөө захиалах гэтэл үйлчлэгч эгч завгүй байх юм. Энэ далимаар нь усанд орохоор шийдээд халуун усны газар явлаа. 2500 төгрөг болон савангийн 2000 төгрөг төлөв. Хэрэндээ л цэвэрхэн болоод гарч ирлээ.

Буцаж дэн буудал руу очоод өрөөндөө ч орчихлоо. Ихээхэн өлссөн байсан тул гаднаас яг 5000 төгрөгөнд тааруулж идэх юм авчихлаа. Сайхан идэж аваад унтахаар хэвтэв. Нэг сэртэл хөлийн шөрмөс айхтар татаж байна аа. Бараг 2 зэрэг ч татаад байгаа юм уу бүү мэд. Санахнээ их л өвдөж байсан тэгээд нэг сэрээд хартал оройны 6 цаг болж байна аа хаха. Нар буухыг хүлээх зуураа Немо 2-ыг үзчихдэг юм байна.

Нар буусны дараа гарч хоттой танилцлаа. Нэг хөл жаахан хөндүүртэй байсан болохоор тийм ч их явж чадаагүй бөгөөд хүний дугуйг буцаах өгөх цаг ч дөхөж байсан юм. Голын эрэгт 10 минут дуу сонсчихоод буудалруугаа харилаа.

Өрөөндөө ороод өдрийн үлдээсэн талхаа ундаагаар даруулж идэнгээ нийт хэдэн төгрөг үрснээ тооцож үзэв.

Буудлын үнийн 15000, хоолны 5000, халуун усны 5000, цэвэр усны 1500, таксины 600, буцах тасалбарын 7900-г нэмбэл нийт 35000.

Үүнийгээ аяллын эхний өдөр зарлагадсан 14800 дээрээ нэмээд 49800 төгрөг болж байлаа. Төлөвлөснийг бодвол их ч боломжийн зардал шүү. Уул нь мөнгө хэмнэх боломж их л байсан. Жишээлбэл 6000 төгрөгийн үнэтэй дэн буудалд буух, усанд орохгүй байх гэх мэт. Уул нь нэг спонсор байгууллагатай болчихвол их зүгээр байгаа юм. Миний аялал угаас тийм ч их зардалтай биш. Хэрвээ миний зардлыг даагаад аялуулдаг байгууллага олдвол нээрээ тэнгэрт тултал магтаад өгнө дөө хаха.

Бичиж байх зуур галт тэрэг маань ч хөдөллөө.

Энэ удаагийн бүхээгийн хань маань 45 настай, гагнуурчин мэргэжилтэй, 3 хүүхэдтэй ах байлаа. Ажил, залхуурал гэж явсаар байгаад аялал эхэлснээс10 хоногийн дараа буюу 8-р сарын 15-нд бичиж байгаа ач тэр ахын хэлсэн үг бүрийг тодхон санана. Сүхбаатараас Дархан хүрэх 2 цагийн туршид тэр ах бараг л ам хуурайгүй ярьсан даа. Нэрийг нь ч мэдэхгүй тэр ах орж ирэхдээ "суудал доогуураа багажаа (хадаасны лоом шиг зүйл) хийчихье, буухад сануулаарай ах нь мартамхай шүү" гээд инээсээр орж ирсэн. Энэ нээлттэй байдал нь ч надад их таалагдлаа.

Гадаад байдлаас нь дүгнэвэл бидний нэрлэдгээр "бөбөөчин", багадсан хувцас, бага зэрэг ширэлдсэн үс, муруй хамар. Надад амьдралаа бараг тэр чигт нь ярьсан. Гэхдээ галт тэрэгний чанга дуунаас болоод зарим үг нь сонсогдохгүй нөхөж ойлгосоор байв.

Ахын ярьсныг базаад бичвэл: Ах нь багадаа ганган явсан үе бий, хамар маань ч ийм байгаагүй юм. 18 нас хүртлээ сайн ээж, аавын буянаар бишгүй сайхан явсан. Гэхдээ их ухаан муутай байж. Миний дүү эрдэм номоо л сайн сур. Ирээдүй яг л та нар шиг залуусын гарт байгаа шүү. Залуу хүн ухаантай байх хэрэгтэй. Амьдрал их хэцүү. Ямар сайндаа л ах нь хүүхдүүдийнхээ хувцсыг өмсөөд явж байхав. Гагнуурчнаас өөр мэргэшсэн мэргэжил байхгүй надад барилга дээр ажиллая гээд ч нас маань хөгшдөөд ер болохгүй. Эрдэм мэдлэг гэдэг л туйлын чухал. Ингэсээр ахын буух буудал ч дөхлөө. Ахын нэрийг ч би мартчихаж. Сэтгэлээ тэр чигт нь уудалсан гэдгийг түүний нулимс гэрчлэх мэт...

Аялал цааш үргэлжлэв. Хот дөхөх тусам шинээр нэмэгдэх хүмүүс ихсэх бөгөөд хот хүртэл цонхоор харсаар явлаа. Одоо гэртээ очоод сайн хоол идчихээд амрах минь...

9-р сарын 2. Өнөөдөр л тэмдэглэлийнхээ төгсгөлийг бичиж дуусгах хувьтай байж. Бороо, дэр, гэрэл, дуу гээд л яг төгс байдал.

Энэ аялал надад бусдын бодол, өдөр тутмын  асуудлууд, нэгэн хэвийн тогтсон зүйлсэд хэзээ ч баригдаж болохгүй, юу хүснэ түүнийгээ л хийх хэрэгтэйг ойлгуулж өгсөн. Дараагийн удаа илүү хол аялж их зүйлсийг өөрөө ойлгон ухаарч, түүнийгээ бусдад ч гэсэн түгээхийг хүснэ. Сүүлийн үед мөнгөө хурааж байгаад хойд хөршрүү аялахыг хүсэх болсон ч оюутан надад тэр их мөнгийг олох хүртэл удах нь тодорхой. Гэхдээ л хүсэл, зорилго байхад болно доо.

Эргээд санахад уг 2 хоногийн аялал маш гэнэтийн зүйл байжээ. Өмнө нь бичсэнчлэн гэнэтийн зүйлс л хамгийн сайхан. Одоо ч гэсэн хаа хүрэх нь хамаагүй галт тэргэнд суугаад цонхны цаагуур өнгөрөх модод, өөдөөс хараад суух хүмүүсийг ажиглаж шинэ зүйлстэй танилцахыг хүснэ.

Ер нь л бидний амьдрал галт тэрэг шиг, тийм ээ? Заримдаа галт тэрэгнээсээ бууж цэвэр агаар амьсгалж болох ч удаж болохгүй урагшлах хэрэгтэй байдаг. Буугаад үлдэх боломжтой зөндөө л буудлууд тааралдана. Гэсэн ч бид хэн нэгнийг дагаад буучихаж болохгүй өөрийн буух буудал, явах чиглэлээ өөрөө л сонгох нь зүйтэй. Магадгүй хол явлаа гээд бид аз жаргалтай нэгэн болохгүй.

Учир нь алт тэргэндээ хэтэрхий удаан суугаад байвал борооны сайхныг, нарны дулааныг, цасны хүйтнийг мэдэрч чадахгүй шүү дээ. Тийм болохоор аяллаа үргэлжлүүлэх үү эсвэл буух уу гэдгээ байнга өөрөөсөө асууж байгаарай.

Бидний амьдралд аяллын эхэнд гардаг шиг эерэг энергитэй 4 эгч шиг үргэлж инээд бэлэглэх хүмүүс орж ирнэ, эсвэл зовлон үзсэн ч гүрийгээд л амьдарч байгаа тэр ах шиг хүмүүс орж ирнэ. Тэднээс сурах зүйл маш их. Яагаад гэвэл тэд бүгд өөрсдийн бахархалтай, айдастай, мөрөөдөлтэй бас ТҮҮХТЭЙ.

"Ирээдүйд бичих тэмдэглэлүүдийг минь уншихыг хүсвэл миний facebook хаягаар зочлоорой. Баярлалаа."

#18years #Train #Travel