iOS 11 үйлдлийн системийг яг одоо суулгах шаардлагатай юу?


А.Ихсанаа | YOLO.MN
2017-09-20

Өнгөрсөн шөнөөс шинэчлэгдэж эхэлсэн iOS 11 үйлдлийн систем хэрэглэгчдэд олон шинэ боломж, шинэ горимуудыг санал болгож байна. Гэвч нэг асуудал нь таны хэрэглэдэг зарим аппликейшнүүд энэ системээс эхлэн ажиллахгүй болж магадгүй.

Үндсэндээ сүүлийн хоёр жил шинэчлэгдээгүй аппликейшнүүдийг та ашиглах боломжгүй болно. Жишээлбэл хөгжүүлэгч нар нь аппликейшнээ цааш хөгжүүлэхээ больсон боловч хэрэглэгч нар нь байсан хэвээр байдаг.

Харин iOS 11 үйлдлийн системээс эхлэн Apple 32 бит аппликейшнүүдийг дэмжихгүй болж байна. Компани 2015 оны зургадугаар сараас хойш 64 бит дэмждэггүй аппликейшнийг батлахаа больсон учраас хэрэглэгчдийн хувьд санаа зовох зүйл тун бага.
 
Хэдий тийм боловч Sensor Tower шинжилгээний компанийн тооцоолсноор iOS 11 үйлдлийн систем хэрэглээнд нэвтэрснээр 187 мянган аппликейшн ашиглах аргагүй болжээ. Ажиллагаагүй болсон аппликейшнүүдийн дийлэнх нь хувь хөгжүүлэгч нарын бүтээл юм.
 
Гэхдээ Дисней, Американ Экспрессийн ганц нэг аппликейшнүүд мөн жагсаалтад багтжээ. Хэрвээ та хараахан үйлдлийн системээ шинэчлээгүй байгаа бол "Settings-General-About-Applications" гэсэн дарааллаар орж таны төхөөрөмж дээр байгаа аппликейшн шинэчлэгдэх эсэхийг хараарай.
 
Жагсаалтад ямар ч аппликейшн харагдахгүй бол таны ашигладаг аппликейшнүүд бүгд 64 бит дэмждэг гэсэн үг учир санаа зоволтгүй. Гэхдээ iPhone 5S болон түүнээс хойшхи төхөөрөмж хэрэглэдэг хэрэглэгч нар iOS 11 системийг суулгаснаар олон шинэ боломжийг ашигладаг болно.

Ихэвчлэн АЛДАА гардаг

 

Шинэ үйлдлийн системийн хувьд ихэвчлэн ямар нэг алдаа илэрдэг учраас та заавал өнөөдөр суулгах гэж яарах ч шаардлагагүй. Олон хэрэглэгч суулгаад, алдааг нь олоод анхаарал татаж эхэлбэл Apple удахгүй шинэчилсэн хувилбарыг нь гаргана.

Жишээлбэл iOS 10 үйлдлийн систем анх гарч байхдаа хэрэглэгчдийн төхөөрөмжийг гацаах, хүчээр бүх системээ шинэчлэх зэрэг үйлдлийг хийлгэж байсан.

 

 


СИСТЕМ ШИНЭЧЛЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХЭРЭГЦЭЭТЭЙ ЗҮЙЛСЭЭ ХАДГАЛЖ АВААРАЙ

Backup хийх нь үйлдлийн системээ шинэчлэхээр шийдсэн хэрэглэгчийн хамгийн түрүүнд хийх ёстой зүйл. Ямар нэгэн алдаа гарах магадлал тэгтэй тэнцэхгүй учраас шаардлагатай зүйлсээ заавал хадгалж аваарай.

Түүнчлэн шинэчлэл хийхэд Wi-Fi сүлжээнд холбогдсон байх эсвэл компьютероор дамжуулан iTunes ашиглах хоёр сонголт бий. Хэрвээ Wi-Fi ашиглаж шинэчлэхээр бол сайтар цэнэглэж байгаад шинэчлээрэй.

Шинэ үйлдлийн систем iPhone төхөөрөмжтэй хэрэглэгч нарт ямар шинэ боломж нээж буйг "Өнөөдөр шинэчлэгдэх iOS 11-ээс юу хүлээх вэ?" нийтлэлээс уншаарай.

#iOS11 #Updated #Drive