ЗАХИДАЛ: Тэр намайг сүүлдээ бүр дээрэлхэх болсон...


ССҮТөв | YOLO.MN
2017-09-18

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүний нөлөөнд өртөх гээд байсан болохоор өөрийгөө түүнээс татаж авсан юм

"Найз нөхөд, үерхлээс илүү хичээл, мөрөөдөл минь чухал байна" гэтэл тэр ингэх байсан юм бол яах гэж найзалсан юм гэдэг байгаа шүү.

Сайн байна уу. Өнөөдөр надад нэг хөгтэй ч гэмээр юмуу, хэцүү ч гэмээр юмуу нэг зүйл тохиолдсоныг би шийдэж чаддаггүй ээ.

Одоо би 8-р анги ба зорилгоо ухамсарлаад, хичээлдээ идэвхтэй бэлдэж эхэлсэн юм. Надад ер найз байдаггүй, байх ч хэрэггүй гэж боддог. Гэтэл 7-р ангид нэг охин шилжиж ирсэн юм. Манайх англи хэлний сургууль болохоор би түүнд ойлгохгүй зүйлийг нь тайлбарлаж өгсөөр байгаад бараг найзууд болсон.

Харин сүүлд нь бүр маш сайн найзууд болсон юм. Надад гэхдээ түүнтэй буу халж суухаас илүү номын сан орж хичээлээ хиймээр санагддаг. Гэтэл тэр хөөрхөн дээрээ сургуулийн од болохоор бүх хүүхдүүдтэй нийлдэг, гадуур тэнэдэг, хичээл "пялдаг" юм л даа. Би түүний нөлөөнд өртөх гээд байсан болохоор өөрийгөө түүнээс татаж авсан юм. Гэтэл тэр уурлаад бөөн юм болсон. Би ямар түүний эд бараа биш, заавал хажууд нь дагаж, дагуул нь болох ёстой юм гэнэ.

Сүүлд нь бүр би түүнээс уйлан байж "Надаас холдоод өг. Найз нөхөд, үерхлээс илүү хичээл, мөрөөдөл минь чухал байна" гэтэл тэр ингэх байсан юм бол яах гэж найзалсан юм гэдэг байгаа шүү.

Эцэст нь зуны амралт эхэлж, би бусад хүүхдүүдээс хангалттай өөрийгөө тусгаарлаж, хичээлээ хийж, дутагдалтай хичээлдээ сайжирсан. Гэтэл хичээл орохоос хэд хоногийн өмнө өнөөх чинь над руу "Чамгүйгээр дутагдаад байна. Буцаад найзаля гэхээр нь сэтгэл хөдлөөд зөвшөөрчихсөн. Гэвч тэр надтай найзлахаас илүү дээрэлхэх болсон. Ямар нэгэн буруу зүйл хийвэл өөр нэг дээрэлхүү найзтайгаа нийлээд намайг дарамтлана.

Энэ явдал бүр маш олон удаа давтагдсан. Мөн тэр эрэгтэй хүүхдээс болж маяглаж, уйлж янз янз болдогт нь дургүй тул би нэг өдөр "Жоохон юм байж, хөөрхөндөө бардчихсан" гээд хэлтэл тэр нөгөө ангийн аймар дээрэлхүү, хэл амтай охиныг авчраад хоол идэж байтал хүрж ирээд "Чамд бусдыг ингэж хэлэх эрх байгаа юм уу, тэнэг мал, царай муутай, ном хичээл гэж маяг хөөдөг" гэсэн. Тэгэхээр нь би шууд л зугатаад, анги руугаа ороод уйлчихсан. Би маш удаан тэвчиж байна. Надад тэвчээрийн хязгаар гэх зүйл байдаг шүү дээ.

"Надад уг нь ингэж уйлж маяглах эрх байхгүй" гэж өөртөө хатуу шаардлага тавьдаг ч, энэ удаад надад маш хүндээр туссан юм. Гэм нь хэн нэгэн намайг дээрэлхэж, загнаж байвал би өөрийгөө хамгаалж, хариу хэлчихэж ч чаддаггүй. Үнэхээp сул дорой санагддаг.

Би яах вэ? Бусдаас өөрийгөө хамгаалж чаддаг, хэрүүл хийхгүй ч гэсэн эвтэйхэн аргалаад зугтчихдаг болмоор байна.

ЖИЧ: Мөн энэ захидлыг минь бусад надтай адил зовлон тохиолдсон хүүхдүүд уншаасай гэж хүсэж байна. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Гэхдээ ингэж мэдэрлээ гээд чи үнэхээр сул дорой хүн гэсэн үг биш

Чамайг энэ нөхцөлд хүрэхэд нөлөөлсөн хэд хэдэн алдаатай бодлууд байх шиг ажиглагдлаа.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Өөрийгөө сул дорой мэтээр мэдэрнэ гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ ингэж мэдэрлээ гээд чи үнэхээр сул дорой хүн гэсэн үг биш. Чи өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэг, түүнийхээ төлөө найзаасаа хүртэл татгалзах шийдвэр гаргасан байна шүү дээ. Энэ сул дорой хүний хийх алхам мөн гэж үү? Тиймээс хэсэгхэн зуур төрсөн сөрөг мэдрэмжид өөрийгөө захируулахаа болиод илүү өөртөө итгэлтэй, өөдрөг байгаарай. Гэхдээ чамайг энэ нөхцөлд хүрэхэд нөлөөлсөн хэд хэдэн алдаатай бодлууд байх шиг ажиглагдлаа.

1. Нэг бол найз нөхөд эсвэл хичээлээ сонгох ёстой. Яагаад хоёуланг нь сонгож болохгүй гэж?
2. Найзыгаа байнга чөлөөт цагаараа дагаж хамт явах ёстой. Үгүй. Найзууд гэдэг бие биенээ улам хөгжиж сайн хүн болоход нь тусалдаг хүмүүс болохоос хамт цаг нөхцөөдөг хүмүүс биш. Тиймээс чи хүсэхгүй байгаа бол заавал хичээлийн дараа хамт байх албагүй. Хэрэв тэр чамайг өөрийнхөөрөө байхыг зөвшөөрөхгүй, эсвэл чи түүнтэй байхдаа өөрийнхөөрөө байж чаддаггүй бол энэ харилцаанд ямар нэг алдаа байна. Тиймээс бодож үзээд хэрэгтэй бол зайгаа барьж болно.
3. Уйлах бол маяглаж, сүржигнэж байгаа үйлдэл. Үгүй. Харин ч эсрэгээрээ уйлж байгаа хүн бол сэтгэл хөдлөлөө ойлгож хүлээн зөвшөөрч чадаж байгаа буюу хүчтэй хүний үйлдэл.

Чамд хэрвээ хэцүү байвал уйлж болно. Үүнтэй адилаар найзад чинь ч хэцүү санагдсан болоод л уйлж байгаа. Хүн хүний хувьд хэцүү мэдрэмж төрүүлэх зүйлс нь өөр өөр байдаг шүү дээ. Тиймээс өөрийгөө бас бусдыг байгаагаар нь хүлээж авч байгаарай. Хэрэгтэй гэвэл чи найздаа хэлсэн зүйлдээ үнэн сэтгэлээсээ уучлал гуйж болно.
Хичээлээ хийх нь мэдээж зөв, хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг чухал. Үүний хажуугаар бусадтай харилцах харилцаандаа ч гэсэн анхаарч байхыг зөвлье. Бид энэ цаг мөчид хамтдаа амьдрахаар л төрсөн шүү дээ.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Lesson #Friends #Bully