Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би одоо яах ёстой юм болоо, надад туслаач!
Сайн байна уу. Намайг Б гэдэг, 18 настай
Би өөрийн хайртай охин болох А-тай 2015 оны 10-р сард танилцсан юм. Хоёр, гурван сар чаталж нэлээд дотноссон юм аа. Гэнэт л нэг өдөр надад хайраа илчилж намайг бүр шоконд оруулсан. Тэгээд тухайн үед би “чи надад үнэхээр таалагддаг гэхдээ хоёуланд нь хугацаа хэрэгтэй .......” г.м тиймэрхүү зүйл ярьснаас хойш нэг л сонин болчихсон (Би маш том алдаа хийчихсэн юм аа).
Тэрнээс хойш тэгээд нэг л хүйтэн хөндий болоод харьцаа маань нэг л тиймэрхүү болчихсон. Тэгтэл нэг өдөр цахим хаягнаасаа намайг блоклочихсон, харьцах ямар ч боломжгүй болсон байсан. Тэгээд нэг өдөр мессэж ирсэн нь “Хоёулаа харилцаагаа тасалъя аа” гэхэд нь би нэлээд уучлалт гуйсан ч ерөөсөө эргэж хариу бичээгүй. Mаргааш нь би "Би чиний хувьд хэн ч биш болчихсон уу, магадгүй чи өөр хүнд дасчихсан юм уу? Тийм бол би чамайг тавьж явуулъя даа” гэхэд хариуд нь “Надаа хайртай хүн байхгүй л дээ. Мөн хүнтэй үерхэх хайрлах сонирхол алга тэгээд харьцаагаа тасалсан” гэж ирсэн.
Тэгтэл хэдэн долоо хоногийн дараа тэр маань сайн найздаа миний тухай ярихгүй гэчихээд л өөрийн мэдэлгүй яриад байдаг гэснийг нь би сонссон. Мөн над руу найзын хүсэлт явуулчихсан байсан. Тэр хүний яах гээд байгаа нь мэдэгдэхгүй юм. Би одоо яах ёстой юм болоо, надад туслаач?
Зөвлөгөө: Өөрийнхөө байр байдлыг тодорхой хэлж, түүний бодлыг сонсоорой
Сайн байна уу?
Энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрвээ чи үнэхээр тэр хүнд хайртай бол түрүүлж хөдөлсөн нь дээр. Учир нь эмэгтэй хүн их бүрэг ичимхий байдаг. Тэр хүн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаад яахаа мэдэхгүй эргэж буцаад байж болох юм. Яагаад гэвэл чи түүнд татгалзсан хариу өгсөн учраас тэр чамд маш их гомдсон байх. Хамтдаа ярилцаж үзээд тодорхой шийдэлд хүрсэн нь дээр. Өөрийнхөө байр байдлыг тодорхой хэлж, түүний бодлыг сонсоорой. Хамгийн чухал нь ямар ч асуудлыг шийдэхдээ биечлэн уулзаж байж шийдэх хэрэгтэй. Хол зайнаас, чат, мессэж ашиглан харилцах нь хамгийн буруу шийд гарахад нөлөөлдөг юм шүү.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх