Энтэртайментаа амжилтад хүргэсэн АЛДАРТНУУД


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-09-11

Өдгөө К поп урсгал дэлхий дахинд хүчээ авч буйн хамгийн том шалтгаан бол тухайн хүмүүсийн авъяас чадвараас гадна сайн энтэртайментийн зохион байгуулалт юм.

Өмнөд Солонгост сайн агентлагаас дуучин болж гарч ирэх, хэчнээн авъяастай байсан ч бие даан гарч ирэх хоёрт асар их ялгаа гардаг байна. Тухайлбал алдартай энтэртайментийн дуучид түргэн хугацаанд олонд танигддаг бол шинэхэн хамтлаг, дуучид асар их хүчин чармайлтаар үзэгч, фэнүүдтэй болдог аж.

Харин "DC Inside" болон "My Celeb" форумаас энтэртайментаа амжилтад хүргэсэн 3 алдартныг шалгаруулжээ.

Boa /SM энтэртаймент/

SM энтэртайментийн соло дуучин Буа (Boa) энэхүү жагсаалтын нэгдүгээр байранд бичигдсэн бөгөөд нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 34,8% нь түүнд саналаа өгсөн байна.

Тэрээр 2000 онд анх дуучин болж Кпопын тайзнаа гарч ирсэн бөгөөд 2001 онд Японы зах зээлд орсоноор "Азийн од" хэмээх нэрийг авчээ. Учир нь дуучин болоод ганцхан жилийн дараа өөр улсын урлагийн  зах зээлд амжилт үзүүлнэ гэдэг тухайн үед маш том амжилт байв.

Ийнхүү Өмнөд Солонгосчуудын сонголтоор түүнийг SM-ийг Солонгос төдийгүй Азид ноёрхсон энтэртаймент болоход хамгийн чухал нөлөө үзүүлсэн хэмээн нэрлэжээ.


BIGBANG /YG энтэртаймент/

Удаах байранд орсон Bigbang хамтлагийн хувьд нийт судалгаанд оролцогчдын 14,7%-ийн саналыг авсан байна. Тэд 2006 онд урлагийн тайзнаа гарч ирсэн бөгөөд энэ мөчөөс  YG энтэртайментийн алдар нэр цуурайтжээ. BIGBANG хамтлаг зөвхөн  урлагийн тайзнаа гэрэлтээд зогсохгүй, загварын ертөнцөд ч шинэлэг шийдэл болж чадсан байна. Маш олон хүн BIGBANG-ийн ачаар YG Өмнөд Солонгосын шилдэг энтэртайментүүдийн нэг болж чадсан гэдэгт дуу нэгтэйгээр "тийм" гэж хариулдаг аж.


BTS /Big Hit энтэртаймент/

Сүүлийн үед Өмнөд Солонгос төдийгүй Азид алдаршаад байгаа BTS-ийн залуус гуравдугаар байранд бичигджээ. Тэд "Billboard Music Awards"-аас шагнал авснаар үндэсний , төдийгүй олон улсын хэмжээнд яригдахуйц шилдэг хамтлагуудын нэгээр нэрлэгдэх болсон юм. Харин тэдний нэр хүндийг дагаад Big Hit энтэртайментийн үнэ цэнэ, алдар нэр эрс өссөн хэмээгээд нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 11,2% нь BTS хамтлагт санал өгчээ.

Мөн энэхүү жагсаалтад IU, Girlfriend, Infinite болон Mamamoo нар багтсан байна.

#Kpop #Stars #Entertainment