Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би түүнд сайн гэдгээ хэлэх гэхээр нэг л болж өгөхгүй, зориг хүрэхгүй юм
Сайн байна уу . Би одоо 16 настай 11-р анги. Нэг охинтой гурван жилийн турш чаталж байна. Анх бид хоёр нэг анги байсан юм л даа. Тэр үеэс байнга өдөр бүр чаталж эхэлсэн. Дараа жил нь бид хоёул хоёулаа өөр сургууль руу шилжсэн. Гэхдээ азаар ойрхон хоёр сургууль руу шилжсэн л дээ. Бид хоёр хааяа хичээлээ тараад уулзаж гадуур явдаг юм. Бие биенийхээ талаар бараг л бүгдийг мэднэ. Тэрэнд сайн хүн, найз хөвгүүн аль аль нь байхгүй. Би түүнд сайн гэдгээ хэлэх гэхээр нэг л болж өгөхгүй, зориг хүрэхгүй юм. Зөвшөөрөхгүй бол яах вэ? гэж бодсоор гурван жил боллоо. Яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Дараа нь харамсаж суухаар хэлээд үзэх үү, хэзээ ч мэдэгдэхгүй дэргэд нь байж нууцхан харж явах уу?
Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Бүтэн 3 жил хүлээнэ гэдэг чамгүй их тэвчээр шүү. Харин энэ хугацаа уртсах тусам чи түүнийг өөр хүнд алдах магадлал өсч мэдэх юм. Түүнтэй энэ олон хугацаанд хамт байсан тул чи түүнийг тодорхой хэмжээнд сайн мэдэж байгаа байх. Тиймээс чи сайн гэдгээ хэлбэл хэрхэн хүлээж авах вэ, ер нь хүлээж аваад найзын харилцаанаас өөр зүйл бий болох боломжтой эсэхийг юутай ч эхлээд сайтар бодоод үзээрэй.
Дээрхийн талаар бодож үзсэн бол энэ хэвээрээ дэргэд нь байгаад найз нэртэй байж хэн нэгэнд алдах нь дээр үү, эсвэл харилцаа урдынх шигээ болохгүй байж болох ч үнэнээ хэлээд нэг удаад оролдоод үзэх үү гэдгээ бодоорой.
Чиний асуудалд зөв хариулт бараг л байхгүй. Учир нь сэтгэл гэдэг “эрхтэнд” тодорхой жолоодлого байдаггүй шүү дээ, бүгд чиний юу хүсч байгаагаас, тэрний хувьд хэн баймаар байгаагаас илүү шалтгаалах болно. Дараа нь харамсаж суухаар хэлээд үзэх үү, хэзээ ч мэдэгдэхгүй дэргэд нь байж нууцхан харж явах уу, чи юуг хүсч байна?
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх