ЗАХИДАЛ: Аав миний утсыг шалгаж би баригдсан. Тэгээд бид салсан…


ССҮТөв | YOLO.MN
2017-09-05

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би ээж аавынхаа дэргэд хүчээр инээдэг

Би түүнийг цорын ганц найз минь, анхны найз хөвгүүн гээд алдахыг огтхон ч хүсдэггүй байсан.

Сайн байна уу? Гоё зөвлөгөө өгдөгт баярлалаа. Би 14 настай, охин. Би бусад охидууд шиг охидуудаараа нийлж, зугаалж явдаггүй. Ер нь л ангийнхантайгаа харилцаа муутай. Би интернэтээр тоглоом тоглож байгаад нэг хөвгүүнтэй танилцсан. Тэр надаас 2 насаар ах. Бид facebook-ээр  танилцсан. Надад найз байдаггүй учир надад маш гоё байдаг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам бид бие биедээ улам л дасаж байсан. Нэг өдөр тэр надад сайн гэж хэлээд "хоёулаа үерхье" гэж гуйсан. Би түүнийг цорын ганц найз минь, анхны найз хөвгүүн гээд алдахыг огтхон ч хүсдэггүй байсан. Би энэ тухайгаа гэр бүлийнхэндээ хэлэхгүйгээр түүнтэйгээ нууцаар чатладаг байсан. Харин нэг өдөр аав миний утсыг шалгаж би баригдсан. Аав ээжид хэлж, ээж бид хоёрыг салгасан... Ингэснээр би цор ганц найзаа алдаж, нэг ч найзгүй болж, инээх ч шалтгаангүй болж ганцаардаж эхэлсэн. Өдөр бүр би огт инээдэггүй болсон.

Мэдээж хэрэг өдөрт нэг ч инээдэггүй хүн гэж байхгүй гэх байх л даа. Гэхдээ л би өөрийгөө хэзээ хамгийн сүүлд инээснээ ч санахгүй байна. Ийм байдал удаан үргэлжилсэн... Тэгээд аав ээж хоёр намайг загнадаг болсон. Тэд хэлэхдээ "Дандаа урвайдаг, чи ямар гуйлгачины амьдралтай юм уу?" гэсэн. Үүнээс болж би бүр л их гуниглаж ганцаардсан. Би сургууль дээр очоод анги руу орж хичээлээ хийчихээд л шууд гараад гэр рүүгээ явдаг. Хүүхдүүдтэй нэг их ярьдаггүй. Аав, ээж хоёр намайг ахин загнаж заримдаа цохиж, тааралдсан юмаа шиддэг болсон. Би аав ээж хоёроос айж гэртээ байхдаа худлаа хүчээр инээж, утгагүй зүйлс ярьдаг.

Би сургуулийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан. Сэтгэл зүйч "Ангийнхантайгаа илүү ойр байж дасаарай..." гэж зөвлөгөө өгсөн. Бас хэрхэн хэрэгжүүлж найзтай болох талаар ч хэлж өгсөн. Би зөндөө оролдож үзсэн. Даан ч чадаагүй. Би мөн "амьдралд бэлэн" нэртэй сэтгэл зүйчийн клубт явж үзсэн. Клуб дээр гоё байх боловч бусад үед баяргүй л байна. Би нэг нийтлэл уншсан. Нэг сэтгэл зүйчийн бичсэн нийтлэл байсан. Тэр хэлэхдээ "Сэтгэл гутрал бол ноцтой өвчин..." гэсэн байсан. Гэхдээ би сэтгэцийн эмгэггүй шүү дээ... Бусадтай найз болоход надад хэдэн сул тал бий. Би бүдүүн, харааны шил зүүдэг гэхдээ би онц сурдаг.

ЗӨВЛӨГӨӨ: Баяр баясал мэдрэхгүй байх нь сэтгэл хөдлөлийн үгүйрэлд хүргэж болох эрсдэлтэй

Өсвөр насанд үе тэнгийнхэнтэйгээ найзалж нөхөрлөх, тэднээс суралцах эргүүлээд тэдэнд бас өөрийнхөө сайн чанарууд, давуу талаасаа хуваалцаж зааж өгөх нь чухал байдаг.

Сайн байна уу, захидал ирүүлсэнд баярлалаа. Захидалд дурдсанаас харахад чамд хэд хэдэн асуудлууд тулгараад байгаа юм байна. Өсвөр насанд үе тэнгийнхэнтэйгээ найзалж нөхөрлөх, тэднээс суралцах эргүүлээд тэдэнд бас өөрийнхөө сайн чанарууд, давуу талаасаа хуваалцаж зааж өгөх нь чухал байдаг. Тийм ч учраас сургуулийн сэтгэл зүйч чамд найзтай болох хэрэгтэй гэж зөвлөсөн байх.

Удаан хугацаагаар аз жаргал буюу эерэг сэтгэл хөдлөл, баяр баясал мэдрэхгүй байх нь сэтгэл хөдлөлийн үгүйрэлд хүргэж болох эрсдэлтэй. Гэхдээ баяр баясал мэдрэхгүй байвал сэтгэл гутралтай гэсэн дүгнэлтэнд хүрч болохгүй. Сэтгэл гутралаар оношлохын тулд хэд хэдэн шинж тэмдгүүд зэрэг илэрч байх ёстой. Тухайлбал дан ганц баяр баясалгүй байх дээр нэмээд нойрны асуудалтай байх, ядрах, хоолны дуршил ихсэх эсвэл багасах, нийгмийн идэвхгүй болж хүмүүсээс зай барих, өөртөө итгэлгүй болж өөрийгөө голох зэрэг. Гол нь сэтгэл гутралаар оношлогдсон ч бай эсвэл түр зуурын хямралд өртсөн ч бай хамгийн чухал нь тусламж авах байдаг. Хүн хүндээ туслаж эргүүлээд тусламж авч чаддаг байх нь сайн чанар.

Аав ээж чинь чамайг ойлголхгүй байгаа нь ямар шалтгаантай гэж бодож байна вэ? Чи өөрийгөө хангалттай илэрхийлж ойлгуулахыг хичээсэн үү? Чамд юу тохиолдож ямар мэдрэмж төрж байгааг хуваалцаж байсан уу? Эргүүлээд аав ээж хоёр тань хэрхэн мэдэрч, ямар сэтгэл зүйтэй байгааг асууж, ойлгохыг хичээж мөн түүнийгээ илэрхийлж байсан уу? Эдгээрт хариулаад үзээрэй.

Түүнчлэн, найз нөхөд гэдэг хүний гадаад төрх төдийхэнээр хэмжигддэг зүйл биш. Насандаа тохирсон байдлаар биеэ зөв авч явах, бусадтай хүндэтгэлтэй харилцах, өөрийгөө зөв илэрхийлдэг байх мөн өөртөө арчаатай цэвэрхэн байх нь зэрэг нь гадаад үзэмжээс хамаагүй чухал зүйлүүд. Хэрвээ гадаад үзэмжээс шалтгаалж байвал үүнийг жинхэнэ нөхөрлөл гэж хэлэхэд хэцүү.

Дүгнээд хэлэхэд тусламж хүсч, өөрийгөө олон бусдыг ойлгохыг хичээж байгаа чинь үнэхээр сайн хэрэг, үүнийгээ цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Ингэхдээ хэрэгтэй үед бусдад анхаарлаа хандуулж тэд юу бодож юу хүсч байна гэдгийг ойлгохыг хичээж мөн өөртөө юу хэрэгтэй байна гэдгийг бусдад хэлж эргэх холбоотой байгаарай.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Father #Phone #Love