Шинэ зорилго... Шинэ тэмүүлэл... Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед өөртөө дараах дадлуудыг хэвшүүлснээр өөрийнхөө бодож төлөвлөсөн мөрөөдөл рүү тэмүүлэх, зорих алхмуудын нэг нь болно гэдэгтэй итгэлтэй байна.
"Амжилттай байхын тулд эхлээд би үүнийг хийж чадна гэж итгэх ёстой."
Никос Казандзакис
Төлөвлөгөөтэй суралц
Суралцах төлөвлөгөөгөө 10 жилийн дараах БИ, 5 жилийн дараах БИ, 1 жилийн дараах БИ гэх мэтчилэн том зорилгыг өөртөө тавих хэрэгтэй. Үүний дараа бүтэн жилийн төлөвлөгөө, хагас жилийн төлөвлөгөө, сарын төлөвлөгөө, 7 хоногийн төлөвлөгөөг боловсруулж түүнийхээ дагуу ажлаа зохицуулахыг хичээ. Заримдаа ар гэрийн ажил, төлөвлөгдөөгүй ажил гарснаар бидний төлөвлөгөө нурах үе байдаг шүү дээ. Ийм тохиолдолд төлөвлөгөө гаргахдаа үүнийг харгалзаж илүү өдрүүдийг гаргаж байх хэрэгтэй.
Гэрийн даалгаврийг цаг тухайд нь хий
Өнөөдөр өгсөн гэрийн даалгаврыг тэр өдөрт нь буюу цаг тухайд нь хийж гүйцэтгэж бай. Яагаад гэвэл жишээ нь бид 7 хоногт 1 удаа ордог хичээл өнөөдөр орлоо гэхэд яг дараа долоо хоногийн өмнөх өдөр нь л хийдэг. Энэ тохиолдолд бид хичээл орсон өдөр нь даалгавраа хийгээд яваад байвал тухайн өдрийн хичээлийг илүү ойлгоход маш том тулгуур болно. Мөн маш их чөлөөт цаг гарна шүү.
Давтлага, сургуулилт
Аливаа зүйлсийг 4 ба түүнээс дээш удаа давтаж байж бидэнд илүү үлдэцтэй байдаг гэж бодож байна. Багшийн өгсөн сурах бичгийн даалгавруудаас гадна ИНТЕРНЕТ-ээс тухайн сэдэвтэй холбоотой материалуудыг хайгаад давтсанаар чи тэр сэдвийг ахиж мартахааргүй болно гэдэгт итгэлтэй байна.
Хэнээс ч бүү ич
Багшаасаа ойлгоогүй зүйлээ асууна гэдэг тийм ч ичмээр явдал биш гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Зарим сурагчдын хувьд багш нараасаа айх, эмээх явдал цөөнгүй гардаг. Тиймээс багш нараасаа бүү ай. Багш нар чамайг ойлгоогүй зүйлээ асууж байна гэснээс болж хэзээ ч чамайг загнахгүй. Харин чи хичээлээ ойлгоогүй түүнийгээ лавлаж асуугаагүй байна гэдэг л ичмээр явдал.
Хичээлийн цагийг хэрэггүй зүйлд бүү ашигла
Ихэнх сурагчдын хувьд өөрийн сонирхолгүй хичээлд анхаарлаа хандуулахгүй (гар утсаа ашиглах, өөр зүйлсэд сатаарах, найзтайгаа хов базах) байх тохиолдол маш их гардаг. Яг энэ үед "ойлгоё" гэж хичээгээд багшийн хэлж байгаа үг бүрийг үнэ цэнэтэйгээр сонсож ойлгож чадвал тухайн хичээлээс маш их зүйлийг сурах болно.
Бугуйн цаг
Бид цагийг алттай зүйрлэдэг. Бидэнд ногдсон хичээлийн 40 минутыг хүртэл бид маш үнэт зүйл мэт санаж зөв ашиглах хэрэгтэй. Бусад тохиолдолд ч бас ямар нэгэн зүйлийг хийхдээ маш нарийн цагийг хуваарилах хэрэгтэй. Үүнд чинь бугуйн цаг маш их хувь нэмэр оруулна. Гараа нэг эргүүлээд л харах үйлдэл шүү дээ. Харин ханын цаггүй тасалгаанд орсон байвал хаанаасаа цаг эрээд явах вэ Тэгэхээр бугуйн цаг бол чамайг онц сургахад туслах зүйлсийн нэг шүү.
Хичээлийн бэлтгэл
Чи өнөөдөр орох хичээлээ хэзээ ялгадаг вэ? Магадгүй тухайн орох өдрөө ялгадаг бол маш том АСУУДАЛ шүү. Үүнийг өмнөх өдөр нь ялгавал 4-5 минутын л ажил. Харин орох өдрөө ялгавал өглөө хичээлдээ явах гээд яарж байх үед ямар нэгэн зүйлсээ мартах ч тохиолдол гарах юм шүү. Тийм болохоор маргаашийн хичээлийн бэлтгэлээ унтахаасаа өмнө бэлтгэх хэрэгтэй.
Багш шавийн харилцаа
Чи өөрийн суралцах мэргэжлийн дагуу Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ) өгөх хичээлүүдийг 9-р ангиасаа хойш нарийн давтах хэрэгтэй. Энэ бүхэнд чинь чиний сурах арга барилд тохирсон багш нарт шавь орохыг зөвлөе. Жирийн нэгэн багш сурагчийн харилцаа огтхон ч биш.Мөн заавал танай ангид хичээл ордог багш гэж хэлээгүй шүү. Өөр багшийг сонгосноор хоёр өөр хүний ондоо арга барилаар илүү ихийг ч мэдэх боломжтой.
Нийгмийн идэвх
Барууны оронд их дээд сургуульд орохыг хүсэж төлөвлөсөн бол тэнд НИЙГМИЙН ИДЭВХ-ийг сурлагаас илүү хардаг гэдгийг сануулж байна. Та бүхэн ЕБС-д суралцах хугацаандаа чамд таалагдсан клуб, байгууллагад хамрагдаж нийгмийн идэвхтэй байх нь чухал. Чамайг өөрчлөх нэг түлхүүр нь ч байж болно шүү.
Суралцах орчин
Өөрийн хичээл хийх орчноо сонирхлынхоо дагуу тохижуулж хэрэгтэй шаардлагатай томьёо, тодорхойлолт, материалуудаа харагдахаар байрлуулж чээжилбэл илүү үр дүнтэй. Чиний сурах орчин бол чамтай маш олон цагийг өнгөрүүлэх газар учраас маш гоё тохижуулах хэрэгтэй. Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншаарай.
БОНУС
Тэмдэглэл хөтлөх
Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа, хичээлийн тэмдэглэлийг тэмдэглэлийн дэвтэр дээрээ эсвэл Google Keep, Evernote, OneNote зэрэг гар утасны аппликейшнуудыг ашиглан тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас нь гэдгийг хэзээ ч бүү мартаарай.
Эдгээр дадлууд уншигчдад бага ч атугай хувь нэмэр оруулна гэдэгт маш их итгэлтэй байна. Та бүхэн манай сайтаас уншихыг сонирхож буй мэдээний саналаа Фэйсбүүк хуудсаар болон yolo@mongolcontent.mn хаяг руу илгээх боломжтойг дуулгаж байна.
YOLOmn– Үргэлж чамтай хамт
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх