Аливаа хүн өөрийн дуртай, сонирхдог зүйлээ бага балчираасаа тодорхойлоод тууштай бөгөөд зүтгэлтэй байж чадвал илүү их амжилтад хүрдэг билээ. Тэгвэл бидний энэ удаад танилцуулах зочин бол багаасаа мэргэжлээ аль хэдийнэ тодорхойлсон, ирээдүйд мундаг жүжигчин болохыг хүсдэг, Барселон хотын Театр урлагийн их сургуулийн оюутан Б.Ану-Үжин юм.
YOLO: Сайн уу, өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?
- Намайг Б.Ану-Үжин гэдэг. Би 19 настай. Монгол Оросын хамтарсан 3-р дунд сургуулийг өнгөрсөн жил төгссөн. Дунд сургуулиа төгсөөд Испани улсын Барселон хотын Театр урлагийн их сургуульд элсэн суралцсан, одоо нэгдүгээр түвшиний оюутан. Одоогоор зуныхаа амралтаар Монгодоо ирээд байна.
YOLO: Яагаад шууд гадаадын урлагийн их сургуулийг сонгосон бэ?
- Би жүжигчин болох талаараа гэрийнхэнтэйгээ маш сайн ярилцсан. Нэг мөсөн сурвал чанартай, сургалт сайтай их сургуульд нь суралцах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Ээж маань тэнд нэлээн олон жил амьдарчихсан болохоор Испанийн Барселон хотын Театр урлагийн их сургуулийг сонгосон нь энэ юм.
YOLO: Урлагийн их сургуулийн шалгалтыг өгнө гэдэг хүний нутагт байтугай энд ч нэлээн бэрх даваа шүү дээ. Шалгалт хэр санагдаж байсан бэ?
- Өө хэцүү зүйлс их байсан. Би гэдэг хүн чинь очоод удаагүй байсан, испани хэл ч сайн мэдэхгүй. Хамгийн түрүүнд хэлээ маш сайн сурах шаардлагатай болсон. Тэнцэхийн төлөө бүгдийг л хийнэ дээ гэж бат бодчихсон байсан болохоор испани хэлний нэг сарын эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж хэлээ жаахан ч гэсэн дээшлүүлсэн. Тэнд төрөлх хэлээрээ ярьж байгаа зөндөө Испани хүүхдүүд надтай хамт шалгалт өгнө шүү дээ гэж бодохоор сүрдмээр байсан ч "Би чадна, би тэднээс дутахгүй" гэх итгэлтэй бодол намайг зоригжуулж байлаа.
Мөн би энд байхдаа ч урлагийн ямар нэгэн төрлөөр тууштай хичээллэж үзээгүй болохоор монолог, эдют хийх даалгавар авахад хэцүү санагдсан ч цагаа тулахад хүн хүсч байгаа зүйлдээ хүрэхийн тулд юу ч хийж чаддаг юм байна лээ. Миний тэнцсэн хамгийн гол шалтгаан нь миний дуулсан дуу байсан байх. Учир нь тэнд би испаниар эсвэл англиар ч дуулаагүй. Би ээжийн тухай монгол дуу дуулсан. "Чи дуулж чадах уу, чиний хоолойг илүү сайн сонсохын тулд чи дуулах хэрэгтэй байна. Англи дуу, испани дуу алийг нь дуулах вэ?" гэж надаас асуусан. Би "Монгол дуу дуулмаар байна" гэдгээ хэлтэл уриалгахан хүлээн авсан. Монгол дуу анх удаа сонсож байгаа тэдэнд маш их таалагдсан.
YOLO: Өөр ямар төрлийн шалгалт өгсөн бэ?
- Бид бүгдийг нийлж байгаад нэг байшин бол гэсэн даалгавар өгсөн. Нөгөө испани хүүхдүүд чинь мэддэг хэлээрээ ярилцаж дохилцоод хаалга болох нь хаалга, хана болох нь хаалга болсоор би ганцаараа үлдчихлээ. Тэгтэл нэг охин яндан болсон байхыг хараад би дээр нь гараад утаа болчихсон юм.
Мөн испани хүүхдүүд биднээс ой тогтоолт жаахан муу юм шиг санагдсан. (инээв) Шалгалт болохоос өмнө бидэнд нийт 10 шүлгээс аль хоёрыг нь чээжлээд ирэх даалгавар өгсөн юм. Би хоёр шүлгээ ягштал чээжлээд маргааш нь очиход тэд өөрийн хэл дээр чээжилсэн шүлгээ ихэнх нь алдаж, түгдэрч уншаад байсанд нь их гайхаж байлаа. Шүүгчид намайг "Чи их ой тогтоолт сайтай юм" гэж магтсан. Би тэнд ганцаархнаа ази охин, дээрээс нь тэр болгон хүний сэтгээд байхгүй утаа болоод, монгол дуу дуулсан, ой тогтоолт сайтай гэдгээ баталчихсан болоод ч тэр үү таван шүүгч намайг нэлээн анзаарчихсан байсан юм. Тэгээд л тэнцсэн дээ. (инээв)
YOLO: Нэг сарын хугацаанд испани хэлээ хэр сайн сурсан бэ?
- Тийм ч хангалттай сайн сурч чадаагүй. Дөнгөж анхан шатны түвшинд явж байна. Гэхдээ өөрт мэдрэгдэхгүй ч бага багаар сайжирч л байгаа байх. Сая наашаа ирэхдээ нисэх онгоцны буудал дээр испани хүмүүстэй дажгүй ойлголцоод яриад байна лээ, тэгэхээр бас гайгүй болсны шинж байх даа. (инээв)
YOLO: Өмнө нь энд байхдаа жүжигчний ямар нэгэн сургалт, дамжаанд явж байгаагүй юу?
-Бүр бага байхдаа "Адтай жаалууд" "Лоолойгийн найзууд" гээд нэвтрүүлгийн хөтлөгчийн сургалтад явж байсан. Тухайн үед би өөрөө ч явъя гэж яваагүй, эмээ маань "Чи ер нь зурагтаар л гарах царайтай хүн" гээд намайг бүртгүүлэхээр дагуулж явж байсныг санадаг юм.
YOLO: Монголд амралтаараа ирэх хугацаандаа юу хийж байна вэ?
- Одоо "Жаалхүү" фильмийн бүтээл "Хамгийн хөөрхөн охин" УСКиноны гол дүрд тоглож байна. Найруулагчаар нь Л.Таванбаяр ах ажиллаж байгаа. Энэ бүтээл нь миний тоглож байгаа анхны кино болж байгаа юм. Тиймдээ ч маш баяртай байна. Тэгэхээр энд байх хугацаандаа гол хийж байгаа зүйл минь кино л байна даа.
YOLO: Киноны нээлтийн хугацаа хэзээ вэ?
- Тэр одоогоор тодорхойгүй байна.
YOLO: Жүжигчин мэргэжлийн сонгох болсон шалтгаан юу вэ?
- Дээр хэлсэнчлэн хөтлөгчийн дамжаанд явж байхдаа бид их жүжиглэдэг байлаа. Сүүлдээ жүжиглэх нь надад маш их таалагдаж "Ямар ч л байсан жүжигчин болно" гэж эргэлт буцалтгүй шийдсэн юм. Ээждээ хэлтэл "За охин минь, чи бараг хамгийн хэцүү мэргэжлийг сонголоо доо. Үүгээр хоолоо олж идэж чадна гэж бодож байвал хамгийн сайнаараа хийх хэрэгтэй, ээж нь ч чадлаараа дэмжинэ. Гэхдээ нэгэнт эхэлсэн бол дундаас нь буцна гэж байхгүй шүү" гэж хэлсэн нь надад их урам зориг өгсөн.
YOLO: Тэр дундаа хүний нутагт хэл, соёл өөр орчинд шинэ зүйлийг эхнээс нь сурахаар өөрийн эрхгүй шантраад ээжийн тань хэлдгээр замын дундаас буцчих гээд байх үе байдаг уу?
Байлгүй яахав. Нутгаа санаад л "Гадаадад сурч байхаар нутагтаа монгол хүүхдүүдтэйгээ хамт сурдаг ч юм бил үү" гэж бодогдох үе байсан. Шантрах үед ээж минь "Одоо л үүнийг даваад гарчих, хэдэн жилийн дараа бүх зүйл өөр болно" гэж намайг зоригжуулсан.
YOLO: Чиний бичсэн фэйсбүүкийн нэгэн пост их шэйрлэгдэж олныг тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийг хамарч чадсан. Утга агуулгын хувьд их үнэн үгтэй, бодууштай бичвэр байсан. Тэр талаарх өөрийн бодлоо дэлгэрэнгүй хуваалцаач?
- Миний ажигласнаар өнөөгийн зарим өсвөр насны хүүхэд ихэвчлэн утастайгаа л "найзлаад" байгаа юм шиг санагддаг. Бараг бүх залуу насаа утсандаа зориулаад жаахан цаг зав гарвал хичээлээ хийдэг ч юм уу. Тийм болохоор хөгширсөн хойноо "тэр үед ийм зүйлийг хийж, амжуулж байхгүй яав аа" гэж харамсах болно.
Мөн гар утсаар бүгдийг хийх биш найз нөхөд танилууд хоорондоо гоё амьд харилцаатай байгаасай гэдэг утгаар түүнийг бичсэн юм. Гэхдээ түүнийг уншсан хүмүүсийн зарим нь мушгин гуйвуулж "За хүссэнээ хий гэнэ ээ, гарч шоудна аа" гэхчлэнгээр сэтгэгдэл бичиж буруугаар ойлгосон байна лээ. Ер нь хүн өөрийн ухамсрын түвшинд л аливааг хүлээж авдаг шүү дээ. Тэр бичвэрийн үндсэн санааг ойлгоод өөр дээрээ дүгнэлт хийгээд хичээх хүмүүс нь илүү олон байсан гэдэгт итгэлтэй байна.
Би ч өөрөө энд байхдаа утсаараа оролдоод хий дэмий суудаг л байсан. Гэхдээ тэнд очсон хойноо "Би ядаж төв талбайгаараа алхаж зугаалж байхгүй яав, Монголынхоо үзэсгэлэнт газруудаад аялж байхгүй яав даа" гэж өөрийн эрхгүй бодогдсон. Тиймээс л цагийг үр бүтээлтэй, амьд харилцаатай өнгөрөөх талаар бичсэн нь тэр юм. Мөн испани хүүхдүүд сошиал хаягийг тийм ч их хэрэглэдэггүй, их амьд харилцаатай байдаг. Тэнд очоод хичээл ном, хэлний бэлтгэл гээд угаасаа завгүй болчихсон болохоор цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж эхэлсэн.
YOLO: Испанид өөрийн үеийн хүүхдүүдтэй багагүй хугацаанд хамт байсан шүү дээ. Тэдний хандлага, соёл монгол үеийн хүүхдүүдээс чинь хэр өөр санагдсан бэ?
- Ихэнх хүүхдүүд нь хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. 18 нас хүрэхээрээ эцэг эхээсээ биеэ даачихдаг. Дээр хэлсэнчлэн сошиал хаягийг бараг л хэрэглэдэггүй, түүний оронд бие биенийхээ хаана байгааг мэдэж болдог аппыг их хэрэглэдэг. Зав чөлөө гарвал бөөндөө гадаа юм ярьж сууцгаадаг.
Гэхдээ одоо ажиглаад байхад Монгол хүүхдүүд их зөв хандлагатай, зөв бодолтой болж эхэлж байх шиг санагдсан. Тийм зөв бодолтой, зорилготой эерэг хүүхдүүд нь бусдадаа үлгэр дуурайлал болж бусад нь ч тэдэнд уусч байгаа юм болов уу гэж боддог. Энэ бол сайны эхлэл.
YOLO: Чи чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Би одоогоор бол хэлээ л сурч байна. Нэн түрүүнд шаардлагатай зүйл маань болохоор чөлөөт цагаараа үүнийг хийдэг.
YOLO: Сургуулиа төгссөний дараа юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
- Испанид урлагийн олон сургуультай ч яг энэ сургуулийг сонгосон шалтгаан нь миний сурч байгаа Театр урлагийн дээд сургуулийн төгсөгчид Холливуудын урлагийн академид элсэх боломжтой байдаг. Дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүд Холливуудад л өрнөдөг шүү дээ. Тиймээс миний хэтийн зорилго Холливууд юм.
YOLO: Гэхдээ мэдээж Монгол бүтээлдээ тоглоно байх, тийм үү?
- Тэгэлгүй яахав. Монголчуудтайгаа хамт байх надад маш гоё байна. Хамтран ажиллаж, эхнээс нь бүгдийг практик дээр суралцан мэдэж авч байгаа нь сайхан байна. Нэг бодлын Монголдоо л мундаг жүжигчин болмоор байгаа ч "Оргилыг нь заавал үз" гэдэг ээжийнхээ захиасыг биелүүлэхийг маш их хүсч байна.
YOLO: Жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд зөндөө байдаг. Тэдэнд хандаж бяцхан зөвлөгөө хүргэвэл...?
- Би ч тийм зөвлөгөө өгөх хэмжээний мундаг хүн биш л дээ. (инээв) Хүүхдүүд цахим хаягаар минь дамжуулж "Яаж жүжигчин болох вэ, юунаас эхлэх үү, яах вэ" гэхчлэнгээр асуулт их ирүүлдэг. Тэдгээр хүүхдүүдэд би зөвлөгөө өгөхөөс эмээдэг, учир нь би мэргэжлийн жүжигчин ч болоогүй, дөнгөж сурч байгаа хүн шүү дээ. Зарим хүүхдүүд жүжигчин гэдгийг зүгээр нэг олны танил хүн болохын нэр төдий гэж ойлгодог байх. Тиймээс анхнаасаа энэ мэргэжлийг эзэмших гэж байгаа бол зөв шийдвэр гаргах хэрэгтэй учир эхлээд ээж аавтайгаа зөвлөлд гэж хэлдэг. Дараагаар нь тухайн чиглэлээрээ анхан шатны мэдэгдэхүүнийг олж авахын тулд сургалт, дамжаанд хамрагдах хэрэгтэй.
Нуулгүй хэлэхэд би ч өмнө нь Монголын алдартай жүжигчид рүү яг тэгж асуугаад бичиж л байлаа. (инээв) Нэг хүнээс би "Яаж жүжигчин болох вэ" гэж асуухад "Хүүе, миний дүү эхлээд сургуульд нь сур" гэхэд нь "Үгүй ээ, сургуульд сурахгүйгээр жүжигчин болмоор байна" гэж хүртэл хэлж байснаа санадаг юм. Одоо ч зарим хүүхэд яг л миний тэр үеийнх шиг бодолтой байгаа байх. Тиймээс сургуульд нь сууж номын дууг нь заавал сонсох хэрэгтэй.
YOLO: Чиний мөрөөдөл юу вэ?
- Би шантрах үедээ их мөрөөднө өө. (инээв) Мөрөөдсөний дараа шантрал алга болчихдог. Өөрийгөө ирээдүйд Холливуудын аль нэг кино наадмын улаан хивсний ёслолд оролцож байна, мөн шоу нэвтрүүлэгт оролцоод алдартай жүжигчин болох хүртлээ ямар замыг туулснаа хүүрнэн ярина даа гэж мөрөөддөг. Нэг үгээр Монгол жүжигчин гэгдэж эх орныхоо нэрийг Холливуудад гаргахыг хүсдэг. Хамгийн оргил хүртэл нь мөрөөдөж, зорьж байж л дунд нь ч гэсэн хүрч чадна шүү дээ.
Мөн би амжилтад хүрснийхээ дараа Монголдоо ирээд яг тэнд сурсан бүх агуулгаараа сургалтын төв байгуулна. Гэхдээ үнэхээр чин хүсэл нь байгаа ч санхүүгийн хувьд суралцах боломжгүй хүүхдүүдийг хамруулна гэж боддог.
YOLO: Монгол жүжигчдээс хэнийг хүндэтгэж, үлгэр дуурайлал авдаг вэ?
Жүжигчин О.Дөлгөөн, мөн "Хувьсал" продакшний уран бүтээл, жүжигчдэд их дуртай.
YOLO: Чиний хамгийн дуртай кино?
- Холливудын бүтээлүүдээс гэвэл "Notebook" (Тэмдэглэлийн дэвтэр) киног хэд ч үзсэн уйдахгүй. Ер нь би Рейчел МакАдамсын тоглосон бүх киног үзэх дуртай.
YOLO: Үзээд бодолд их автуулж байсан кино?
- "Тэнгэрээс дээш гурван метрийн өндөрт". Тэр киног үзсэнээс хойш гурван хоног маш их бодолд автаж бараг хайр гээч зүйлтэй учирмаар санагдсан шүү. (инээв) Яг миний амьдарч байгаа газар буюу Испанийн Барселона хотноо зураг авалтыг нь авсан болоод ч тэр үү их дотно санагддаг. Уг киноны гуравдугаар ангийн нээлт удахгүй болох гэж байгаа нь бүр гоё.
YOLO: Хайр дурлал гэснээс чи найз хөвгүүнтэй юу?
- Байхгүй ээ. Гэхдээ заавал сургуулиа төгсчөөд эсвэл ажил дээр гарч биеэ даасныхаа дараа хайр дурлалыг төлөвлөж, заавал тийм дараалал тавьж яг таг мөрдөх албагүй гэж боддог. Хайр гээч зүйл хүнд хэзээ ч ирж болно шүү дээ, учрах ёстой бол жамаараа л учрах байх. Гэхдээ ямар ч байсан Испанид сурах хугацаандаа испани хөвгүүнтэй үерхэхгүй гэж боддог.
YOLO: Яагаад, тэд бага зэрэг ой тогтоолт муу болохоор уу? (инээв)
- Үгүй ээ. Бат итгэлтэй байна, би өөрөө өөртөө амласан. Ээжийн минь ч захиас бий л дээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг шиг л ирээдүйдээ монгол хүнтэй л сууна даа (инээв)
YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Холливуудын мундаг жүжигчин болоорой гэж ерөөе!
- Маш их баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх