Энэ хичээлийн жилээс л эхлээд хичээлийг "уйлуулна" даа гэж бодож байгаа бол маш сайн байна. Чи чадна. Тэгэхийн тулд чамаас чамгүй хичээл чармайлт гарна. Хүүхэд бүр л хичээлдээ онц сурч, амжилт гаргахыг боддог билээ (зарим нь боддоггүй ч байж болно л доо). Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ онц сурахад юу чухал, тэр дундаа чамд ямар зан чанар байх ёстойг дуулгая.
1. Хичээл зүтгэл
Хичээл хийнэ гээд залхуурч болохгүй шүү! Чи бусад онц сурдаг хүүхдүүдийн л адил хөлтэй, гартай, толгойтой шүү дээ. Өөрөөр хэлбэл өгөгдлүүд чинь яг адилхан байхад залхуурч суулгүй хичээх юм бол чи ч бас чадна гэдгийг байнга сана.
2. Гэрийн даалгавраа тогтмол, дор дор нь хийх
Гэрийн даалгавар хийх гэхээр төвөгтэй байна уу? Битгий тэгж бод. Яг үнэндээ гэрийн даалгавраас амархан зүйл хаана ч байхгүй. Анги дээрээ сурсан мэдсэнээ бид баталгаажуулж, улам мэдэж авч байгаа хэрэг шүү дээ. Ялангуяа тухайн өдөр үзсэн хичээлийн даалгавраа яг тэр өдрөө л хийчих. Учир нь дараагийн хичээл орохыг дөхүүлж байгаад хийнэ гэвэл чи шинээр үзсэн юмаа аль хэдийнэ мартчихсан байх магадлал их. Тиймээс даалгавраа тогтмол дор дор нь хийж бүр багшийн өгөөгүй даалгаврыг ч хийсэн болно шүү дээ. Чамд л хэрэг болно.
3. Багшийн хэлснийг цагт нь гүйцэтгэх
Багш юм хэлэв үү? Одоохон гүйцэтгээд орхи! За яадаг юм гэж байхаар тэр дор нь биелүүлчихвэл чамд тустай. Тиймээс багшийн хэлснийг тэр дор нь гүйцэтгэж байгаарай. Ингэснээр чи аливааг дараа гэж хойшлуулалгүй дор нь хийдэг зан төлөвшихөөс гадна багшийнхаа итгэлийг олсон шавь болно шүү дээ.
4. Номоо байнга унших
Хичээлдээ илүү сайн болмоор байна уу? Тэгвэл номоо дахин дахин унш! Нэг үгээр мэдэр! Унтахын өмнө ном уншвал толгой сэргэнэ ч гэж ярьдаг. Хаана ч байсан өөрийн унших дуртай номоо цүнхэндээ заавал авч яван уншиж байгаарай. Автобусанд утсаа шагайж явахаар номоо уншсан нь дээр. Хүмүүс чамайг номын хэнхэгтэй гэж бодвол бодно л биз, тэгж бодож байгаа хүн байвал харин ч боловсролгүй нэгэн байна гэсэн үг. Ингэхдээ хичээлийнхээ холбогдолтой номоо уншвал бүр ч сайн.
5. Ямар ч сөрөг зүйл бодолгүйгээр ямагт аз жаргалтайгээр хичээлээ хийх
Хичээл хийхэд нэг төвөгтэй зүйл нь үргэлж дотроо элдэв юм бодон, ийш тийшээ сатаарч хичээлдээ анхаарлаа хандуулж чаддаггүй. Тийм учраас элдэв юм ургуулан бодолгүй хичээлээ үргэлж аз жаргалтайгаар төсөөлж хийвэл бүтэхгүй зүйл нэг ч байхгүй шүү дээ. Тиймээс үргэлж жаргалтай байж хичээлээ сайн хийгээрэй. Гунигтай үедээ хичээл хийх хэрэг гарвал хошин шог үзээд, эсвэл нэг гоё дуу сонсоод гунигаа үргээчихээд хийгээрэй. Ер нь ч тэгээд сайн төвлөрч хичээл хийхээр хамаг гуниг, асуудал мартагдчихдаг шүү дээ. Туршаад үзээрэй.
6.Идэвхтэй байх
Идэвх чармайлт хамгаас чухал байдаг. Бүхнээс хойш суугаад байвал чи хэзээ ч хичээлээ анхаарч чадахгүйд хүрнэ. Тийм учраас идэвхтэй байж хичээлдээ улам сайжраарай. Идэвхтэй мэрийлттэй хүүхдэд ч багш нар их сайн ханддаг. Нэг үнэн зүйл хэлье, идэвхтэй хүүхдүүд л хождог юм шүү.
7. Багаар ажиллах
Хэрэв чи өөрөө хичээлээ ойлгохгүй юм уу чамд ямар нэгэн эрсдэл гарвал өөрийн тань мэддэг ах эгч, аав ээж, найз нөхөдтэйгөө багаар ажиллах гээд ойр дотны хүмүүстэйгээ яриж зөвлөн хичээлээ заалгуулж тэр дор нь ойлгож аваарай. Мөн сайн найзтайгаа хичээлээ хийсэн ч болно шүү дээ, гэхдээ дэмий чалчихгүй хичээлээ л хийнэ шүү.
8. Ойлгохгүй байвал багшаасаа тэр дор нь асуу
Хичээл дээр чинь багш чинь шинэ хичээл зааж байхад анхаарахгүй бол чи тэр хичээлээс хоцроно шүү дээ. Хэрэв анхааралгүй байсан бол тэр дор нь очоод багшаасаа асуугаарай. Санаа зоволтгүй тэр тайлбарлаад л өгнө. Дараа нь асууж байснаас багшийгаа зааж байхад нь сонсоод мэдээд авчихвал зовохгүй шүү дээ. Тиймээс анхааралтай байж хичээлээ сайн ойлгоорой!
За ингээд бидний зөвлөсөн хэдхэн дасгалуудыг мөрдвөл онц сурахад тань туслах нэг хэрэгсэл болж магадгүй юм. Амжилт хүсье! Улам хичээгээрэй!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх