ЗАХИДАЛ: Би мэдлэггүйгээсээ болоод тэдэнтэй харьцахаас санаа зовоод байдаг


ССҮТөв | YOLO.MN
2017-08-28

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Гол нь би илүүдэл жинтэй болохоор хүнтэй үерхэж үзээгүй дээрээс нь аягүй их овортой харагддаг юм л даа

Тэнд үнэхээр их мэдлэг боловсролтой хүмүүс очдог би тэдний хаана ч хүрэхгүй гэдгээ мэдрээд их гутрах юм.

9 дүгээр ангиа төгсөөд гэрийнхнийхээ хүсэлтээр МСҮТ-д элсэн орсон. Би дунд сургуульдаа сурлагаараа дээгүүрт ордог байсан ч эцэг эх маань намайг их сургуульд сургаж чадахгүйн улмаас энэ шийдвэрийг гаргасан билээ. Уг нь энэ ч бас нэг их буруудаагүй л дээ. Сургуулиа алтан медальтай төгсөөд одоо ажил хийдэг. Гол нь би илүүдэл жинтэй болохоор хүнтэй үерхэж үзээгүй дээрээс нь аягүй их овортой харагддаг юм л даа. Саяхан нэгэн кофе шопоор үйлчлүүлэх болсон нь намайг их зовоох боллоо. Уг нь их гоё халуун дулаан сайхан газар.  Даан ч би нэг их юм бодолгүй насаа 22 гээд хэлчихсэн чинь “тийм үү? 26-тай л юм байх гэж бодсон” гээд тэр хэд цочролд орсон. Би жинхэнэ насаа хэлвэл бүр эвгүй байдалд орох юм шиг санагдаад байна. Бас тэнд үнэхээр их мэдлэг боловсролтой хүмүүс очдог би тэдний хаана ч хүрэхгүй гэдгээ мэдрээд их гутрах юм. Ихэвчлэн хоёр орны хэлийг маш сайн мэддэг хүүхдүүд /дунд сургуулийн хүүхдүүд ихэвчлэн/ байдаг. Бас би багаасаа л бүрэг өссөн гадаад дуучид жүжигчдийг бараг мэдэхгүй тэд нарыг хоорондоо гадаадаар аль эсвэл кино жүжигчид дуучдыг ярихаар нь би холхон шиг л очоод суудаг энэ нь намайг тэднээс тусгаарлаад байх шиг. Би тэдэнтэй цуг бүх зүйлсийг ярьмаар байна.

ЗӨВЛӨГӨӨ: Чи хамгийн том алхамаа хийчиxсэн байна шүү дээ

Хүн ойлгох гэж, буруугаа хүлээн зөвшөөрөх гэж, муу байгаагаа хүлээн зөвшөөрөх гэж маш хэцүү байдаг.

Сайн уу?  чамд захиа очих энэ өдрийн мэнд хүргье! бидэнд итгэн асуудлаа элэн далангүй хуваалцсанд баярлалаа.

Чамайг өөрийгөө хөгжүүлэх, өсөн дэвжихийг хүссэн энэ их хүслийг уншаад талархаж сууна. Чи хамгийн том алхамаа хийчиxсэн байна шүү дээ. Хүн ойлгох гэж, буруугаа хүлээн зөвшөөрөх гэж, муу байгаагаа хүлээн зөвшөөрөх гэж маш хэцүү байдаг. Харин ойлгосон тохиолдолд тэр бүхнийг засах нь цаг хугацааны л асуудал. Чиний гол асуудал чи юм мэдэхгүйдээ биш, гадаад үзэмжиндээ биш, энэ бүхнээс шалтгаалсан өөртөө итгэлгүй байдал юм. Би юм мэдэхгүй гээд ганцаараа л яваад байвал хэзээч энэ байдлаасаа гарч чадахгүй. чи тэр хүмүүстэй ярилцаж байж мэдэхгүйгээ мэдэж авч, мэддэг мэдээллээ тэр хүмүүст түгээх болно. Бүхнийг мэддэг төгс хүн гэж байхгүй шүүдээ! Тиймээс зориглон тэр хүмүүстэй харилцах хэрэгтэй гэж зөвөлмөөр байна. Эхэндээ их хэцүү байх ч чамайг ойлгон ярилцах хүн олон бий шүү! Юу хиймээр байгаа, ямар болмоор байгаа гээд эхнээс нь жагсааж бичиж байгаад бага багаар түүндээ хүрэх алхамуудыг хийгээрэй.
Амжилт хүсье!

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Education #Teenagers