Видео тоглоомд ямар сөрөг тал байдаг бол гэж бид удаан бодсон. Сайн тал ч бий. Гэхдээ зарим нэг ноцтой асуудал байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл албан ёсоор, шинжлэх ухаанаар баталсан судалгааны тайлан гарчээ. Судалгаанд видео тоглоомоос болж тархины гэмтэлтэй болсон талаар дурдсан байна.
МкГиллийн Их сургууль, Монтреалийн Их сургуулийн эрдэмтэд Сэтгэц судлалын сэтгүүлд FPS/first-person shooter/ буюу нэгдүгээр биеэс тоглодог тулаант тоглоом тархины хиппокампус орчмын саарал эдийг устгадаг тухай нийтэлжээ.
Энэ хэсэг нь богино хугацааны ой санамжийг урт хугацааны санамж болгох буюу дадал, зуршил бий болгох, орон зайн баримжааг удирддаг аж. Эрдэмтэд 18-30 насны, өмнө нь видео тоглоом тоглож байгаагүй залуусыг дөрвөн жилийн турш судалжээ.
Туршилтад оролцогсдоос долоо хоногт зургаа болон түүнээс илүү цагаар видео тоглоом тоглож байсан хүмүүсийн 85 хувь нь орон зайн баримжаа алдах, саарал эдийн хэмжээ буурсан үр дүнтэй гарсан байна.
Энгийнээр бол нэгдүгээр биеэс тоглодог тулаант тоглоом тоглож байгаа хүнээ орон зайн баримжаагүй, шинэ зүйл сурахад хойрго болгодог аж. Судалгааны багийн гишүүн Грегори Уест
"Тархины хиппокампус орчмын саарал эдийн тоо буурснаар тухайн хүн залуудаа бухимдах, сэтгэлээр унах эрсдэл нэмэгдэж, нас ахихаар Альзхеймер тусах магадлал өснө" гэжээ.
Илүү их тоглох тусам, хор хөнөөл нь тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг юм. Эрдэмтдийн тайлбарлаж буйгаар нэгдүгээр биеэс тоглодог тоглоом дахь виртуал орчин ихэвчлэн хязгаарлагдмал, жижигхэн байх бөгөөд тоглогч тухайн орчны хэсэг бүрийг нь тогтоож, түүнийгээ зуршил болгодог аж.
Ингээд бодит амьдрал дээр байхгүй орон зайн баримжааг бий болгосноор тархины үйл ажиллагаа доголдож, сөрөг үр дүнд хүргэж байна гэжээ. Гэхдээ нөгөө талаас өөр нэг үр дүн бас бий.
Mario мэтийн гурван хэмжээст орчин бүхий тоглоом тоглож байсан залууст ийм тархины өөрчлөлт илрээгүй аж. Тэгэхээр энэхүү үр дагавар нь тоглоомтой бус харин харах өнцөгтэй холбоотой байж болох юм.
Түүнчлэн гурван хэмжээст орчин бүхий тоглоом тоглосны дараа саарал эдийн тоо нэмэгдэж байгаа үр дүн гарчээ. Энэ нь Mario мэтийн тоглоом хиппокампусыг идэвхжүүлдэг гэсэн үг юм.
Гэхдээ энэхүү судалгаа эцсийн хариулт биш бөгөөд дахиад олон судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай. Харин тэдний олж мэдсэн зүйлстэй маргахын аргагүй.
Видео тоглоом улам сайжирч, тархинд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөө нь мөн нэмэгдсээр. Хэрвээ та fps төрлийн тоглоом их тоглодог бол хааяа нэг Super Mario тоглож, тархиныхаа үйл ажиллагааг идэвхжүүлж байхад гэмгүй.
Эх сурвалж: Geek
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх