"АРДЧИЛАЛ ЗУНЫ ЗУСЛАН" хөтөлбөрт хамрагдах боломжтой


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-08-07

Манай улс хүмүүнлэг ардчилсан нийгэмд шилжээд өдгөө 27 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд ардчилсан нийгмийн хөгжилд түгээмэл тохиолддог саад бэрхшээлүүдтэй өдөр тутам тулгарсаар байна.

Тиймээс бидний ирээдүй болсон залуу үеийн төлөөлөл, ирээдүйн Монгол орны удирдагч нарт ардчиллын үндэс, үнэ цэнэ, хууль тогтоомж, түүний хэрэгжилт, нийгэмд өөрийгөө таниулах болон нийгмийн идэвхтэй оролцооны талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулах зайлшгүй шаардлага гардаг.

Зориг Сангийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг болох "Залуучууд ба Боловсрол"-ын хүрээнд Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол хүч болох боловсролтой иргэд, залуу боловсон хүчнүүдийг дэмжих хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлжээ. Тус хөтөлбөрүүддээ үндэслэн "Ардчилал Зуны Зуслан" сургалтыг 2015 онд санаачлан амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ жилээс эхлэн үндсэн хөтөлбөрүүдийн нэгтээ багтаах болжээ.

10 хоног үргэлжлэх зуны сургалтын хөтөлбөрт манай улсын нийгмийн нэр хүндтэй төлөөллүүдийн лекц, сургалт семинар, багаар ажиллах аргачлал, кино хөтөлбөр, илтгэл зэрэг багтжээ.

Оролцохыг хүсэгчид доорх өргөдлийг онлайнаар бөглөх бөгөөд 2017 оны 8-р сарын 9-ний 18 цаг хүртэл хүлээн авна.

Шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалтыг Эссэ болон цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд ярилцлаганд ирэхдээ:
- Оюутны үнэмлэх
- Иргэний үнэмлэх
- Нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ нэмэлтээр авчирж болно.

Дараах хаягаар орж нэмэлт мэдээллийг аваарай. ЗОРИГ САН

#Ардчилал зуны зуслан #Training #Student