Та бүхэнд танилцуулах удаах зочин бол Орчлон сургуулийн ахлах ангийн сурагч Э.Энхсаруул юм. Тэрээр Монголд анх удаа англи хэл дээр тавигдсан мьюзиклийн жүжигчин юм. Түүнтэй YOLO.mn сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу.
YOLO: Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.
- Сайн байцгаана уу? Намайг Э.Энхсаруул гэдэг. 16 настай. 1-9 ангидаа Хобби сургуульд суралцаж байсан. Одоо Орчлон сургуулийн 10а ангид сурдаг.
YOLO: Таныг бүжгээр хичээллэдэг гэж сонссон. Хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ?
- Би дөрвөн настайдаа балетийн дугуйланд явснаас хойш бүжгээр хичээллэж эхэлсэн.
YOLO: Багаасаа л энэ урлагтай холбогдсон юм байна. Энэ урлаг таньд ямар давуу тал, боломжуудыг нээж өгсөн бэ?
- Урлаг гэдэг үнэхээр хатуу, бие сэтгэлийн тэвчээр маш их шаарддаг. Энэ талаараа их тэвчээртэй болсон. Биеийн хөгжлийн хувьд зөв алхаа гишгээтэй, хөдөлгөөний эвсэлтэй болсон гээд олон давуу талтай.
YOLO: Кино юм уу ямар нэгэн уран бүтээлийн санал авч, ажиллаж байсан уу?
- Рекламанд тоглох боломж гарч байсан. Харамсалтай нь тухайн үедээ би жоохон байсан болохоор тоглох явцдаа сандарч уйлаад больж байсан. Өнгөрсөн жил "Cinderella Jones" гээд мьюзиклд тоглосон.
YOLO: Тэрхүү мьюзиклд анх хэрхэн оролцсон бэ?
- Надад санал ирсэн гэж хэлж болно. Хобби сургууль маань урлаг, соёлын тал дээр нэлээн идэвхитэй байдаг. Жил бүр жүжгийн тэмцээн зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн тэмцээнд манай анги түрүүлээд, энэхүү англи хэл дээрх анхны хүүхдүүд тоглосон мьюзиклийг тавьсан юм.
YOLO: Мьюзиклд тоглоход ямар бэрхшээлүүд байсан бэ?
- Дуулангаа бүжиглэх, жүжиглэнгээ дуулах гээд л маш олон хэцүү зүйлс байсан. Хамгийн хэцүү нь сургуулилтын үеэр 8см өндөр өсгийтэй гуталтай бэлтгэл хийдэг. Дээрээс нь би Үнсгэлжингийн хойд эгч нарын нэг нь болсон учраас миний байгаа байдал, зан чанараас шал өөр дүр төрх гаргахыг шаардаж байсан.
YOLO: Олон хүний цаг завыг зориулж, хөлс хүчээ шингээсэн бүтээл хэдхэн хоромд л тайзан дээр, дэлгэцэн дээр амилдаг шүү дээ. Хийсэн зүйлээ эргээд харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
- Тайзан дээр байхад их юм бодогддоггүй. Дараа нь юу бодсоноо ерөөсөө санадаггүй, нэг тийм үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж авдаг. Эргээд бичлэгээ үзэхэд энийг ингээд хийчихдэг байжээ гэсэн бодол төрдөг.
YOLO: Монголд мьюзиклийн хөгжил ямар хэмжээнд байдаг юм бол, энэ урлагт хөл тавихыг хүссэн хүссэн хүүхэд залуус хаана хандах хэрэгтэй вэ?
- Бусад урлагийн төрлийг бодвол хөгжил арай дутмаг юмуу гэж хардаг. Мьюкизлийн талаарх ойлголтыг хүүхэд залууст хүргэж байгаасай гэж би хүсдэг. Өөрөө үнэхээр хүсч байвал бүжиглэх, дуулах, жүжиглэх чадварыг маш сайн эзэмшсэн байх шаардлагатай. Үүний тулд дугуйланд хамрагдвал зүгээр.
YOLO: Мьюзикл гэж чухам юу вэ гэдгийг хүүхэд бүр мэдэхгүй байх.
Энэ нь бүжиг, дуу, жүжгийг нэг дор цогцлоосон дуут жүжиг юм.
YOLO: Бүрэн хэмжээний англи хэл дээрх мьюзиклд тоглоход хэлний бэрхшээл гарсан уу? Хэл сурах арга барилаасаа хуваалцаач.
- Би бэлтгэл ангиасаа эхлэн англи хэлийг үзсэн мөн хоёр наснаасаа англи хэлтэй цэцэрлэгт явсан учраас хэлний бэрхшээл гараагүй. Харин хэл сурах хамгийн амархан сурах арга гэвэл кино үз, ном унш гэж хэлмээр байна.
YOLO: Өсвөр насны буюу таны үеийнхэнд өөрийгөө дутуу үнэлэх, аливаа зүйлээс хойш суух хандлага их ажиглагддаг. Энэ талаар өөрийн бодлоо хуваалцаач.
- Бидэнд олдож байгаа цаг минут бүр дахиж хэзээ ч ирэхгүй үнэтэй зүйл. Яг л энэ мөч бүрийг алдахгүй өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг оролдож үзээгүй байж өөртөө битгий муу дүгнэлт хийгээсэй.
YOLO: Та бидний үеийнхэнд ямар зан чанар, хандлага дутагдаж байна гэж та боддог вэ?
- Бидний үеийнхэн өөрийнхөө төлөө биш өөр хэн нэгний төлөө өөрийгөө өөрчлөөд байгаа юм шиг санагддаг. Өөртөө таалагдаж байгаа зүйлээ хийх хандлага дутагдаад байна. Чамтай адил үзэл бодолтой хүн хаа нэг газар байж л таараа, тийм байхад заавал бусдад таалагдах гэж жүжиглээд, өөр дүр эсгээд байх шаардлагагүй л гэж боддог.
YOLO: Зарим хүмүүс дуртай зүйлээ хийх гэхээр ийм зүйл алга, надад боломж бололцоо алга гэж ярьдаг. Бид боломжоо хүлээж суух ёстой юу эсвэл бүтээх хэрэгтэй юу?
- Би боломж байхгүй гэдэг үгэнд үнэхээр дургүй. Бидэнд боломж байхгүй биш, бид өөрсдөө боломжоо олж харж чаддаггүй.
YOLO: Хичээл сургууль, бэлтгэл, хоббиндоо цагаа хэрхэн төлөвлөдөг вэ?
- Надад чөлөөт цаг бараг гардаггүй гэхэд болно. Өглөө 8.30 цагаас 16:00 цаг хүртэл хичээллээд, дугуйлан секцдээ 2-3 цаг зарцуулдаг. Гэртээ ирээд гэрийн даалгавраа хийх, маргаашдаа бэлдэх гээд завгүй байдаг. Цагаа төлөвлөдөггүй, амрах үедээ амардаг. Цаг гармагц нь жижиг ажлуудаа амжуулдаг гээд л хийдэг дээ.
YOLO: Илтгэх урлагаар хичээллэдэг гэсэн. Хэзээнээс эхэлсэн бэ?
- Багаасаа их нүүрэмгий хүүхэд байсан учраас илтгэх урлагаар явахад нэг их төвөг учраагүй. Анх 7настайдаа анхны илтгэлээ тавьж байлаа. Дунд ангид орж ирээд илтгэл, мэтгэлцээн гэдгийг онолын хүрээнд судалж байсан. Тэрнээс хойш өөрийн хэмжээндээ энэ чадварыг эзэмшсэн.
Гадаад хэл сурах шилдэг арга бол тухайн хэл дээрх киног үз, ном унш.
Э.Энхсаруул
YOLO: Юм оёх, гар урлал хийх дуртай гэсэн. Юу хийдэг вэ?
- Анх 4 настайдаа зүү барьж байсан. Би их олон барбитай, жилд 20-30 барби авдаг, цуглуулдаг. Тэд нартаа зориулж хувцас оёод л , нэхэж сураад том бүтээлэг нэхдэг болсон. Сүүлийн үед цаг зав муутай болоод орхигдсон. Харин хавраас эхлээд эрхин бугуйвч хийж эхэлсэн. Хийсэн зүйлээ хүмүүст бэлэглэнэ, хааяа зарна.
YOLO: 10 жилийн дараах Саруулыг төсөөлбөл?
- 26 настай байна гэсэн үг. Сургуулиа төгсчихсөн, томоохон хэмжээний компанид ажилладаг. Аз жаргалтай нэгэн байна гэж төсөөлөгдөж байна.
YOLO: Таны ирээдүйн зорилго юу вэ?
- Би зураг авахуулах маш их дуртай. Тийм учраас би Монголын анхны нэрд гарсан petite модель болохыг хүсдэг. Энэ төрөл нь 162см-ээс доош өндөртэй моделиудын төрөл юм л даа.
YOLO: Энэ төрлийг Монголд хөгжүүлэх хүсэлтэй гэж ойлгож болох уу?
- Тийм. Би гадаадад тэр дундаа Сингапурт суралцах хүсэлтэй. Сингапур нь сургуулиар төлөөлүүлэн үзвэл загварын хөгжлийн цэцэрлэг гэж нэрлэгддэг. Тэнд би эхлээд өөрийгөө хөгжүүлээд, дараа нь эх орондоо энэ төрлийг хөгжүүлнэ гэж боддог.
YOLO: Ярилцлагын төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлээч.
- Уншигч хүүхдүүддээ "Өөрөө өөрийнхөө төлөө яваарай хүнд таалагдах гэж өөрийгөө битгий эвдээрэй. Цагийг зөв ашиглаж, хүсэл тэмүүлэлтэй байгаарай" гэж хэлмээр байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх