Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Яагаад сайн дуулдаггүй байж дуучин болохыг хүссэнээ мэдэхгүй л дээ
Сайн байна уу. Намайг Б… гэдэг. 12 настай. Өмнөх асуудлийг маань шийдэж өгсөнд баярлалаа.
1. Би дуучин болохыг хүсдэг. Гэхдээ би тийм ч сайн дуулдаггүй. Яагаад сайн дуулдаггүй байж дуучин болохыг хүссэнээ мэдэхгүй л дээ. Харин дуулж сурахыг хүсэж байна. Бусад хүмүүсийн хэлснээр солгой хүн гэж байдаггүй. Бүгд хичээвэл сайхан дуулж чадна гэсэн байдаг. Харин яаж дуулж сурах ёстой вэ? Яаж зөв өнгөөр дуулах ёстой вэ?
2. Би дандаа шантардаг. Дуулж чадахгүй юм чин дуучин болж чадахгүй байх гэж дандаа боддог. Мэдээж зүгээр байж байгаад л аливааг хийж сурна гэж байхгүй болохоор яахаа мэдэхгүй байна. Хамгийн гол нь хурдан шантардаг. Телевизрээр дуу сонсохоор ийм хоолойтой хүмүүс л дуучин болдог болохоос би яаж чадах вэ дээ гэж боддог. Энэ занг яах вэ?
За дээрх хоёр асуудлыг минь хоёлуланг нь шийдэж өгөөрэй. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Дуулах чадварын талаар мэргэжлийн хүнд хандвал илүү сайн
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Чамд хүргэх зөвлөгөө:
- Юуны түрүүнд сэтгэл судлаач хүн бол бусдын өмнөөс асуудлыг нь шийдвэрлэдэг хүн биш харин хүн асуудлаа өөрөө шийдвэрлэх боломжтой болох тийм л уур амьсгал, нөхцлийг бий болгодог, хүн өөрөө асуудлаа шийдэхэд нь тусладаг хүн юм шүү.
- Дуулах чадварын талаар мэргэжлийн хүнд хандвал илүү сайн. Хүний дуулах чадварыг өнгөө сонсдоггүй, хэмжээгээ мэдэрдэггүй гэж хоёр ангилдаг. Хэмжээгээ сонсохгүй хүний мэдрэмж засагддаггүй. Харин өнгийг нь хоолойн дасгал хийгээд засаж болдог гэж үздэг. Тиймээс чи мэргэжлийн хүн дээр очиж өөрийгөө аль төрөлд байгааг нь мэдээд зөвлөгөө авч, мэргэжлийн хүнээс чиглүүлэг авахыг санал болгож байна.
- Хийж чаддаг зүйлээ давхар хөгжүүл. Өөрийн сул талаа хөгжүүлэхээс гадна хийж чадаг зүйлээ хөгжүүлэхгүй орхигдуулж болохгүй. Чи юу сайн хийдэг вэ? Юу хийхээрээ аз жаргалтай болж цагийг зөв зохистой өнгөрөөж болох вэ? гэх мэт асуултыг өөрөөсөө асуугаад хийж чаддаг зүйлээ улам тордон хөгжүүлээрэй. Өөрийн сул болон давуу талаа хөгжүүлснээр чамд олон боломж нээгдэх магадлалтай. Амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх