А.Мишээл: Би ЖААХАН ОХИН БАЙХДАА л үзэг бариад ХӨТЛӨГЧ ХИЙЖ тоглодог байсан


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-08-01

SBN телевизийн Нахиа хүүхдийн хөтөлбөрийн хөтлөгч, 2015 оны "Little Miss Eco Mongolia", Монголын Сурагчдын Холбооны "Хүүхдийн элч" шагналт, ГБХЗХГ-ын "Шилдэг хүүхэд" шагналт Алтанпүрэвийн Мишээл охинтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

YOLOӨөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаарай?
- YOLO.mn-ий уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А.Мишээл гэдэг. Би Абсолют Элит Ахлах сургуулийн 11-р ангид сурдаг. SBN телевизийн Нахиа хүүхдийн хөтөлбөрт 7 дахь жилдээ хөтлөгч хийж байна. Би 2015 онд Монгол улсын хүүхдийн миссийн тэмцээн буюу Little Miss World Mongolia тэмцээний шилдэгт үлдэж Little Miss Eco Mongolia номинацыг авч байсан.

YOLOАнх хөтлөгч болж байсан түүхээсээ хуваалцаач?
- Би энэ түүхээ ярих их дуртай. Би бүр жаахан байхдаа үзэг бариад хөтлөгч хийж тоглодог байсан. Гэтэл нэг өдөр зурагт үзэж байтал хөтлөгчийн сонгон шалгаруулалтын зар харсан юм л даа. Тэгээд ээжийгээ гуйгаад бүртгүүлэхээр очсон. Бүртгүүлэхээр очдог өдөр зуны бороотой бүрхэг өдөр байсан юм. Буруу газраар яваад шавхайтай нарийхан гудамжаар явж очихдоо шаварт уначихсан. Гэсэн ч нэгэнт зорьж очсон учраас бүртгүүлсэн. Яг сонгон шалгаруулалтын өдөр SBN телевиз дээр 150 гаруй хүүхдүүд ирсэн. Би тухайн үед их айж сандарч байжээ. Англи дуу дуулаад эхний шатаараа тэнцэж билээ. Би коридороор "Ээжээ, би тэнцчихсээн" гээд орилоод гүйж байснаа их санадаг. Тухайн үед шүүгч хийж байсан найруулагч Мэндбаяр эгч, Одмаа эгч болон Урансайхан эгч нартаа надад маш олон зүйлийг зааж сургасанд нь их талархдаг.

YOLOДолоон жил ажилласан гэлээ. Энэ хугацаанд ямар ямар нэвтрүүлэг хийж байсан бэ?
- Долоон өөр нэвтрүүлэгийг хийж байжээ. Тухайлан дурдвал хүүхдүүдийн сайн мэддэг, утсаар ярьж хэрэггүй зүйлээрээ хэрэгтэй зүйлээр солилцдог "Дэм дэмэндээ" шууд нэвтрүүлэг мөн хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдээлэл олгох зорилготой "Хагархай Хэнгэрэг" нэвтрүүлэг, болон "Зугаатай англи хэл" нэвтрүүлэг байна.


YOLOХичээлээ ажилтайгаа яаж зохицуулдаг вэ?
- Манай сургууль их ачаалалтай, би их орой тардаг. Би хичээл сургуулийн үеэр SBN дээр бямба гарагт ирж өдөржингөө нэвтрүүлгээ хийдэг байсан. Харин шууд нэвтрүүлгээ хичээлээ тараад ирж хөтөлдөг. Өнгөрсөн хоёр жилийн хавруудад "Нахиа сонголт" буюу хүүхдүүдийн сонголтоор хамгийн хамгийн шалгаруулдаг шагнал гардуулах ёслол сарын өмнөөс шууд нэвтрүүлэг өдөр бүр хийж саналын хураадаг байсан. Одоо ажлын өдрүүдээр нэвтрүүлгээ хийж байна. Нэг ирж хөтлөхдөө ихдээ гурван дугаар бичүүлдэг.

YOLOШууд нэвтрүүлэг хөтлөхөд ямар вэ? Айж сандрах үе байдаг уу?
- Бага байхдаа их айдаг байсан. Учир нь шууд нэвтрүүлэг ямар нэгэн эвлүүлэг байдаггүй. Чихэндээ чихэвч зүүгээд найруулагчийнхаа хэлэхийг сонсдог. Яг эхлэхээс өмнө "За 3,2,1 орлоо" гэж найруулагч хэлэхээр их айж сандардаг байж билээ. Утсаар хүүхдүүдтэй шууд ярих их гоё. Оньсого таалцана, үг холбож тоглоно гээд хөгжилтэй. Нэг удаа дүүтэйгээ шууд утсаар ярьж байсан.

Өнгөрсөн жилүүдэд долоо хоногтоо 2-4 удаа зурагтаар гарч нэвтрүүлэгээ хөтөлдөг байсан бол одоо үзэгч хүүхдүүдэдээ 18:30 минутаас "Зөвлөмж" буюу үе тэнгийнхэндээ зөвөлгөө олгох нэвтрүүлгээрээ ажлын бүх өдрүүдэд хүрч байна.

YOLOНэг нэвтрүүлгийг хийхэд хэр их хугацаа ордог вэ?
- Хүмүүс хөтлөгч л зөвхөн нэвтрүүлгийг бүтээдэг гэж боддог. Гэвч яг үнэндээ найруулагч, редактор, зураглаач, дууны найруулагч, стилист, жолооч гээд маш олон хүмүүсийн хамтын бүтээл юм. SBN телевизийнхэндээ, үе үеийн найруулагч, редактор ах эгч нартаа, редактор Үүрцайх эгчдээ мөн найруулагч Нэмэхбаяр эгчдээ намайг өсөн дэвшиж хөгжихөд минь тулгуур багш болж үргэлж тусалж дэмждэгт минь баярлалаа гэж хэлмээр байна. 


Гучин минутын нэг нэвтрүүлгийг хийхэд 40 минутаас 1 цаг болно. Гадуур бичлэг хийдэг өдрүүдэд бүтэн өдрөөр бичлэгт гарах явдал бий. Хүүхдийн баяр бол миний хамгийн хайртай боловч хамгийн ачаалалтай баяр. Манай Нахиа хөтөлбөр зөвхөн энэ өдөр өглөөний 10 цагаас оройн 20 цаг хүртэл нээлттэй баярын хөтөлбөрөө хүргэдэг. Энэ өдөр манай хөтлөгч нар хөтөлсөн тусгай нэвтрүүлгүүдээ хүргэхээс гадна бараг өдөржингөө шууд нэвтрүүлэг хөтөлдөг. Гэхдээ бусад хөтлөгч нартайгаа дотно болохоор хөгжилтэй гоё байдаг. Би хөтлөгч Мөнх-Оргил болон Эгшгилжэнтэйгээ сайн найзууд.

YOLOХөтөлж байсан нэвтрүүлгүүдээс чинь хамгийн дуртай нь аль нь вэ?
- Би "Зугаатай Англи Хэл" нэвтрүүлэгтээ хамгийн их хайртай. Хэдий ЕБС-иудад англи хэл заадаг ч гэсэн зарим хүүхдүүдэд англи хэл сурах боломж төдийлөн бага байдаг. Манай нэвтрүүлэг үзэгч хүүхдүүдэд англи хэлийг Улаанбаатар хотын хамгийн сонирхолтой газруудаар аялаж анхан шатнаас нь эхлэж үг заадаг. Англи хэлний сургалттай сургуульд сурдаг найзын маань дүү миний Гандан хийдэд очсон нэвтрүүлгээс лам, хүж, хийд гэх мэт үг сурснаа надад ярьж байсан. Би бусдад мэдлэгээсээ хуваалцах дуртай.

YOLOСайн дурын ажилд оролцдог уу?
- Би Зугаатай Англи хэл нэвтрүүлгийнхээ хэрэгтэй материалуудыг өөрөө сайн дураараа орчуулж бэлддэг учир нь энэ нь надад их сонирхолтой байдаг, мөн миний хэлний чадвар дээшилдэг. Мөн зарим спортын холбоонд сайн дураараа гадаад харилцааны орчуулагчаар ажилладаг. Хамгийн ойрын хийсэн сайн үйлсийн бяцхан аянаасаа дурдвал энэ өвөл манай ангийнхан гадаа хүйтэнд худалдаа, наймаа хийж ажил амьдарлаа залгуулдаг хүмүүст халуун сүүтэй цай, жигнэмэг тараасан. Сайн үйлс хийхээр сэтгэлд сайхан мэдрэмж төрж аз жаргалтай болдог.


Мөн маргааш буюу наймдугаар сарын 02-нд болох TEDxYouth@EUTS арга хэмжээний зохион байгуулагчаар ажиллаж байна.

YOLOМөрөөдлөөсөө хуваалцвал?
- Би их мөрөөдөх дуртай. Гэхдээ хий хоосон мөрөөдөх биш бодит болгохын тулд тэмүүлж хичээж байна. Би Нахиа хүүхдийн хөтөлбөрийн хөтлөгч болсноор өөрийгөө таньж илрүүлж маш том мөрөөдлийн эзэн болсон. Би мөрөөдөлдөө хүрэх замдаа хэд хэдэн богино хэмжээний кинонд дүр бүтээсэн. Миний мөрөөдөл бол хэн ч байсан намайг хараад энэ нөгөө алдартай Монгол жүжигчин байна шүү дээ гэж хэлүүлэх юм. Би Монголынхоо нэрийг дэлхийд гайхуулах алдартай жүжигчин болно гэж их итгэдэг.

YOLOДолоон жилийн өмнөх Мишээл одоо ямар хүн болж өөрчлөгдсөн бэ?
- Долоон жилийн өмнө буюу би 9 настайдаа маш жаахан байсан болохоор заримдаа их ядардаг байсан. Энэ үед ээж маань намайг урам зоригоор тэтгэж явуулдаг байж билээ. Одоо би өөртөө итгэлтэй, ачаалал сайн даадаг, нээлттэй мөн бусдын өмнө өөрийгөө сайн илтгэдэг болсон бөгөөд өөр олон талаар өөрийгөө хөгжүүлсэн. Би дунд ангидаа хуучин сургуулийнхаа түргэн илтгэлийн аварга болж байлаа. Би чөлөөт цагаараа гадаад хэл бие дааж сурч, морин хуур тогохыг сурч, мөн кикбоксын спортоор хичээллэдэг. Би Солонгос хэлийг бие дааж сураад уншиж чаддаг болсон.


YOLOӨсвөр үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна?
- Үе тэнгийнхэндээ өөрийгөө нээн илрүүлж мөрөөдөлтэй болоорой гэж зөвлөмөөр байна. Мөрөөдөлдөө чин үнэнч хүн мөрөөдөлөө биелүүлэхийн тулд ямар ч хэцүү зүйлийг даван туулж шантардаггүй зүтгэсээр байдаг гэж би боддог. Мөн хөтлөгч болохыг сонирхож байгаа найзууддаа зориулж өөрийгөө хэрхэвч муу гээд голж болохгүй шүү, ямагт өөртөө итгэлтэй байх хэрэгтэй, бүх мундаг хөтлөгч, нэвтрүүлэгч нар анхандаа чамтай л адил байсан байж таараа. Цаашдаа туршлагатай болж сайн хөтлөгч болно. Телевиз сайн үзэж мундаг хөтлөгч нарыг даган дуурайж үлгэрлэл авч байгаарай гэж зөвлөе.

YOLOЯрилцсанд баярлалаа.
- Намайг унахад минь босгож алдаа бүхнийг минь засаж бүх цаг үед дэмжиж тэтгэж ирсэн ээж, аав, эмээдээ баярлалаа мөн хайртай шүү гэж хэлмээр байна. Намайг урьж ярилцлага авсан YOLO.mn сайтад баярлалаа, YOLO.mn-ы бүх уншигчдад амжилт хүсье!


#Anchor #Girl #Conversation