Цаг хэмнэх нь АЗ ЖАРГАЛ өгдөг


Хүмүүс цаг хугацаа хэмнэх боломжийг худалдаж авснаар илүү аз жаргалтай, эрүүл амьдардаг нь цуврал судалгаагаар батлагдаж буйг Канад дахь Британийн Колумбийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Элизабет Данн хэлж байна.

Өнөө цагт орлогоо нэмэгдүүлэх хүслээс үүдсэн шинэ үзэгдэл олон улс оронд газар авч байна. Герман, АНУ зэрэг оронд "цагийн өлсгөлөн" гэх ойлголт бий болжээ. Энэ нь хүн цаг хугацааны хүрэлцээ дутмагаас стресст орох үзэгдэл юм байна.

Тиймээс мөнгө энэ бэрхшээлийг шийдвэрлэж чадах эсэхийг АНУ, Канад, Голландын сэтгэл судлаачид судалж эхэлжээ. Эдгээр орны насанд хүрсэн 6000 гаруй иргэн, 800 саятнаас цаг хугацаа хэмнэх боломжид хэр их мөнгө зарцуулдаг талаар судалгаа явуулсан байна. Үр дүнд нь судалгаанд оролцогсдын гуравны нэг хүрэхгүй хэсэг нь сард нэг удаа ийм боломжид мөнгө зарцуулдаг гэж хариулжээ.

Үүний дараа Канадад 60 ажилчныг 14 хоног туршжээ. Эхний долоо хоногт оролцогчдод 40 ам.доллар өгч, цаг хугацаа хэмнэх боломжийг худалдаж авахыг даалгав. Оролцогчид мөнгөө үдийн хоол хүргүүлэх, угаалгын үйлчилгээ болон хөршийнхөө хүүхдийг ойр зуур "зарах" зэрэгт зарцуулсан байна. Харин дараа долоо хоногт хувцас, ном, дарс зэрэг материаллаг эд зүйлд зарцуулахыг даалгасан байна. Үүнээс судлаачид цагийн стрессийг бууруулах нь хүмүүст материаллаг зүйлээс ч илүү сэтгэл ханамж өгдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

#Save #Time #Happiness