Амархан IELTS


Д.Төмөртогтох | YOLO.MN
2017-07-28

IELTS IELTS IELTS …. Энэ үгийг сонсоод их олон хүний дотор сонин болж, санаа алдангаа хийж байсан хичээлээ хийхээр явдаг хүмүүс их бий. Шалгалтаа олон өгч үзсэн ч шаардлагатай оноогоо авч чадахгүй байсаар л байдаг, хүмүүсийн санал болгож байгаа юмыг хийгээд байгаа ч нэг л болж өгөхгүй нэг байрандаа тогтоод  нэг янзын оноогоо олон дахин давтаж авдаг хүмүүс ч бий. Гэвч зарим нэг хүмүүс шууд давхиж очоод шахуу шалгалтаа өгөөд л хаана ч шаардагдах оноо аваад байдаг. Яагаад вэ, яагаад ингэж оноо авав гэхээр л хийж байгаа ном, дасгалтай адилхан л зүйл хийсэн байдаг. Энэхүү нийтлэлдээ IELTS-н шалгалтыг хэцүү гэж боддог хүмүүсд, энэ шалгалтыг олон өгөөд шаардлагатай оноогоо авч чадахгүй байгаа хүмүүсд, энэ шалгалтыг анх удаагаа өгөх гээд ирээдүйгээ төлөвлөж суугаа сурагч дүү нартаа зориулж бичлээ.

За тэгэхээр энэ шалгалт бол Англи хэлний хэрэглээний түвшинг тогтоодог олон улсын стандарт болсон шалгалт. Янз бүрийн сургалтын төвүүдийн түвшин тогтоох шалгалтуудаас бол өөр шүү. Тэр сургалтын төвийн дүгнэлт болон сураад төгссөн сертификат амьдралд шүүгээний зай эзлэхээс өөр гавъяагүй бол энэ шалгалтын оноогоор дэлхийн бүх хүнд өөрийнхөө англи хэлний хэрэглээний түвшин чинь ямар байгааг нотолж үзүүлэх боломжтой. IELTS-г Cambridge-д UK стандартаар материалаа бэлддэг. Тэгэхээр шалгалтын байдал болон материал бүгд англи стандартаар байх нь ойлгомжтой. Харин Англи болон Монгол шалгалтын байдал хоорондоо их том ялгаатай. За сургуульдаа нэг хичээл дээр шалгалт өгөхөөр боллоо гэж тооцъё л доо. Багшийнхаа хэлсэн үгийг тэмдэглэж авсанаа гүйлгэж харна, номоо нэг гарчиглаад гүйлгэчихнэ, шалгалт болохоос хоёр гурав хоногийн өмнөхөн хэдэн цаг бэлдэж байгаад л шалгалтаа өгчихнө. Woolaaah ! шалгалтын дүн 90A+. Энэ байдал маань олон хүмүүсийн сэтгэхүйд шалгалтанд ингэж бэлдэх хэрэгтэй гэсэн аймшигтай ухамсар суулгасан ажиглагддаг. Англи шалгалт бол харин өөр. Ийм маягаар бэлдээд шалгалтандаа унах л болов уу даа. Ийм ч учраас IELTS-г анх өгч байгаа хүмүүсийн ихэнх нь хэдхэн хоногийн хангалтгүй бэлтгэлтэй ороод хангалтгүй оноо авдаг, 395.000₮-рээ шатдаг. Зарим нь сургалтанд бүртгүүлээд хичээлдээ ч дөнгөн данган суугаад, багшийнхаа даалгаврыг ч хийлгүй явсаар байгаад шалгалтандаа ороод нисээд өгнө дөө.

Тэгэхээр энэнд яаж амжилттайгаар бэлдэх вэ? Бэлдэх тактик болон аргачлалыг хүн болгонд ойлгомжтойгоор ярихын тулд IELTS-н шалгалт өгөхийг тоглоом тоглох гэж төсөөлж үзье. Тоглоомын гол тоглогч бол тө өөрөө, харин тоглоомын заавар бол IELTS-н сургалтын багш, харин тоглогчын ялах ёстой босс бол IELTS-н шалгалт. Тоглоом болгоны боссд ямар нэг дутагдал, эмзэг цэг байдаг. Тоглогчид тэр дутагдлыг ашиглаад эмзэг цэг дээр нь цохьсоор байгаад боссоо их амархан дийлдэг тийм ээ. Эсрэгээрээ тоглогч эмзэг цэгийг мэдэхгүй бол босстой тулаан болгондоо ялагддаг Game over. IELTS-д бол тэр эмзэг цэгүүд их бий.

IELTS-н шалгалтанд бэлдэх шийдвэр гаргаад шалгалтандаа бүртгүүллээ. Одоо яах вэ? Танд бэлдэх ухаалаг тактик гаргах хэрэгтэй болно. Энэ тактик бол гурван үе шатнаас бүрэлдэнэ. Нэгд та “Яагаад IELTS-д өндөр оноо авах хэрэгтэй вэ?” гэдэг зорилгоо яг таг гаргаад цаасан дээр бичиж тэмдэглэ. Таны зорилго шалгалтанд өндөр оноо авахуулхаар их хүчтэй байх хэрэгтэй гэдгийг санаарай. Энэ бол хамгийн чухал алхам шүү. Ихэнх сургууль 6.5 оноог шаарддаг учраас хүмүүс энэ оноонд их зорьдог. Тэгэхээр уг оноог авахын тулд 6.5Ч4=26 оноог дөрвөн чадвар дээрээ цуглуулах хэрэг болно. Өөрийнхөө англи хэлний чадвараас хамаараад шалгалтын аль чадвар дээр хэдэн оноо авахаа яг таг төлөвлөөд бич. (L-6.5, R-7.5, S-6.0, R-6.0 гэх мэтээр) Хаа хүртэл авирахаа шийдээгүй уулчин хэзээ  ч уулын орой дээр гардаггүй гэдэг шүү дээ.

Хоёр дахь шат бол та өөртөө боломж үүсгэх. Энэ шалгалт Монголд сард нэг, хоёр удаа авагдаж байгаа ч бүртгэл нь шалгалт авах өдрөөс сарын өмнөөс хаагддаг. Тэгээд ч тухайн сардаа өгөхийн тулд сар гарангын өмнөөс очиж бүртгүүлэх хэрэгтэй болно. Тэгэхээр танд үндсэндээ сараас сар хагас бэлдэх хугацаа дор хаяж гарч ирнэ. Энэ хугацаанд танд яг шалгалтандаа бэлдэх цаг гаргах төлөвлөгөө хэрэгтэй. Та төлөвлөгөөгөө хир сайн гаргана төдий чинээ л өөрийнхөө шалгалтанд гаргах амжилтаа өндөр байлгана шүү. Өдөр болгон нэгээс хоёр цаг бэлдэхэд л хангалттай даа. Хэт их цаг таныг дэмий залхаах бол хэт бага цаг танд хангалтгүй. IELTS-д бэлдэгчдийн групп-д нэг залуу өглөөний 5-аас эхлээд оройн 19-н цаг хүртэл бэлдээд 6.0 оноо авч чадахгүй байгаа гэх сэтгэл эмрэм түүх тавигдсан байсныг санаж байна. Та өөртөө боломж үүсгэх төлөвлөгөө гаргахдаа “Work smart, not hard” гэх үгийг санаж гаргаарай. Амьдрал хийж байгаа зүйлээ үзэн ядаж байхад дэндүү хайран шүү дээ. Өдөрт хоёр цаг бэлдэх хуваарь гаргаад түүндээ бэлдэх материалаа гар дээрээ бэлэн байлгах хэрэгтэй. Материалын хувьд нет-д байгаа материалууд аль нь ч болно доо. Cambridge Practice Test бол сайн, гэвч зөвхөн энийг хийгээд байх дутагдалтай. Энэ чинь практик тест болохоос хүний чадвар өсгөх зориулалттай ном биш. Зарим хүмүүс энэн дээр олон ажиллах тусам сайжрана гэж боддог ч үнэндээ олон удаа өөрийгөө сорьж байгаагаас өөр зүйлгүй. Хүмүүсийн хандлагыг хараад байхад Barron’s book их амархан юм шиг байгаа юм. За мэдээж сүүлийн шат бол хуваарийнхаа дагуу шалгалтандаа бэлдэж эхлэх.

Бэлдэх үедээ нөгөө IELTS-н эмзэг цэгүүдийг бодно шүү дээ. Listening, Reading-н асуултын төрөл болгонд л хэрэглэж болох арга, цохиод байх эмзэг цэг бий. Бэлдэж байхдаа өөрт таарч байгаа “цохилт”-н арга техникээ боловсруулна даа. Одоо ерөнхийд нь шалгалтанд байх эмзэг цэгүүдийн талаар ярилцая. Listening хэсэгт шалгалтын кассет нэг л удаа тоглогдоно. Тийм учраас сонсож байх зуураа хариултаа бөглөөд байх хэрэгтэй болно. Гэвч шалгалтын төгсгөлд хүмүүсд 10 минутыг бөглөсөн хариултаа шалгалтын хариултын хуудас руу буулгах хугацаа өгөгддөг. Иймд сонсож байх зуураа зөв хариулт байж болох сонголтуудаа тэмдэглээд л тэр хариултаа шалгалтын сүүлд хариултын хуудсанд буулгана гэсэн үг. Listening эхлэхийн өмнө болон Listening section болгоны өмнөхөн хэсэг хугацааг танд асуултаа хараг гэж өгдөг.

Энэ бол тоглоомын Listening-н боссын эмзэг цэг нь. Энэ хэсэгт та ердөө гуравхан зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эдгээр нь: асуултаа хар гэж танд өгөгдсөн хугацаанд та асуулт, хариултынхаа гол утга агуулсан үгсийг тэмдэглэж авах, асуултаа уншиж байх зуураа юу сонсох гэж байгаагаа таамаглах, сонсож байх зуураа гол утга агуулсан үгсийг тэмдэглэж авах. Асуултынхаа гол үгсийг тэмдэглэж авсанаараа та сонсож байх зуураа асуултынхаа хаана байгааг баримжаалаад аль асуултанд харилт гарч байгааг сонсоод байх болно. Харин сонсохоосоо өмнө юу сонсох гэж байгаагаа таах нь ид шидийн гэмээр нөлөөтэй. Хир сайн сэдвээ таана төдий чинээ сонсох шалгалт чинь амархан байх болно. Тархи бидэнд ч мэдэгдэлгүйгээр тэр сэдэвтэй холбоотой үгс, мэдлэгийг богино хугацаанд танд сэргээж өгнө. Харин гол үгсийг хариултынхаа хажуугаар тэмдэглэж авсанаараа танд сүүлд өгөгдөх 10 минутын хугацаанд бөглөж амжаагүй асуултандаа тохирсон харилт олох боломжтой болно. Хүн 5минутын дотор л хариултын хуудсаа бөглөөд дуусгачихаж амжина. Үлдсэн хугацаанд нэг ч гэсэн асуултанд хариулж байвал таны оноонд л нэмэртэй шүү дээ. Сонссон хэсгээсээ юу ч тэмдэглэж аваагүй бол энэ хугацаанд шинээр бөглөөд байх хариулт толгойнд нь орж ирэхгүй л болов уу. Яагаад гэвэл та богино хугацаанд их зүйл сонссон учраас тархи тань ядарсан байна шүү дээ.

Reading хэсэгт бол яг л гурван эмзэг цэг бий. Skimming хийх, Scan хийх, гол үг тэмдэглэж авах. Skim бол барууны их сургуулийн оюутнууд хэрэглэдэг уншлагийн нэг арга. Ерөнхийдөө бол уншихаар өгөгдсөн сэдвийн гол зүйлсийг тэмдэглээд, хэрэггүй хэсгийг уншихгүй байхыг л хэлж байгаа юм. IELTS-н reading-н passage-уудыг үг бүрчлэн унших хэрэггүй, түүнчлэн ойлгох гэж уншаад ч хэрэггүй, өөрийнхөө мэдэхгүй үгтэй таарчихаад тэрийг ойлгох гээд ч байх бүүр хэрэггүй. Reading өгөгдсөн нэг цагийн хугацаанд ойролцоогоор 3000н үгийг нэг бүрчлэн уншаад асуултандаа хариулах нь ухаалаг тактик биш учраас өгөгдсөн текстийг бүгдийг нь унших хэрэггүй. Түүнчлэн ойлгохгүй байгаа зүйлээ бодож сууж байснаас дараагийн асуултандаа ажиллаж байсан нь цаганд хэмнэлттэй. Шалгалт маань академик гэх тодотголтой учраас сонин сонин үг гарцаагүй орж ирнэ. Тэрийг нь мэдэхгүй байх нь ч тодорхой байх зүйл учраас энэ бол тийм гэмт хэрэг шиг зүйл бол биш.

Харин академик форматтай текстийн эмзэг цэг нь ийм текстийг англиар ойлгодог, ерөнхийдөө ухаалаг хүмүүсд зориулж бичих хэрэгтэй гэх заавартай. Тэгэхээр хэт мэргэжлийн хэллэг, онцгой үгнүүд маань заавал хажуухандаа хүн ойлгохоор тайлбартай байж байдаг. Мэдэхгүй үгээ ойлгоё гэж хүсвэл тэр тайлбарлах хэсгийг хайж болох ч ер нь л ямарваа юмыг ойлгох гэж цаг алдаж байхаар өөр асуултанд ажиллаад хариултаа уургадаж байх нь дээр шүү. Энэ шалгалт 40н асуултаас хэдийг нь зөв хийсэн бэ гэж шалгахаас биш таныг өгөгдсөн текстийг хир зэрэг ойлгосон бэ гэдгийг шалгадаггүй гэдгийг анхаараарай. За Skimming хэрхэн хийх рүү эргэн ороход өгөгдсөн эхийн хамгийн эхний бүлэг болон сүүлийн бүлгийг бүтнээр нь уншаад, дундахь бүлгүүдийн зөвхөн эхний болон сүүлийн өгүүлбэрийг уншихад л хангалттай. Зарим дундахь бүлгүүдээс бол сүүлийн өгүүлбэрийг нь ч уншаад байх ч шаардлага гарахгүй. Яагаад ингэж сонгож уншаад байгаа вэ гэхээр энэ хэсгүүд академик эхийн эмзэг цэг нь болохоор л тэр.

Бүлэг болгоны эхний өгүүлбэртээ тухайн бүлэгт юу бичигдсэн байгаа талаар хэлэх бол эхийн эхний бүлэгт тухайн эхэд юу бичигдсэн байгааг дурьдаад, сүүлийн бүлэгт тухайн эхэд юуны талаар бичсэнийг базаж бичдэг. За нэг бүтэн эхийг бол 2минутанд амжаад skimming хийгээд дуусгачихна. Харин Scan хийх гэдэг маань яах вэ гэхээр skim хийж байх явцад бусдаас содон үгсийг тэмдэглэж авах юм. Содон гэдгээр ямар үгсийг хэлж байгаа вэ гэхээр ямар нэг тоо баримт, хүний нэр, эсвэл оноосон нэрнүүдийг хэлнэ. Уншсан бүлгээ юуны талаар гэдгийг ганц хоёр үгээр хажууханд нь тэмдэглээд биччихвэл танд эргээд асуултанд хариулж байх үедээ асуулттайгаа холбоотой хэсгээ олоход чинь хэрэг болно. Ер нь бол reading хэсэгт асуултаа хариулттайгаа харьцуулаад тэндээсээ зөв хариултаа олоод яваад байх нь ашигтай тактик. Ойлгох гэж биш зөв хариулттай хуудас хураалгах гэж л тэнд бүтэн цаг хэдэн мэдэхгүй үгтэй зууралдаж сууна гэдгээ бодоорой. Би л лав уншиж байгаа эхээ ойлгоогүй хирнээ reading дээрээ хангалттай оноогоо аваад л гарч байсан. Харин хүмүүс ойлгох гэж л их цаг дэмий үрдэг.

Энэ хоёр хэсгийн дараа Writing эхлэнэ. Хоёр асуултанд хоёр эссэ бичих ганцхан цагийн хугацаа өгөгдөнө. Эхний асуулт бол ямар нэг дата эсвэл бүдүүвч зураг тайлбарласан report essay бичих хэрэгтэй болох бол хоёр дахь эссэ бол өөрийн санаа бодлоо илэрхийлэх discussion essay байх болно. Миний хувьд бол хоёр дахь эссэ нь их амархан. Яагаад гэхээр эссэнд байх ёстой бүрэлдэхүүнүүдийг бичээд өөрийн санаагаа тодорхой гаргаад бичихэд л болоо учраас. Харин эхнийхд report essay-г 150хан үгэнд багтаах бол надад цаг авсан зүйл. Харин бүсад хүмүүсд бол өөр байдаг санагдсан. За тэгэхээр энэ хэсгийн эмзэг цэгүүд юу билээ гэхээр эссэнүүдийнхээ яс болох холбоо үгсээр бүрдсэн үгсийг цээжлээд орох боломжтой. Эссэ л учраас өгүүлбэр болгоны хооронд холбоо үгс ашиглавал зүгээр байна, түүнчлэн өөрийн санаагаа илэрхийлэх академик холбоо үгс гээд зөндөө бий шүү дээ. Би сүүлд ийм үгсийг нэг эссэнд яс болгоод бичихэд тэр холбоо үгс маань 130 орчим үгтэй болж байсан. Task 2-н 250 үгтэй эссэнийхээ талыг цээжлээд орчихож байна л гэсэн үг юм даа. Эмзэг цэг болж чадаж байгаа биз? Магадгүй ийм учраас л task 2 эссэ цээж бичиг шиг л амархан байгаа биз. Харин task 1-д датанаас хамаарч асуулт бүр өөр учраас яг ийм яг таг хийсэн яс гаргаж ирэх боломжгүй ч академик эссэнд байх ёстой хэсэг болгонд бас л хэдэн холбоо үг бэлдээд цээжилчихэж болно. Энэ хэсэгт таны санаагаа яаж илэрхийлэхийг л шалгаж байгаа болохоор мэдэмхийрэх, хүний хэлсэн үг бичих зэрэг ухаалаг биш сонголт. Тэгэхээр академик эссэнд байх ёстой зүйлсээ сэргээж давтаад тэрийгээ бичихэд анхаарлаа хандуулж бэлдээд авахад л болно доо. Амархан байгаа биз?

Хамгийн сүүлд ярианы шалгалтан орно. Speaking нийт гурван хэсэгтэй. Эхний хэсэгт ойр зуурын зүйлс ярилцана. Таны мэргэжил, англи хэл хир удаан сурж байгаа гэх мэт. Энэ хэсгийн ихэнх асуултанд ганц үгээр хариулах боломжтой байдаг ч тэгэх хэрэггүй. Энд нэг эмзэг цэг гарч ирж байгаа юм. Та нэг хариулт өгөөд тэр хариултаа дэлгэрүүлж өөр нэг өгүүлбэр хэлээд байх нь танд ашигтай. Яагаад гэвэд шалгагчид эхний хэсгийг авах хугацаа гэж байгаа бөгөөд та асуултандаа хурдан хариулаад байх тусам тэр хүнд уг хэсгийг дуусгах хугацаа нь болоогүй учраас асуух өөр асуултаад байгаад л байна гэсэн үг. Дэлгэрүүлж хэлэхдээ Why, when, where, how, who гэх асуултанд хариулагдах байдлаар өгүүлбэр хэлэхэд болно. Хоёр дахь хэсэгт танд нэг асуулттай карт өгөгдөх ба тэр асуултанд хариулах болон асуултанд багтааж хэлээрэй гэх 3-4н жижиг сэдвийг ганцаарчлан ярих 1-2 минут байх болно.

Хоёр минутаас хэтэрсэн үед шалгагч таныг шууд зогсооно. IELTS-н талаарх судалгааны ном уншиж байхад шалгагчдын нилээн их хувь нь энэ хэсэгт хир байгаагаас хамаарч оноогоо тавьдаг гэж байсан. Тэд таны авч болох оноог тэмдэглэчихээд дараагийн хэсэгт тэр оноондоо хүрэхээр эсвэл тэр онооноос илүү оноо авах чадвартай байна уу гэж шалгадаг гэж ойлгоход болно. Түүнээс гадна хоёр дахь хэсэгт нэг том эмзэг цэг байдаг. Энд ирж байгаа асуултууд нь таны санаа бодлыг асуусан маягтай байх ба нэг эссэг амаар уншаад өгч байгаатай л ялгаагүй гэж үзэж болно. Writing task 2 дээр холбоо үгийг цээжлээд бэлдэж болж байгаатай адилаар энэ хэсэгт ч ингээд бэлдэж болно. өөрийнхөө бодлыг хэлэх холбоо үг, 3-4н жижиг сэдвийн хооронд шилжих холбоо үгс гэх мэтээр. Ийм үгс бэлдээд энийгээ ямар ч асуулт ирсэн эдгээр холбоо үгнүүдийнхээ хооронд ирсэн асуулттай холбоотой бодсон үгээ хэлээд байхад л ярианы энэ хэсэг цээжилсэн шүлэг уншиж байгаатай ялгаагүй болно доо. Харин гурав дахь хэсэг бол арай ингэж бэлдэхэд барьцгүй. Асуултын хүрээ, хандлага нь баригдашгүй учраас шүү дээ. Гэхдээ энд мөн л эмзэг цэг бий.

Ямар ч асуулт ирсэн тэр асуулт маань нэг тийм абстракт, таны байр суурийг шалгаасан байх нь элбэг. Яг ийм байх ёстой, тийм л байдаг юм гээд хариулчиж болохооргүй асуултууд байна гэсэн үг. Ийм асуултанд та хоёр талыг бариад хариулчихаж болно. Академик ярианы дүрэм дээрээ ч ямарваа зүйлийг хоёр талаас нь барьж авч үзэх хэрэгтэй гэж байдаг болохоор ингэж хариулах танд ч бүүр ашигтай байх болно. Нэг талыг нь барьж ганц хоёр өгүүлбэр хэлээд, үргэлжлүүлээд нөгөө талаас нь бага зэрэг яриад цагаа явуулаад байх хэрэгтэй. Яагаад гэхээр шалгагчид оноогдсон хуваарьтай цаг байгаа шүү дээ. Цагаа идээд л байх тусам танд бага цоо шинэ асуулт ирнэ гэсэн үг. Харин цаг иднэ гээд дуугүй суугаад байв даа. За тэгээд мэдээж элдэв холбоо үгс, бодож байх үедээ хэлэх үгс зэргийг цээжлээд авчихаж болно шүү дээ бас. За эдгээр зүйлсийг анхаарч аваад бэлдээд байхад болно доо. Мэдээж Reading, Listening хэсгийн асуултын төрөл болгон дээр ажиллаж болох аргачлал байгаа ч энэ нийтлэлийн зорилго нь өөр учраас бичихгүй орхилоо.

Зарим хүний хувьд нэг том асуулт байдаг. Тэр нь юу гэхээр англи хэлний ямархуу хэмжээтэй байх шаардлагатай вэ гэх. IELTS-н шалгалт маань олон жилийн турш олон улсад шалгагдаад ирсэн англи хэлний түвшин тогтоох шалгалт учраас таны түвшин ямар байна тэрэндээ таарсан оноогоо авна. Тэгэхээр өндөр оноо авахыг хүсвэл англи хэлнийхээ ерөнхий түвшин чинь өндөр л байх хэрэгтэй гэсэн үг дээ. 5.0-5.5 мэтийн оноог бол хүн болгон л авч чадна, харин 6.0-6.5 оноо авахад таниас хөдөлмөрлөхийг шаардана. За тэгээд энэнээс дээш оноог бол тухайн хүний англи хэлний хэрэглээний байдлаас л болно доо. Тэгээд ч энэнээс дээр оноо хүнд дэмий онгирохоос өөр хэрэглээ байгаа нь ховор доо. Их сургуульд бол 6.5 оноо л шаардана, зарим сургууль эсвэл сэтгүүлч гэх мэт мэргэжилд 7.0 шаардагдана. Хэрвээ энэ чиглэлээр зааж багш кареер хөөх бол 8.5 хэрэг болно. Тэгэхээр аль нэг газар Mock test хийгээд л үзчих. Faro Education Center-д хагас сайн болгонд IELTS Mock test авагддаг. Жинхэнэ шалгалтаас их ялгараад байхгүй учраас тэнд авсан оноо нь таныг хир оноо авах чадвартай байгааг харуулж өгнө.

За тэгээд ер нь ч нээх их англи хэлний мэдлэг шаардаад байх ч шалгалт биш дээ. Миний хувьд би энэ шалгалтыг өгч байх үедээ гурван цагаа мэддэг, өгүүлбэрийн таван бүтцээ мэддэг, English composition-ы мэдлэгээ их анхаардаг байсан даа. За тэгээд active, passive бичилт дөнгөж судлаад гартаа оруулж байсан үе юм даа. Үгийн баялагын хувьд бол их хумигдмал байсан. Ямар сайндаа найзындаа кино үзээд налайгаад сууж байхад найз маань надаас "Харамч гэхийг англиар юу гэх вэ?" гэж асуухад нөхөр ичих ч үгүй "Мэдэхгүй ээ" гэж хариулж байхав дээ. Найз маань чи ийм байж яаж IELTS-н оноогоо авсан юм гээд л өнгөрч билээ. Ер нь би хэзээ ч тэгж шинэ үг тогтооно гээд цаг гаргаж хичээллэж байгаагүй, яагаад гэхээр угийн тэгж тогтоож чаддаггүй нөхөр л дөө. Үгийн баялаггүй ч гэсэн English composition-ээ мэдлэгийн ачаар уншиж байхдаа энэ юу гэж байгаа юм бол гэж ойлгохгүй байх тохиолдол маш бага гардаг. Миний энэ байдлыг норм болгоод шалгалтаа өгнө гэж бодохоосоо өмнө бид хоёрын бодох байдал, шалгалтанд ажиллах аргачлал өөр гэдгийг тунгааж үзээрэй. Ер нь бол IELTS Mock авдаг газар (Faro Education Center гэж газар бий гэж өмнө хэлж байсан даа) шалгалт өгөөд тэндээс хир зэрэг оноо авахаар байгаагаа баримжаалж авсан нь илүү үр дүнтэй.

Бэлдэж байх хугацаанд хүн болгонд шантрах, ядрах, юу ч ойлгохгүй байх, өөрийнх нь түвшин дээрдэхгүй байх тохиолдол заавал тохиолдоно. Энэ үед л хичээлээ үргэлжлүүлж улам шамдан хийх хэрэгтэй дээ. Яагаад гэхээр нэг зүйлийг олон давтан хийж ясныхаа хөлсийг гартал хөдөлмөрлөж байж л тухайн зүйлээ бүрэн төгс сурна. Арван жилд тооны багш маань "Та нар ирээдүйдээ дэлхийд Монгол гэх нэрийг гаргах хүмүүс болно. Ясныхаа хөлсөө гартал хичээлээ давтаж байж л амжилтанд хүрнэ шүү" гэж их захиж байж билээ. Үүнтэй адилхан утгатай үгсийг бүхий л амжилтанд хүрсэн хүн болгон хэлдэг. Нэг удаа сэтгүүлч Усайн Болтын өглөөний бэлтгэл дээр очиж ярилцлага авч байж л дээ. Өглөө их эрт байсан ч Усайн Болт аль хэдийнээ олон цаг бэлтгэл хийчихсэн байсан байж. Уг нь дэлхийн хамгийн хурдан хүн ингэж байх хэрэг байгаа ч юм уу үгүй юм уу гэх бодол хүн болгонд л төрж байгаа биз. Уг сэтгүүлч Усайн Болтоос уралдаанд амжилт гаргах талаар асуухад "Уралдаан уу? Тэмцээн бол хуурамч үзэгдэл. Хөдөлмөрлөх бол нүдний далд болдог зүйл. Харин тэмцээн бол юу юм? Бүх зүйл нүднээс далд хир хөдөлмөрлөснөөс хамаардаг. Уралдаанд хаа хүртэл, хэдий чинээ хурдлах чинь хир их хөдөлмөрлөснөөс л хамаарна" гэж хариулсан.

Image credit: Motivationblog.org

Хүн болгон л хөдөлмөрлөх чадвартай. Харин тэгж чадах эсэх нь тухайн хүний зорилгоос их хамаарна. Түрүүхэн IELTS шалгалтанд бэлдэх шатаа гурав хуваагаад, хамгийн эхэнд өөрийнхөө зорилгоо тодорхойлох гээд үүнийг хамгийн чухал нь гэж байсан даа? Одоо яагаад хамгийн чухал байгааг тайлбарлая л даа. Хичээлээ хийгээд гацаж, ядарч, түвшингээ ахиулж чадахаа больж, цаашид яаж сайжрахаа мэдэхгүй болох үед хүн болгон л больмоор санагдана. Харин энэ л үед өөрийн зорилгоо санаж цаашид хичээлээ хийх урам зоригоо авах хэрэгтэй болно. Яагаад энэ шалгалтыг мөнгөө үрэн байж өгөх хэрэгтэй болоо вэ? Монголд гадаадад сурах нь залуучуудын моод болсон байгаа учраас уу, энд хийх зүйл олдохоо болиод гадагшаа явмаар санагдаа юу, гадагшаа гарч барууныхан яаж зугаацдагыг мэдмээр санагдаа юу, эцэг эхийнхээ шийдээр л гадагшаа явж сурах хэрэгтэй болоо юу, эсвэл өндөр зэрэг эзэмшиж сайн боловсролтой болох нь чиний амьдралын гол зорилго болсон учраас уу? Хүчтэй зорилго хүнд төсөөлж байгаагүй их хүч өгдөг. Нэг жишээ түүх яръя л даа. Хүн болгоны мэдэх алдарт боксчин Майк Тайсоны рингэн дээрх анхны ялагдалын талаарх түүх зорилготой хүн юуг ч хийж чадна гэдгийг батлах шиг болдог. Тухайн үед Майк Тайсон ялагдах байтугай хүнд цохилтонд орж үзээгүй байсан ба энэ тулаан нь түүнийг дараагийн тулаанаа хийх хүртэлх "бие халаалт" тулаан гэж тооцогдож байсан. Харин түүний өрсөлдөгч Жэймс Доуглас бол зүгээр л "underdog" боксчин. Тулаан болохын өмнө Жэймс Доугласын хүнд өвчтэй ээж нь "Миний хүү ялах болно" гэж ярилцлага өгөөд бурхан болсон байж. Яг тулааны өдөр Майк байдаг шигээ л Жэймсийг хэд хэдэн удаа хүнд цохилтонд оруулж тоолуулж байсан ч 10 дахь үед өөрөө анх удаагаа хүнд цохилтонд орж улмаар аваргын цолоо Жэймсд алдсан. Тулааны дараа сэтгүүлчид Жэймс Доугласаас яагаад энэ тулаанд ялж чадваа гэж асуухад "Because of my mother…God bless her heart" гэж хариулт өгсөн. Хэний ч санаагүй зүйлийг өөрийн зорилгоо болгоод зүтгэхэд хэний ч бодоогүй хүч хаа нэгтэйгээс гарч ирдэг нь энэ шүү дээ.

Image credit: BoxingHallofFame.com

Хүн болгон гадаадад сурахын тулд энэ шалгалтыг өгч байгаа ч заримдаа энэ нь хиймэл хоосон мөрөөдөл шиг санагдаад байх нь элбэг. Тэгэхээр өөрт чинь юу хичээл хийх хүч өгч байна гэж хайгаад үз. Тэрийг олоод өөрийнхөө IELTS-н эмзэг цэгийг цохих чадвар дээрээ ажиллаад л байх хэрэгтэй. Надад ч бас гадаадад сураад дэлхийн хэмжээний боловсрол эзэмших хүсэл байсан ч яг хичээл хийгээд суугаад байхад хоосон мөрөөдөл шиг санагдаад хүчтэй түлхэц болж чадахгүй байх үе хааяа хааяадаа гарч ирч л байсан. Тэгэх үед азаар надад өөр нэг түлхэх хүч гарч ирсэн. Хэн нэгэн миний "мундаг" танил надад өөр шиг нь 6.5 оноо авч чадахгүй гэж хэлсэн. Яахав тэгж хэлэх үндэслэл нь бол байсан. Би тэр хүн шиг тийм сайн англи хэлгүй, тэр хүн шиг хурдан гацалгүй ярьж чаддаггүй, үгийн баялаг байхгүй, уншсан сонссон зүйлээ тэр хүн шиг хурдан ойлгоод бусадтай харьцах чадвар байгаагүй учраас л тэгж хэлэгдсэн хэрэг. Ер нь ч угаасаа би тийм мундаг ухаантай, юмыг ойлгож хүлээх чадвар нь хурдан хүн ч биш. Яахав хүмүүс надаас илүү ухаантай, боломж ихтэй, баян сэхээтэн айлаас гаралтай, нийгмийн давхаргаар дээгүүр, гадаадад зөвлөөд туслах ах дүү хамаатан садантай байж болох ч надад бусдын адил нэг өдөрт хорин дөрвөн цаг миний мэдэлд бий. Энэ л тэр хүний амыг таглахад хангалттай байсан. Одоо ингээд харахад би гадаадад сурахаар явж тэр хүн маань "мундаг” байдлаараа л өөрт тохирох сурах сургуулиа хайнгаа Улаанбаатард нээгдэж байгаа дэлхийд салбартай сүлжээ coffee shop-д сууж, дэлхийн том том брэндүүдийн талаар болон гадаадад амьдрал хир сайхан талаар хууч хөөрөн англи хэлээ бусдад гайхуулж суугаа.  Өөртөө ямар ч шалтгаан олсон хамаагүй тэрийгээ өдөр болгон өөртөө хэлж ирээдүйд хүрэх сайн сайхнаа оюундаа төсөөлж байхад IELTS-д бэлдэх байтугай л хүч өөрөөс тань гарч ирнэ.

Хэдийгээр хичээж сайн сураад байх хэрэгтэйгээ мэдэж байгаа ч гэсэн хүмүүс сурж байх үедээ зарим зүйлд сатаараад хичээлээ хаяаад явах нь элбэг. Шантарч, гацаад орхиж болно. Эсвэл найзууд танилууд охидууд залуучуудтай уулзаж зугаа цэнгэл хөөх шаардлага гарсан ч байх нь элбэг. Улааанбаатард маань дэлхийн стандарт бүхий гоё гоё зугаацах газрууд бол зөндөө зөндөө. Ийм ч учраас залуучууд маань их зугаацах дуртай байдаг биз. Мэдээж залуу хүн учраас цагаа сайхан дурсгалтай өнгөрөөх хэрэгтэй, гэвч үүнээс гадна өөр нэг бодож үзэх зүйл бий. Бид бүгд дэлхийн хэмжээнд зэрэглэгдэх их сургуульд орж, өөрийн боловсрол, ирээдүй болон эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах эхнийхээ алхам хийхийн тулд л тэр IELTS гэж шалгалтыг өгөх гэж байгаа биз? Гэвч өөрийн тань орохыг хүсэж буй сургуульд өөртэй чинь адилхан настай, зорилготой, оюуны чадавхтай хэдэн мянган залуус орохоор өөртэй чинь өрсөлдөж байгаа. Хоромхон зуур ядраад хичээлээсээ сатаарч байхад чинь дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн өөрийн чинь дээр гарч чиний зорьж буй сургуулийн урилга, тэтгэлэгийг авахаар хамаг хүчээ дайчилж суугаа гэдгийг санаарай. Өөрийг чинь зугаацаж байхад хаа нэгтээ Хятадад хэдэн сая хүн тэр IELTS-д бэлдэж байгаа, Ойрх дорнодын дайн болж байгаа орны залуус эх орноо хөгжүүлэх үүрэгтэй хичээлээ хийж байгаа, дэлхийн нөгөө өнцгийн Африкт залуус шороон дунд англи хэлээ давтаад бүхэл бүтэн тивээ хөгжүүлнэ гэж зорьж байдаг гэдгийг бодож үзээрэй. Хэзээд хаана ч "international" гэх үг орсон юм болгон бидний хардаг жалга дов, нөгөө ангийн мундаг Дорж Дулмаа, хороолол байр дошны хүрээллээс хаа хол давч гараад дэлхийн бүх улсын хэмжээнд хүрч яригддаг шүү дээ.

Image credit: Anonymoys news

Шалгалт өгч байхад танд аз таарна гэж байхгүй. Ер нь ч угаасаа амьдралд аз гэж байхгүй, ажлын үр шим л гэж бий шүү дээ. За нэг асуултын төрөл дээр ажиллах аргачлалтай боллоо гэж бодъё л доо. Тэр үед манай залуус яадаг вэ гэхээр тэрийг зөв хийдэг болох хүртэлээ оролддог. За нэгэнт зөв хийдэг болонгуутаа "би бол бүхнийг мэдэгч чадагч аугаа их сэхээтэн" болоод хичээлээ хийхээ больдог. Үнэндээ тэр өдрийн тэр асуултанд л тэр техникээр зөв хариулж болоод таарсан ч юм уу хэн мэдлээ. IELTS-н шалгалтын асуултуудад ашиглаж байгаа техникүүдийг зөв хийдэг болтолоо биш хэзээ ч буруу хийж чадахааргүй болтолоо эзэмших хэрэгтэй. Шалгалтанд ямар ч байдлаар ирээ билээ хэн мэдэхэв, ямар ч л байсан хийгээд алдаагүй тэр тесттэй чинь яг адилхан л лав ирэхгүй. Хэрвээ сургалтанд сууж буй бол багшийнхаа зааж буйг сайн сур, даалгавраа сайн хий, хичээлдээ битгий хоцор, хичээлээ битгий тасал, яагаад гэхээр чи өөрийнхөө цагаас гадна багшийнхаа цагийг хүндэлж үзэх хэрэгтэй. Үүнээс гадна өөрөөсөө чадвараар илүү хүмүүстэй хамт давтлага хий. Чамаас муу хүмүүс дунд чи өөрийгөө их мундаг байгаа юм шиг мэдэрч сайхан байх ч чи өөрөө хамгийн муу нь байх хүмүүсийн дунд чи их юм сурна шүү дээ.

За тэгээд эдгээр зүйлийг санаад өөрийнхөө чин хүслээр хөдөлмөрлөхөд IELTS шиг амархан шалгалт энэ хорвоо дээр байхгүй болно доо. Амжилт smiley

Эх сурвалж: Д.Төмөртогтохын блог

#IELTS #World #teenagers