Цахим ертөнцийн донтолтоос хол байх 10 зөвлөгөө


Сондор | YOLO.MN
2020-04-16

Интернэт буюу цахим ертөнцөд донтоод байгаа юм биш биз. Өөрийгөө тийм биш байх гэж бодсон ч чамд дараах шинж тэмдгүүд илэрч байвал чи яах аргагүй донтжээ.

  • Өглөө сэрээд л цахим ертөнцөд холбогдож, хаягаа шалгадаг бол

  • Хичээлтэй холбогдолтой зүйл эсвэл хоолны жор харах гэж интернэтэд холбогдсоноо мартаж тэс хөндлөн өөр зүйл үзээд байдаг бол

  • Зурагтаар дуртай кино чинь гарч байсан ч утсаараа интернэтэд холбогдож киноныхоо зөвхөн дууг нь сонсож “үзсэн” болж байгаа бол

  • Ариун цэврийн өрөөнд утсаа авч орон, уг өрөөнд байх зорилго чинь аль хэдийнэ дууссан ч чи утсаараа оролдсоор байгаа бол

  • Өөрийн хаягаа шалгахгүй л бол байж сууж чадахгүй мэт мэдрэмж төрж байвал мөн нэг л мэдэхэд утсаа оролдож эсвэл компьютер ширтэн сууж байдаг бол

  • Интернэтэд холбогдсон хойноо удаан сууснаа ч анзаарах сөхөөгүй, нэг л мэдэхэд олон цаг зарцуулчихдаг бол

  • Ээж чинь эрт унтахыг сануулсан ч, өглөө эрт хичээлтэй гэдгээ мэдсээр байж чи шөнө дунд хүртэл цахим ертөнцөд хэрэн хэсүүчилдэг бол чи донтжээ.

    Дээрх шинж тэмдгүүд бүгд, бүр байнга тохиолддог бол чи маш их донтсон гэсэн үг. Харин цөөн хэдэн шинж нь илэрсэн бол чи донтоход маш ойрхон байна. Ямартаа ч донтсон болон донтож буй хүн өөрийгөө татан авахад хэзээд оройтоогүй байдаг.

    Чи цахим сүлжээнд зарцуулдаг цагаа өөртөө тэр дундаа хичээлдээ, хайртай хүмүүстээ зарцуулж амьдралыг илүү баялаг, хөгжилтэй, адал явдалтай, эерэг болгож болдгийг санах хэрэгтэй. Нэг үгээр хэрэгтэй зүйлдээ л цаг заваа гаргаж цахим ертөнцөд үрэх цагийнхаа тунг л тааруул. Энгийнээр бодоод үз. Хөөрхөн охины зурганд эрхий хуруу гозойлгож байхаар ээжийгээ нэг үнсээд хайртайгаа хэлбэл ижий чинь яасан их баярлах бол оо.

    Тиймээс хэтэрхий их цагийг цахим ертөнцөд өнгөрүүлж, энэ нь буруу гэдгийг мэдэж байгаа хэрнээ өөрийгөө татан авч чадахгүй байгаа бол чамд туслах дараах зөвлөгөөг хүргэж байна.

  1. Нэгэнт донтсон гэдгээ хүлээн зөвшөөр
    Хэрэв үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй бол чи цахим ертөнцөөс салж чадахгүй, донтсон нэгэн байсаар үнэт цагаа үрэн таран хийсээр л байх болно. Тиймээс дээрх шинжүүд илэрсэн бол донтсон гэдгээ хүлээн зөвшөөр.

  2. Цахим ертөнцтэй хамааралгүй хоббигоо хөгжүүл
    Интернэтэд холбогдоогүй байна гээд гар утсан дээрээ тоглоом тоглохыг үүнд тооцохгүй шүү. Өөрийн дуртай спортын клубт хамрагд, хөгжим, бүжиг дуу гээд л тэдэн дундаас аль дуртайгаа сонго. Найзтайгаа өглөөд гүйж, дасгал хийсэн ч болно. Өөрийн хобби, сонирхолтой холбоотой юу хиймээр байна, түүнийгээ хий.

  3. Хичээлдээ мэрий
    Цахим ертөнцөөс “салъя” гэж шийдсэн л бол одооноос хичээлдээ мэрийлттэй ханд. Нэг үгээр чамд маш их зав гарах ба үүнийгээ хичээлдээ зарцуул гэсэн үг. “Энэ хүн чинь юу болоо вэ” гэж багш, ангийн хүүхдүүд чинь гайхширтал хичээлдээ идэвхтэй бай, тэднийг ангайлга. Гэрийн даалгавраа цаг тухайд нь эртхэн хийж, дараагийн хичээлд юу үзэхийг өөрөө давхар судлах нь чамд л давуу тал болно. Ном унш. Сард тэдэн ном уншина гэсэн зорилго тавьсан ч болно.

  4. Оройн хоол хийхэд тусал
    Хоол хийхийг зөвхөн охид бүсгүйчүүдийн ажил гэж бодож байна уу. Үгүй л дээ. Ажлаасаа ирээд ядарсан ч хоол хийгээд зогсож байгаа ээждээ туслах нь чиний хэр сайн хүүхэд вэ гэдгийг илтгэнэ. Эцэг эхдээ хоол хийхэд хамжилцах нь чи зөвхөн интернетийг алгасах гэсэндээ ингэж байгаа биш гэр бүлийн дунд илүү дотно, сайхан харилцаа үүснэ гэдгийг санаарай. Учир нь хамтдаа хоол хийж байхдаа их зүйлс ярих боломжтой байдаг.

  5. Найзуудтайгаа гадагш гар
    Найзтайгаа цагийг өнгөрөөх шиг сайхан зүйл гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй. Хамтдаа заал ав, боулинг тогло, дэлгүүр хэс, нохойгоо салхилуул. Ер нь хамтдаа юу хиймээр байдаг түүнийгээ хий. Харин вайфайтай кофе шоп, цайны газарт бүү ор гэж зөвлөе.

  6. Гэр бүлийн цагийг төлөвлө
    Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрөөх санааг гаргаж, төлөвлө. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ийм санааг ихэд дэмжин хүлээж авдаг юм шүү. Оройн хоолны дараа гэр бүлээрээ ойрхон салхилж болно, эсвэл кино үз, тоглоом тогло. Нэг үгээр чи цахим ертөнцөөс хол байх нь чамд ямар сайхан байгааг чи өөрөө өөртөө мэдрүүл.

  7. Компьютероосоо зугтааж, утсаа бага “мааж”
    Компьютероо хэрэгтэй зүйлд нь ашиглачхаад л шууд унтрааж хэвш. Ер нь л компьютертой өрөөнд, түүний ойролцоо битгий эргэлд. Зөөврийн компьютертой бол түүнийгээ нүднээс далд тавьчих, хэрэглэхгүй үедээ дэлгэцийг нь хааж бай. Мөн чи өөрөө хүсвэл утсан дээрх элдэв аппликэйшнээ устгачхаж ч болно. Ариун цэврийн өрөөнд удаан суухаар орохдоо утас биш ном авч ор. Хичээл дээрээ утсаа унтраагаад хэвшчих.

  8. Цахим шуудан явуулснаас шууд залга
    Хэн нэгэн рүү мэнд хүргэх, ямар нэгэн мэдээ дуулгах гэж байгаа бол цахим шуудан илгээж, мессеж бичихийн оронд шууд л утсаар ярьчих. Энэ нь чиний цагийг хэмнэх, чамайг интернетээс хол байхад тусална.

  9. Сэрүүлэг ашигла
    Чи гэрийн даалгавраа компьютер ашиглан хийх гэж байгаа бол сэрүүлэг ашигла. Хичээл хийхэд яг хэдий хэр хугацаа шаардлагатай байгаагаа тооцоолон утсан дээрээ сэрүүлгээ тавьчих. Эсвэл компьютертоо унтрах цагийг тохируулсан ч болно (google-ээс "shutdown timer" гээд хайгаад үзээрэй).

  10. Компьютерынхоо өмнө битгий юм ид
    Компьютерын өмнө цайлах нь чи цахим ертөнцөд ямар зорилгогүй хэрэн хэсэх нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. Бас нөгөө талаар компьютерын урд хоол идэх нь хорт хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлж байдгийг судлаачид тогтоосон байдаг.

    Чи дээрх зөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн цагаас л чи болон чиний эргэн тойрны хүмүүсийн эерэг хандлага хэрхэн өөрчлөгдөж буй ГАЙХАЛТАЙ үр дүнг мэдрэх болно. Чи чадна аа. Чамд амжилт хүсье.

    Жич: Дээрх зөвлөмж цахим тоглоомд донтсон нэгэнд ч мөн хамааралтай юм шүү.

#Social #Addict #Facebook #Cyber #Цахим