"IELTS, TOEFL - ын өндөр оноогүйгээр хэрхэн Гадаадад суралцах вэ?" арга хэмжээ болж өнгөрлөө


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-07-23

Та гадаадад суралцахыг хүсдэг үү? Мэдээж хүн болгон хүсдэг байх. Та сургуулийнхаа босго оноог давсан хэдий ч шалгалтын тань оноонууд хангалттай өндөр биш байна уу?

Тэгвэл "IELTS, TOEFL - ын өндөр оноогүйгээр хэрхэн Гадаадад суралцах вэ?" арга хэмжээ 2017.07.21-ний өдөр Улаанбаатар Элит Олон Улсын Ахлах сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээн дээр  IELTS-7.0+, TOEFL-100+, SAT-1400+ оноогүйгээр нийгмийн идэвхи оролцоо болон сайн эссег ашиглан гадаадад суралцах талаар мэдээлэл өгсөн юм.  

.

Зочин илтгэгчдээр Х. Идэр, Н. Тэмүүжин, А. Энхжин нар уригджээ. 

Илтгэгчдийг танилцуулвал:

Хосхүүгийн Идэр

1. University of Oklahoma
2. Oklahoma City University
3. Colorado State University
4. Central Queensland University зэрэг сургуулиудад тэнцсэн ба University of Colorado Denver, Niagara University гэсэн сургуулиудаас 100%-ийн тэтгэлэг авчээ.

Дан ганц их сургуулиудад тэнцсэн юм биш, TEDx ба "International Festival Of Language and Culture" фестивалийн зохион байгуулагчаар ажиллаж, түүгээр ч зогсохгүй "World Scholar Cup"-ийг хамгийн анх Монголд оруулж ирж байсан арвин туршлагатай, чадварлаг залуу юм. Мөн түүнчлэн түүний зохион байгуулж буй "Монгол дархлаа" илтгэл мэтгэлцээний тэмцээн, лекц хэлэлцүүлэг тун удахгүй болох билээ.


Наранхүүгийн Тэмүүжин

1. Олон улсын химийн олимпиадын- Хүрэл медал
2. Улсын чанартай болон нэрэмжит олимпиадуудаас 30 гаруй медал хүртсэн бөгөөд,
3. Бээжингийн Их Сургуульд- Хятад улсын засгийн газрын тэтгэлэгтэй,
4. Сингапурын Их Сургуульд – 100% ийн тэтгэлэгтэй,
5. Польш улсын засгийн газрын тэтгэлэгт тус тус тэнцсэн ба, өдгөө Польш улсад биотехнологич мэргэжлээр суралцаж байгаа билээ.


Амарсанаагийн Энхжин

1. 2009-2014 оны хооронд (3-8р ангидаа) "Гүнжийн Үлгэрүүд" цуврал 10 номыг англи хэлнээс монгол хэлнээ орчуулан, хэвлэн гаргаж, 2 нь оны шилдэг ном буюу хамгийн их борлогдсон номоор шалгарсан.
2. 2014 онд "Оны шилдэг сурагч"-р шалгарч Монгол улсын ерөнхийлөгчийн туслахын тэтгэлгийг хүртсэн.
3. 2016 онд АНУ-н засгийн газрын 8000$-н тэтгэлэг буюу "MUSE" хөтөлбөрт тэнцэж Монгол улсаа төлөөлж, нэг сарын турш манлайллын хөтөлбөрт хамрагдсан.
4. Цаг төлөвлөлтийн дэвтэр буюу охид болон хөвгүүдийн "Хийх ажлын жагсаалтын дэвтэр"-ийг зохиож, хэвлүүлэн гаргасан.
5. "Хэлний авьяасгүй миний хэл сурсан нууц" номын зохиогч.
6. "Өсвөрийхний Амжилтанд хүрэх Арван алхам" номын зохиогч (9 сард нээлтээ хийнэ)

Эдгээр авьяаслаг чадварлаг залуус маань илтгэл хэлэлцүүлж залуустаа өөрсдийн туршлагаас сонирхуулан, нээлттэй хэлэлцүүлэг хийн олон асуултанд хариулж байлаа. 


Арга хэмжээний зохион байгуулагч Joe Babu

- Намайг Бабу овогтой Жое гэдэг. Сант бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч. Энэ арга хэмжээг зохион байгуулах болсон шалтгаан бол IELTS, TOEFL-н оноог хүн болгон өндөр аваад байдаггүй дунджаар их сургуулиудын зөвшөөрөгдөх хэмжээнд авсан ч энэ нь хангалтгүй байдаг. Иймээс ганцхан онооноосоо болж шантрахгүйгээр өөр боломж гарц бас байдаг гэдгийг бага ч болов ойлгуулах зорилготой.

Зочин илтгэгч Н. Тэмүүжин

- Энэ арга хэмжээний урилгыг над дээр бэлтгэгддэг шавь маань өгсөн. Анх удаа лекц тавьж, олны өмнө туршлагаа сонирхууллаа. Намайг сурагч байхад ийм арга хэмжээ тийм ч их болдоггүй байсан. Одоо бол их болдог болж, залуус маань ч идэвхтэй оролцдог болжээ. Үүнийг хараад их баярлаж байна. Би шавь нартаа "Зун бол бусдаас илүү гарах гурван сар" гэж хэлдэг. Өнөөдрийн арга хэмжээнд ирээд мэдээлэл авч байгаа залуус маань нэг  шат ч болов илүү гарч чадсан байх гэж бодож байна.

Зочин илтгэгч А. Энхжин

- Манай үе тэнгийнхэн үнэхээр их хүсэл тэмүүлэлтэй зорилготой. Харин энэ зорилгоосоо няцалгүйгээр хөдөлмөрлөж чадвал зорилгодоо хүрнэ гэдэг цаг хугацааны л асуудал юм. Эдгээр залуус маань ч уг арга хэмжээн дээр ирснээр зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллээ нэмэгдүүлсэн байх.


 
Арга хэмжээний төгсгөлд залуус маань илтгэгчдээсээ сонирхсон асуултаа асууж, нүүр тулсан яриа ч мөн хийгээд авлаа. Олон залуусд үр өгөөжөө өгсөн бас нэгэн арга хэмжээ нар шингэхтэй зэрэгцэн өндөрлөв.

#IELTS #TOEFL #Learning