Дэлхийг өөрчилсөн Райн хүүгийн ГАЙХАМШИГТ ТҮҮХ


Аска | YOLO.MN
2017-07-10

Нэгэн өдөр 6 настай бяцхан хүүд дэлхийн өнцөг булангийн хаа нэгтээ амьдран сууж буй олон сая хүн ундны ус хайж олох гэж олон арван километр замыг явган туулдаг талаар багш нь ярьж өгөхөд ихэд сэтгэл нь өвдөж тэдгээр хүмүүсийг өрөвджээ.

Райн хүү болон бусад найз нөхөд нь доошоо буугаад л ядах юмгүй ус олж уудаг байхад тэр олон хүмүүс багахан хэмжээний усыг арайхийн олдог гэдэгт итгэхэд бэрх санагджээ.

Тиймээс энэ явдлыг таслан зогсоохоор шийдэж Уганда улсад амьдардаг. Жимми хэмээх захидлын найзтай болж харьцаж эхэлжээ. Жимми хүү захиандаа шөнө дунд босож 8 км замыг явган туулж гэрийхэндээ өдөртөө хэрэглэх багахан хэмжээний усыг өглөө эрт авчирч өгдөг гэдгээ хэлжээ. Ус авчирч өгснийхөө дараа өглөөний 8 цаг болохоос өмнө Жимми сургууль руугаа яаран яаран явдаг гэнэ.

Үүнийг сонссон Райн хүү эхний ээлжинд найз Жиммигийнхээ тосгонд худаг бариулж өгөхөөр шийдсэн боловч худаг барихад нийтдээ 2000 ам.доллар шаардагджээ. Асуудал түүний бодсоноос ч том байлаа. Гэвч Райн зорилгоосоо нэг ч ухарсангүй.

Райн хандивын аян эхлүүллээ. Хүү мэддэг бүхий л найз нөхөд хамаатан садан албан байгууллагуудаар уйгагүй явж хандив цуглуулж эхлэв. Нэг худаг барих хэмжээний мөнгө цугларч 1999 оны нэгдүгээр сард найз Жиммигийнхээ тосгонд анхныхаа худгаа барив.

Гэтэл асуудал үүгээр дууссангүй. Цаана цэвэр усаар гачигдаж өвчилж амь насаа алдаж байгаа 890 сая гаруй хүн байлаа. Ингээд 2001 онд 10 настай Райн "Худаг Барих Сан"-г байгууллаа. 2003 он гэхэд тус санд нийтдээ 1 сая ам. доллар цугларсан байсан гэхэд та нар итгэх үү? Түүгээрээ Райн Африкийн маш олон оронд 120 гаруй гүний худаг болон ус цэвэршүүлэх байгууламж барьсан гавъяатай хүү билээ.

Бяцхан хүүхэд гэхэд биенээс нь ахадсан агуу их хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээрээ Нэльсон Манделагийн нэрэмжит гээд тоолж баршгүй шагнал хүртээд байгаа аж.

Одоогийн байдлаар Райн 800 орчим мянган хүний усны хэрэгцээг хангах 700 гаруй гүний худаг болон 900 гаруй ариун цэврийн байр барьж өгөөд байгаа юм байна.

"Хүн бүрт тэр тусмаа 6 настай нэгдүгээр ангийн хүүхдэд ч дэлхийг өөрчлөх хүч байдаг юм. Гагцхүү тэр хүчээ нээн илрүүлэх хэрэгтэй" гэж 25 настай Райн Хрэлжак нэгэн ярилцлагандаа хэлжээ.

#world #changed #wonderfull #store