Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Хэт яаруу зангаа би яах вэ?
Сайн байна уу? Намайг З гэдэг. Одоо 16 настай. Энэ жил 12-р ангид орно. Намайг миний нэг зан чанар маань үнэхээр их зовоож байна. Тэр нь юу вэ гэвэл аливаа зүйлийг хэт их урьдчилж төлөвлөх, хэтэрхий яарах гээд байдаг. Юмыг төлөвлөж хийх их амар байдаг ч гэсэн болж бүтэх эсэх нь тодорхойгүй байгаа зүйлийг хэдийнэ толгойдоо болгоод бүтээгээд цаашид учирч болох эрсдэлүүдийг тооцож, үүнээс болоод үнэхээр их хямардаг. Зарим үед төлөвлөсөн зүйл бүтэхгүй болоход дахиад өөр боломж байхгүй мэт санагдах болсон. Үүнээс болоод хэд хэдэн боломжуудыг анзааралгүй алдчихсан байдаг. Яарвал даарна гэдэг үг бий ч өөрийн эрхгүй л юмсыг хэт яаруу хийж, энэ үедээ ямар нэгэн алдаа гаргаж байгаа нь намайг үнэхээр бухимдуулж байна. Энэ зангаа яаж хаях вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Хүний тархи жинхэнэ бодит үйл явдал болон төсөөлөл хоёрыг хооронд нь ялгаж чаддаггүй
Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе захиа илгээсэнд баярлалаа. Нэг талаас харахад бүх зүйлийг урьдчилж төлөвлөж хийж байгаа нь тийм ч буруу зүйл биш. Хүмүүс төлөвлөгөөтэй амьдарч сурах гэж их хичээдэг шүү дээ. Харин чамд тулгараад буй гол асуудал нь аливаа зүйлийг хэтрүүлэн бодоод юмсыг байгаагаас нь илүү төвөгтэй болгоод байгаа юм. Ингэснээрээ чи өөрийнхөө давуу тал буюу төлөвлөгөөт чанараа сул тал болгон хувиргаж байна.
Хүний тархи жинхэнэ бодит үйл явдал болон төсөөлөл хоёрыг хооронд нь ялгаж чаддаггүй. Бид ирээдүйд болох сөрөг зүйлсийг бодож төсөөлөх үед тархи яг тэр үйл явдал болж буй мэтээр хүлээн авч кортизол дааврыг идэвхжүүлснээр стрессийн түвшин ихэсдэг. Өөрөөр хэлбэл чи хэдийчинээ хэтрүүлэн бодож, муу зүйл төсөөлөх тусам төдийчинээ их стрессдэх болно гэсэн үг. Тиймээс сөрөг зүйлс бодож сэтгэлээр унаад байвал өөрийгөө тайвшруулж сурах нь хамгийн чухал. Дараах дасгалуудыг хийгээд үзээрэй:
- Булчин тайвшруулах дасгал хийх
- 5-10 минут амьсгалын дасгал хийх
- Бодит нөхцөл байдал ямар байгааг тэмдэглэх дасгал хийх. Хамгийн чухал нь хийсвэрлэж болохгүй.
- Дуу сонсох гэх мэт өөрийг чинь тайван байлгаж чадах бүхий л боломжит зүйлсийг хийх.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх