Нэг зүйлийг сурахын төлөө асар ИХ ХУГАЦАА, хөлс хүчийг зориулсны эцэст түүнийгээ чадах нэгхэн секунд л ХАМГИЙН САЙХАН


Б.Гэрэлт-Од | YOLO.MN
2017-07-17

Сүүлийн жилүүдэд манай хүүхэд залуусын дунд скэйтбоардоор хичээллэх хүүхдийн тоо маш хурдацтай хөгжсөөр байгаа билээ. Тэгвэл энэ талаар скэйтбоард залуусын төлөөлөл болсон "Уухай" холбооны хамт олонтой ярилцлаа.

YOLO"Уухай" холбооны талаар тодорхой танилцуулаач? 
- Анх манай холбоо нь  "Eddie, Odko, Seke, Kush" гэх скэйтбоард сонирхдог ах нар маань үүнийг Монгол улсдаа сурталчлах, таниулах зорилгоор тус холбоог  нээж байсан. Одоогоор бол Анхаа (миний бие өөрөө), Тэнгис, Баясгалан, Баянмөнх, Билгүүн гэсэн залуус хариуцаж байна. 

Манай “Уухай” нь хэдийгээр бичиг цаасан дээрээ  холбоо гэж явдаг ч ерөнхийдөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн нэг гэр бүл гэж хэлж болно. Ах нар маань сурсан мэдсэн зүйлсээ дүү нартаа заан халаагаа өгч дүү нар нь харин тус холбоог өргөтгөсөөр ахин шинэ үеийн дүү нартаа халаагаа өгөх мэтээр манай холбоо маань улам тэлсээр байгаа. Мөн хэлхэд манай холбоо нь зөвхөн скэйбоард гэлтгүй BMX, Filmer, Artist, Photographer гээд олон төрлийн хүмүүсээс бүрэлдсэн 20 гаруй гишүүнтэй холбоо юм. 

YOLOСүүлийн үед skateboard унах хүсэлтэй болон унадаг хүүхдүүд маш хурдацтай нэмэгдсээр байгаа шүү дээ. Иймд тэдэнд зориулаад цагаа skateboard-тай хамт хэрхэн зөв зохистой өнгөрүүлэх талаар мөн аюулгүй байдлын үүднээс юунаас болгоомжлох талаар мэдээлэл өгөөч. 
- Зөв зохистой өнгөрүүлэх тал дээр бол мэдээж скэйтбоард маань өөрөө дуу чимээ ихтэй учир бусдад садаа болж мөн анх сурж байгаа хүүхэд залууст хүндрэлтэй байдаг тул бусдыг болон өөрсдийгөө гэмтээх явдал их гардаг. Иймд хүүхэд залуус маань нярай хүүхэдтэй эцэг эх, хөгшин настай хүмүүсийн амар тайван байдлын үүднээс тэднээс зайдуу гулгах мөн мэдээж өөрийгөө болон бусдыг гэмтээхгүйн тулд хүн багатай газар гулгах нь зүйтэй.

Харин аюулгүй байдлын үүднээс гэвэл нэн түрүүнд хүүхэд залуус маань скэйтбоардыг сайн сурчихлаа гэж бодон замын хөдөлгөөнд орох тохиолдол байдаг. Гэхдээ хэдийгээр сайн сурсан ч гэлээ замын хөдөлгөөнд орох нь хамгийн буруу шийдвэр юм шүү. Нэмж хэлэхэд скэйтбоард нь дөрвөн талруугаа савладаг учир дээр нь гараад зогсох их хэцүү байдаг. Иймд анх сурч буй залууст  унах магадлал өндөр байдаг тул унаж сурахын тулд хэн нэгнээр түшүүлэх аль эсвэл ямар нэгэн зүйлээс барьж сурах нь зүйтэй байх. Мэдээж бас хамгаалалтын каск, өвдгөвч, тохойвч зүүх нь чухал шүү.

(GO SKATEBOARDING DAY 2017- Энхжин)

(GO SKATEBOARDING DAY 2017- Энхжин)


YOLOSkateboard унах нь нэг талаараа цагийг үе тэнгийн найз нөхөдтэйгөө зөв зохистой, сонирхолтой өнгөрөөх зүйл хэдий ч нөгөө талаараа skateboard-оос унаж, бэртэх зэрэг сөрөг талтай байдаг. Үүний талаар юу гэж боддог вэ?
- Мэдээж спорт болгонд золиос байдаг шүү дээ. Ялангуяа скэйтбоард нь extreme төрөл, тэр дундаа зонхилох төрөлдөө хамаарагддаг тул унаж бэртэх тоо маш олон. Гэхдээ миний хувьд бол тэр унаж бэртэх нь л хамгийн үнэ цэнэтэй санагддаг. Нэг зүйлийг сурах гэж хичээн түүнийхээ төлөө унаж, бэртэж, өвдөж, тэвчдэг. Хэдийгээр унаж бэртэх тоо их, заримдаа шантрах үе байдаг ч гэсэн ахин босож ирээд унах яг тэр агшинд л түүнийхээ ард гарсан байдаг. Адаглаад л энэ спортоор хичээллэсэн хүн биеийн хатуужил сайтай болж, хувь хүн талаасаа өөрчлөгдөж, сэтгэлийн хаттай болдог. Иймд хүүхэд залуус маань битгий шантраасай гэж хэлмээр байна. 

YOLOМэдээж спорт болгонд сайхан зүйлс байдаг шүү дээ. Жишээ нь сагсан бөмбөгийн тамирчин хожилын шидэлт хийх мөн хөлбөмбөгийн тамирчин гоол оруулах гэх мэт үүний адил skateboard унахын сайхан зүйлийг нь юу гэж боддог вэ? 
- Нэг зүйлийг сурахын төлөө асар их хугацаа, хөлс хүчийг зориулсны эцэст түүнийгээ чадах нэгхэн секунд л хамгийн сайхан санагддаг даа. Кино, аниме дээр гардаг шиг гол дүрийн баатрууд өөрийн хамгийн том мөрөөдөлдөө хүрдэг мэт л өөрөөрөө бахархдаг. Өөр нэг сайхан зүйл нь мэдээж эрх чөлөө. Миний биенээс юуг ч бэхлээгүй, ямар ч далавчгүй хэрнээ салхи татуулан хоёр талруугаа найгаад яг л нисэж буй мэт санагддаг. Энэ мэдрэмж бас л салшгүй шүү. 

(GO SKATEBOARDING DAY 2017)

(GO SKATEBOARDING DAY 2017)


YOLOSkateboard унадаг залуус маань гудамжинд бөөн бөөнөөрөө цуглаж, их хотоо чимэх мэт өвөрмөц, содон дүр төрхтэй байдаг. Магадгүй skateboard унаснаар тэдэнд ямар нэгэн өөрчлөлт бий болдог байх? 
- Тэгдэг байх шүү. Миний хувьд  одоо бодоход гулгаж эхлээгүй үеээ одоогийн үетэй харьцуулхад сонсдог дуу, аливаа зүйлсд хандах хандлага, юмсийг харан өнцөг, стиль дүр төрх гээд бүхий л зүйлс өөрчлөгдсөн. Гэхдээ өөрчлөгдөхөд хүргэсэн хамгийн том хүчин зүйл нь скэйтбоардноос  өөрийгөө олсон "би" мөн үүнээс итгэл найдвар, өөртөө итгэх итгэлийг олж авч чадсан нь өөрчлөгдөхөд хүргэсэн байх гэж боддог. Анх үүнийг сурж байхад маш их унаж, хувцсаа шороо болгож, хүүхдүүдэд их шоолуулдаг байсан. Тэр үедээ их ичдэг байсан ч аажим аажмаар сайжраад ирхээр өөртөө илүү итгэлтэй болсон.  Мэдээж хүн өөртөө итгэсэн үедээ мөн өөрийгөө чухам юу хүсэж байгааг мэдсэн үедээ л өөрийнхөө дотоод төрхийг ил гаргаж ирдэг шүү дээ. 

YOLOГудамжинд унаж буй залуусыг харахад skateboard нь бусад төрлүүдээсээ сурахад хэцүү юм шиг санагддаг. Тэгвэл үүнийг өндөр түвшинд эзэмихийн тулд хэдий хугацаа зарцуулах вэ? 
- Скэйтбоардын хувьд хөл хэсэг хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Ихэнх хүмүүс алхах, гүйх, шатаар явах гэх мэт идэвхгүй хөдөлгөөн хийдэг тул скэйтбоардыг удирдахад хангалттай хөдөлгөөн хийж чаддаггүй. Яг тухайн үеийг даваад скэйтбоард дээрээ хөдөлгөөн хийх хангалттай биеийн чадамжтай болоод ирэхээрээ яг ямар үзүүлбэрийг хэдий хугацаанд хэрхэн сурах нь 100% хичээл зүтгэлтэй хамааралтай болдог.  Зарим залуус маань тухайн үзүүлбэрээ хэдхэн хийж үзээд л шантарч, чадахгүй гэж боддог. Үнэндээ скэйтбоард сурахад амархан зүйл гэж огт байхгүй. Хүн болгон л адилхан сурдаг тул хэн ч сурах боломжтой. Миний хувьд дээшээ үсрэх хөдөлгөөнийг жил гаруй оролдож байж сурсан (инээв) харин манай найзууд бол хагас сар оролдоод л сурчихсан. 

(GO SKATEBOARDING DAY 2017- Тэнгис)

(GO SKATEBOARDING DAY 2017- Тэнгис)


YOLOМагадгүй хэн нэгэн нь skateboard унахыг хүссэн ч хэрхэн зөв унах талаар мэдэхгүй мөн хамт унах найз нөхөдгүйн улмаас унахад хүндрэлтэй байдаг байх. Иймд "уухай" клуб тэдэнд хэрхэн ханддаг вэ? "Уухай" клуб нь хаалттай клуб уу? 
- Манай холбоо нь хаалтай зүйл огтхон ч биш юм шүү. Бидний зорилго нь Монгол орныхоо өнцөг булан бүрт уг спортыг хөгжүүлэх байдаг. Иймд бид нарыг гээд зориод ирсэн хэнд ч манай үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Харин хүүхэд залуус маань ичимхий, бүрэг зантай байдаг болоод ч тэр үү манай холбоог гээд зориод ирэх нь ховор. Уг нь юм сурахыг эрмэлзэн бид нарыг гээд зориод ирдэг залууст зориулаад бид нар сургалт зохион байгуулдаг. Хэрвээ энэ сургалтан дээр маань тогтмол ирээд юм сурвал богино хугацаанд их зүйл сурах бүрэн боломжтой. Иймд бид Social Network-ыг ашиглан онлайн видео хичээл мөн хэрхэн унах талаар мэдээлэл зэргийг оруулдаг. 

YOLOУлсад маань skateboard төдийлөн танигдаагүй тул "skatepark" байдаггүй шүү дээ. Тэгвэл сонирхогч хүүхэд залуустаа зориулаад хотын аль хэсгээр унах нь илүү тохиромжтой байдаг талаар хэлж өгөөч?
- Улаанбаатар хотод маань жил орчмын өмнө "Бага тэнгэрийн ам" гэх газар skatepark баригдсан. Гэхдээ өндөр төлбөртэй, стандартын хувьд их доогуур тул очиж гулгаж сурахаасаа илүү хор болох нь их. Бидний хувьд төрөөс болон хувийн хэвшлийн газраас удаа дарааллан SkatePark-ын талаар хандсан ч нэмэргүй байдаг юм байна лээ. Уг нь Америкийн том компаниас бид нарыг хэрвээ  газраа олчихвол skatepark барихад шаардагдах төсөв мөнгийг даагаад стандартын дагуу бариад өгье гэсэн асуудал яригдаж байгаа. Даан ч өчнөөн сагс, хөлбөмбөгийн талбай бариад байдаг хэрнээ скэйтбоард унах сонирхолтой залуусд жоохон ч гэсэн газар олдохгүй байгаад харамсдаг.  Монголд спорт гэдэг нь сагсанбөмбөг, хөлбөмбөг зэргээр л хязгаарлагддаг бололтой. Иймд бидэнд хараахан бэлтгэл сургуулилтаа хийх газар байхгүй тул бид ихэвчлэн цулгай, тэгшхэн том талбайтайгаар нь Фантам (Битлзийн хөшөө), Тэнгис кино театрын урдах талбай, Тусгаар тогтнолын өмнөх талбай мөн Соёл амралтын хүрээлэн гэсэн газруудад гулгадаг. 

(GO SKATEBOARDING DAY 2017- Анхбаяр)

(GO SKATEBOARDING DAY 2017- Анхбаяр)


YOLOМэдээж ямарваа нэгэн зүйлийг эхлүүлэхэд туйлын зорилго байдаг. Тэгвэл Уухай клубийн туйлын зорилго нь юу вэ?
- Бид хоорондоо үргэлж нэл зүйлсийг ярьж мөрөөддөг.  Хэзээ нэгэн цагт заавал өөрсдийн Skatepark-тай болоод тухайн газраа "Уухай" холбооныхоо логог хамгийн томоор хэвлүүлж наагаад гулгахыг л зүрхнийхээ угаас хүсэж мөрөөддөг. Мөн энд гулгаж буй хүүхдүүддээ чиглээд хаа холын гадаадаас өндөр үнэтэй скэйтбоардны хэрэглэл авуулахыг болиулж тухайн зүйлсээ дотооддоо өндөр түвшинд үйлдвэрлэж эх орон болон хүүхэд залуустаа хөрөнгө оруулалт хийх нь бидний туйлын зорилго юм даа. Гэхдээ энэ бүхэн маань бүтхэд маш ойрхон байгаа гэдгийг хэлмээр байна. 

YOLOУухай клубийнхээ үүднээс сонирхогч болон унагч хүүхэд залуусаа уриалан тэдэнд хандаж үг хэлнэ үү.
- Бүхий л зүйлсд амархан юм гэж байдаггүй. Хэцүүгийн дараах хэцүүг давсаны ар дээрх зүйл л хамгийн сайхан, хамгийн үнэтэй зүйл байдаг юм шүү. Иймд хүүхэд залуусдаа хандаад өөрийн үзэл бодол, сонирхолоо хэзээ д эзэн нь байж, зөвхөн өөрийгөө л чагнаж аливаа зүйлд тууштай байгаарай гэж хэлье. 

YOLOЯрилцлага өгсөн та бүхэнд баярлалаа. "Уухай" холбоо болон нийт гишүүдэд нь ажил болон спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

(GO SKATEBOARDING DAY 2017- Төрболд /Roni/)

(GO SKATEBOARDING DAY 2017- Төрболд /Roni/)


#Uukhai #Skateboard