Энэхүү гайхамшигт шидэт ертөнц бий болсноос хойш бидэнтэй аль хэдийнээ 20 жилийг ардаа хийжээ. Хүүхэд, хөгшид гээд хүн бүрт л нөхөрлөлын үнэ цэнийг ойлгуулж, ид шидийн гайхамшигт орон мөн ахин хэзээ ч давтагдашгүй дүрүүдийг сэтгэл зүрхэнд минь үүрд мөнхөлсөн уг зохиолын талаар сонирхолтой ярилцлагыг уншигч хүүхдүүддээ сонирхуулж байна.
YOLO: Уншигч хүүхдүүдэд өөрийгөө танилцуулаач?
- Сайн байцгаана уу? Уншигч хүүхдүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе! Намайг Ану гэдэг. Одоо 23 настай. Фэйсбүүк дэх "Potterheads of Mongolia" группийн ерөнхий админ, Харри Поттер зохиолын улаан ногоон, хар шар галзуу үнэнч фен, Поттер Толгойтон буюу албан ёсны нэршилээрээ бол Potterhead.
YOLO: Та энэ зохиолын талаар тодорхой агуулга мөн зохиолд юу дүрслэгддэг талаар уншигч хүүхдүүдэд товчхон тайлбарлаж өгөөч?
- "Харри Поттер" зохиол нь анх 1997 онд хэвлэгдсэн, нийт 7 боть номоос бүрдэх английн зохиолч эмэгтэй Ж.К.Роулингийн зохиол юм. Харри Поттер гэгч өнчин хүү нэг л өдөр өөрийгөө шидтэн гэдгийг мэдсэнээр амьдрал нь тэр чигтээ өөрчлөгдөж, адал явдал, амь өрссөн тулаануудтай нүүр тулж, энэ бүхний эцэст өөрийн жинхэнэ найз нөхөд, мөн амьдралын хамгийн чухал зүйлсийг ид шидтэний ертөнцөөс олж авч байгаагаар зохиолд дүрслэгддэг.
YOLO: Таны хувьд бага балчир байхаасаа л эхлээд Харри Поттер зохиолд хайртай байсан нэгэн. Энэ зохиолыг мэддэг болсноос хойш хэдий хугацаа өнгөрсөн бэ?
- Зохиолыг мэддэг болсоноос хойш 16 жил, ясны Поттер Толгойтон болсноос хойш 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд 7 боть номоо нэгээс хоёр удаа давтаж уншсан бол цуврал кинонуудыг нь тоогоо алдатлаа их үзсэн. Тэгсэн хэрнээ л огт уйддаггүй. Киног нь үзэх бүрт, эсвэл номыг нь унших бүрт яг л анх удаа үзэж, уншиж байгаа мэт гайхалтай мэдрэмж төрж, улам л шинэ шинэ зүйлсийг мэдэж авдаг учраас би энэ зохиолд хайртай. Огт уйдахгүй гэдгээ сайн мэддэг. Номоо уншиж байхад минь таарсан зарим хүмүүс "Ийм зузаан номыг яаж уншдаг байна аа, залхуу чинь хүрэхгүй байна уу?" ч гэж асуудаг. Үнэндээ Харри Поттерийг уншиж байхад энгийн ертөнцөөс тасраад, шидэт ертөнц рүү яваад орчихдог . Цаг хугацааг ч анзаарах сөхөөгүй, номноосоо салж чаддаггүй. Аргагүйн эрхэнд түр уншихаа болилоо ч гэсэн өөр зүйл хийж байхад бодогдсоор л байдаг. Учир нь "Харри Поттер" өөрөө энгийн нэг зохиол биш харин "шидэт" зохиол юм.
YOLO: Хүн бүр л энэ зохиолд маш их хайртай байдаг. Магадгүй энэ зохиолд бусад зохиолоос илүү хүмүүсийн сонирхолыг ихээр татах нэгэн зүйл байдаг байх. Үүнийг нь юу гэж боддог вэ?
- Харри Поттерыг бүх цаг үеийн хамгийн шилдэг хүүхдийн зохиолоор шалгаруулсан байдаг. Дэлхий даяар нийтдээ 400 сая хувь борлогдсон хамгийн олон уншигчтай гайхалтай зохиол. Дэлхий даяар хүүхдүүд компьютерийн видео тоглоом болон зурагтын шоу нэвтрүүлгүүдэд донтож ном огт уншихаа больчихсон байсан тэр үед хүүхдүүдийг зурагт, компьютэрээс салгаж, орондоо хүртэл номтойгоо цуг унтдаг болгосон яахын аргагүй гайхалтай зохиол билээ. Миний хувьд Роулинг Шидтэний ертөнцийг дэлгэрэнгүй өгүүлж, ид шид гэх тэр ер бусын зүйлээр дамжуулан хүмүүсийн дотоод зан чанар, нөхөрлөлийн үнэ цэнэ, үнэнч шударга байдал, мөн энэ амьдралын хамгийн эрхэм зүйлсийн талаар хүүхдүүдэд уншихад ойлгомжтой бас огт уйдаахааргүй гайхалтай сайхан өгүүлсэнд оршдог гэж боддог.
YOLO: Заримаа гудамжаар явж байх үед цөөнгүй хүмүүс Харри Поттертой холбоотой жанч, зүүлт, малгай, ороолт зэрэг зүйлсийг өмсөж явж байгаа нь харагддаг. Тэдний хувьд энэ зүйл нь яагаад ийм чухал зүйл нь байдаг юм бол?
- Английн аваргуудын лигийн фанатууд дэмждэг клубийнхээ ороолтыг зүүн тоглолт үздэгийн адилаар Поттер Толгойтнууд ч мөн адил Харри Поттер зохиол дээр дүрслэгддэг эд зүйлсийг цуглуулах дуртай байдаг. Зохиолд маань Ид Шидтэний Хогвартс сургууль Гриффиндор, Слизерин, Равенклав, Хаффлпафф гэсэн 4 тэнхимд хуваагддаг хэмээн өгүүлэгддэг бөгөөд тэнхим бүр өөрийн сүлд амьтан болон сүлд өнгөтэй. Тэнхимүүд өөрсдийн өнгө дагуу жанч буюу сургуулийн дүрэмт хувцасаар ялгардаг.
YOLO: Бид яагаад Харри Поттер зохиолыг уншсан байх ёстой вэ?
-Мэдээж хүн бүр заавал Харри Поттерыг уншсан байх албагүй. 2001 онд анх дэлгэцнээ гарсан, номноосоо ч дутахааргүй алдартай Warner Brothers кино компанийн бүтээл болох Харри Поттер цуврал кинонууд ч байдаг. Гэхдээ киног нь үзээгүй хүн бараг байдаггүй байх гэж бодож байна. Кино болон ном хоёрын хооронд асар их ялгаа байдаг учраас киног нь үзээд төдийлэн сайн ойлгодоггүй уншигчдад зохиолыг нь уншаад үзэхийг зөвлөмөөр байна. Зохиол нь нэгдүгээрт уншигчдыг сэтгэл татам адал явдуулаар огт уйдаахгүй, хоёрдугаарт зохиолоос амьдралын хамгийн чухал зүйл чухам юу болохыг уншигч ойлгох болно. Мөн хамгийн хүчирхэг ид шид бол ямар нэг хэлэхэд хэцүү шившлэг бус харин жинхэнэ хайр буюу чин сэтгэл юм аа гэдгийг уншигчид маань ойлгох болно.
YOLO: Өдгөө таны үүсгэн байгуулсан Potterheads of Mongolia грүпп нь ойролцоогоор 4000 гаруй гишүүнтэй болсон байгаа. Энэ грүппийн талаар болон тухайн грүппт ямар үйл ажиллагаа зохиогддог талаар ярьж өгөөч?
-Potterheads of Mongolia групп маань Харри Поттер зохиолд чин сэтгэлээсээ дуртай, тус зохиолоор дамжуулан өөрийн нэгээхэн ертөнцийг бүтээсэн, бүтээхээр зорьж яваа хүүхэд залууст нээлттэй групп юм. Бид хүсэл сонирхлоороо нэгдэн, жинхэнэ найз нөхдөө олж авч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хамтдаа байхдаа мөрөөдөл доторх тэр жижигхээн шидтэний ертөнцийн нэгэн том бодитой ертөнц болгож чаддаг. Бид шидтэний ертөнцийг бий болгодог. Групп маань сар бүр гишүүддээ зориулсан уулзалт, movie night, явган аялал гэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Мэдээж арга хэмжээ бүртээ Хогвартс шидтэний сургуульд үнэхээр оччихсон мэт орчинг хамтдаа бүрдүүлж, шивлэгийн тулаан хийх, ид шидийн хичээл орох, гэх мэт маш олон сонирхолтой хөтөлбөрүүдийг явуулдаг.
YOLO: Миний хувьд ч гэсэн Поттер толгойтон учир энэхүү зохиол нь ямар гайхалтай гэдгийг маш сайн мэднэ. Миний толгойд үргэлж л шидтэн байсан бол эсвэл Хогвартс сургууль руу явах юмсан гэсэн бодол төрдөг. Иймд мэдээж таньд ч бас тиймэрхүү зүйлс бодогддог байх. Энэ тал дээр сэтгэгдлээ хуваалцаач?
-Би анх Харри Поттероор өвчилж, Поттер Толгойтон болсон тэр л цаг мөчөөсөө эхлэн Харригийн Шидтэний ертөнцөд очихыг, Хогвартс сургуульд очихыг хязгааргүй ихээр хүсч мөрөөдөх болсон. Харин өнөөдөр Potterhead sof Mongolia группээ байгуулснаар энэ гайхалтай магадгүй бүтэшгүй мэт мөрөөдлөө бага багаар биелүүлж байгаа гэж боддог. Би бол Шидтэн - Анудора Ковалцкая! (инээв)
YOLO: Миний хувьд би өөрөө Potterheads of Mongolia грүппийн гишүүн тул танийг энэ сайхан грүппийг үндэслэж Монгол улсынхаа бүх Харри Поттер зохиолд хайртай хүүхэд залуусыг нэгтгэж нэг гэр бүл шиг болгож өгсөнд нь баярласан, талархсанаа илэрхийлхийг хүсэж байна.
- Чамд ч мөн маш их баярлалаа. Энэ сайхан завшааныг ашиглаад надтай эхнээс нь хамт байсан мөн цаашид ч хамт байх Potterheads of Mongolia гэх маш том гайхалтай гэр бүлийнхээ нийт гишүүдэд Үргэлж талархаж явдагаа мөн бүгдэд нь маш их хайртайгаа илэрхийлмээр байна.
YOLO: Эцэст нь та уншигч хүүхдүүдэд хандаж юу хэлхийг хүсч байна вэ?
-Ид шид гэдэг зөвхөн саваа дохиж гайхамшгийг бүтээх бус харин бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж хүндэлж, өөртөө болон бусдад үнэнч байхыг хэлнэ. Тиймээс өөрсдийнхөө сэтгэл зүрхэнд байгаа тэр бяцхан шидтэнүүдийг сэрээн гайхамшгийг бүтээгээрэй гэж хүсээд мөн төгсгөлд нь Монгол хүүхэд залуусын ирээдүй яг л гэрэл сацруулагч шивлэг ЛЮМОС шиг гэрэл гэгээтэй байг гэж ерөөе! ЛЮМОС!
YOLO: Баярлалаа. Таны ажил үйлсэд нь амжилт хүсэе. ЛЮМОС!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх