Чи үүнийг мэдэх үү?


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-07-11

Заламгайгаар амьсгалдаг, хүйтэн цустай, хайрсан бүрхүүлт арьстай, усанд оршдог сээр нуруутан ямар амьтан байдаг вэ?

Тийм ээ, энэ бол загас. Аквариумын загас тэжээх нь маш сонирхолтой төдийгүй танин мэдэхүйн олон талын ач холбогдолтой учраас хүмүүс их тэжээдэг. Тэгвэл энэ амьтны нисдэг, хүйсээ сольдог, тэр байтугай хүн шиг алхдаг сонин содон төрлүүдээс танд танилцуулъя.

1. Пернофтальмус

Энэ загас усны эрэг дээр гарч шавж хорхой агнадгаар барахгүй заримдаа модонд авиран гардаг ч удаатай гэнэ.


2. Зарлагч загас

Японы арлын ойролцоох усанд газар хөдлөхийн өмнө нэг ч секунд зогсолтгүй хөдөлгөөнд ордог жижиг цагаан загас байдгийг нутгийн хүмүүс барьж аваад тусгай саванд хийж хадгалж газар хөдлөхийг урьдчилан мэддэгээс түүнийг ийнхүү нэрлэжээ.


3. Гэрэлт загас

Номхон далайн Марианы хонхорт Францын шинжээчид нэгэн сонин загасны зургийг авч байжээ. Уг загасыг "Амьд цахилгаан станц" гэж нэрлэж болно. Түүний толгойд тал тал тийш гэрэл цацруулж байдаг "прожекторууд" бий. Загасыг хоолоо эрэх үеэр прожекторууд нь асаж гэрэлд цугласан амьтдыг барьж иддэг.


4. Дөрвөн нүдтэй загас

Газар дундын тэнгис болон Өмнөд Америкийн гол мөрөнд дөрвөн нүдтэй загас байдаг. Тэр нь түрс орхихгүй жараахай төрдөг онцлогтой. Энэ загас дээрх хоёр нүдээрээ дээд талаа, доорх хоёр нүдээрээ доод талаа харж явдаг. Түүнийг "Алтан зэрэглээ" гэж нэрлэх нь ч бий.


5. Хүйсээ сольдог загас

Самарид гэдэг загасны түрс анх цөм эм хүйстэй төрж, гурван жилийн дараа зарим хэсэг нь эр хүйстэй болж хувирдаг байна.


6. Дуучин загас

Мөг загасны эм нь аяархнаар "Дурлалын дуу" аялахад олон төрлийн загас сонсдог боловч тэр дуулсан загасны төрлийн эр мөг загаснууд цугларч ирдгийг эрдэмтэд ажиглажээ. Энэ загас Цейлонд сартай шөнө усан дээр хөвөн гарч ирээд яруухнаар дуулдаг гэнэ.


7. Тэнгисийн нохой

Номхон болон Энэтхэгийн далайд "Тэнгисийн нохой" гэгдэх хурц тод өнгөтэй нэгэн жижиг загас амьдардаг байна. Тэр загас ямар ч амьтан руу дайрч дотолдог гэнэ. Заримдаа тэнгисийн нохой хуурай газарт гарч нойтон элснээс хорхой, өт шаж хавч түүж иддэг байна.


8. Алхдаг загас

Далайн ёроол судлаачид 2000 метрийн гүнээс үлэмж сонирхолтой загас олж түүнийгээ "Бентозавр" гэж нэрлэжээ. Энэ загас сүүлээрээ тулан босож цээжний сэлүүрүүдтэйгээ хамжин алхаж явдаг байна.


9. Нисдэг загас

Нисдэг загас нь нисэхийн тулд цээжээ уснаас хөндийд гарган сүүлийн сэлүүрээ усан сэнс адил ажиллуулна. Ингэхийн хамт далавч нь /цээжний сэлүүр/ дэлгэгдэж агаарт тогтоохуйц талбайтай болно. Усны мандлаас 4-5 м өндөрт, 10-15 сек хугацаанд 100 м орчим замыг туулна. Салхины дагуу нисвэл 1 минут орчим нисч 400 м зам туулна.


10. Үр зулзагаа төрүүлээд үхдэг загас
Зарим загам үр зулзагаа гаргамагц амьдралын "зорилго" нь ханаж үхдэг. Эдний тоонд Алс Дорнодын нерка, лосоль, гобрушка зэрэг загас орно. Тэд Номхон далайгаас Алс Дорнодын гол мөрөнг өгсөж урт аян хийнэ. Тэд голдоо түрсээ шахаад насан эцэслэхэд голын хөндий үхсэн загасаар дүүрч, махчин амьтад хэрээ шувуу найрладаг байна.

#fish #animation