Т.Алонгоо: Сайхан дурсамж, хийж бүтээсэн зүйлсээр дүүрэн байхыг хүсдэг


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-06-28

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Макао хотод өнгөрөгч сард зохион байгуулагдсан “Дэлхийн супермодель” тэмцээний “ӨСВӨРИЙН ШИЛДЭГ МОДЕЛ” хэмээх хүндтэй шагналын эзэн болсон Т.Алонгоо охинтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

YOLOӨөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
Намайг Т.Алонгоо гэдэг. МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 3-р түвшний оюутан, 18 настай.

YOLOАнх загварын гараагаа хэрхэн эхлүүлж байсан бэ?
Намайг дунд ангид байхад миний нэг танил охин загвар өмсдөг байсан юм. Түүний зургуудийг нь үзээд ээждээ бас харуулдаг байсан юм. Гэтэл ээж маань надад “Миний охин ч бас ийм болж болно шүү дээ. Сургалтанд нь яваад үзвэл яасан юм бэ?” гэж санал тавьсан. Дараа нь би сургалтуудыг судалж байгаад “Шилмэл Загвар” агентлагийн сургалтанд яваад амжилттай төгссөн. Одоо тус агентлагийн гэрээт моделоор дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

Энэ хугацаанд “Гоёл” загварын наадамд гурван жил дараалан оролцож энэ жил “Шилдэг загвар өмсөгч” номинацийн эзэн болсон. Мөн сая тавдугаар сарын 21-27-ны өдрүүдэд Макао хотод зохион байгуулагдсан “Дэлхийн супермодель 2017” тэмцээнд оролцож “Өсвөр насны шилдэг супермодель”-р өргөмжлөгдсөн.


YOLO"Дэлхийн супермодель 2017" тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Нийт хэдэн улсын хэдэн охид оролцсон бэ?
Энэ тэмцээнд нийт 16-19, 20-30 гэсэн хоёр насны ангилалд 30 гаруй орны олон моделууд оролцсон. Шалгаруулалтанд нь биеэ авч явах байдал, алхаа, зураг авалт, харилцаа гэх мэт зүйлс байсан.

YOLOТэмцээн чамд хэр их урам зориг, давуу талыг өгсөн бэ?
Тэмцээнд олон орны охид оролцсон. Тэд ихэнх нь англи хэлээр ярьдаг. Тийм учраас миний хэлний мэдлэг маш тэлж, сайжирсан. Би тэмцээнд оролцохын өмнө маш бүрэг талдаа хүүхэд байсан, тэмцээнд оролцоод маш богино хугацаанд нээлттэй, чөлөөтэй болж чадсан шүү. Мөн мэдээж энэхүү шагнал маань цаашид хийж бүтээх зүйлд минь маш их урам зоригийг өгсөн.

YOLOТэмцээний хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?
Яг үнэнийг хэлэхэд тийм хэцүү зүйлс байгаагүй. Яагаад гэхээр тэмцээний оролцогчид маш эелдэг, бие биедээ тусладаг, зохион байгуулалтын баг нь ч гэсэн маш тусархаг хүмүүс байсан. Мөн бидний арын албанд ажиллаж байсан хамт олон, өмнө жилийн энэ тэмцээнд оролцож байсан Н.Шинэтуяа, насанд хүрэгчдийн төрөлд оролцсон оролцогч нартай маш их зөвлөлдөж, туслалцаа үзүүлдэг байсан учраас миний хувьд шантрах хэцүү зүйлс гараагүй. Энэ дашрамд намайг үргэлж дэмжиж, урмын үгээр тэтгэдэг гэр бүлийнхэн болон бусад тусалж дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.


Өөрийнхөө хүсэж буй зүйлээ сэтгэл зүрхээ дагаад хийгээрэй. Хамгийн гол нь тууштай байгаарай. Тууштай байснаар л хүн амжилтанд хүрдэг шүү!

Т.Алонгоо

YOLOМэдээж маш их хөдөлмөр, бэлтгэл байж дэлхийн супермодель болно. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
Тэмцээндээ явахын өмнө маш их бэлтгэлийг хийсэн. Ерөнхийдөө манай агентлаг долоо хоногт нэг удаа гэрээт хичээл (алхаа, зураг авалт, харилцаа г.м) ордог, би тэр хичээлүүддээ маш их идэвхтэй суудаг байсан учраас миний бэлтгэл сайн хангагдсан. Мөн яг явахын өмнө бэлтгэл хийх хугацаа маань нэмэгдсэн. Тийм ч учраас тэмцээндээ амжилттай оролцсон гэж боддог.  

YOLOЧиний ирээдүйн зорилго?
Би одоо Олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг. Тэр ч утгаараа Монголын эмэгтэй мундаг дипломатч болно гэж боддог. Түүнийхээ хажуугаар топ модель болно гэж мөрөөддөг. Энэ хоёрыгоо хослуулаад ирээдүйд “гялалзсан” гоё эмэгтэй болно гэж хүсдэг дээ.

YOLOЭнэ зун юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
Би энэ зун эхлэнгүүт л өөрийгөө хөгжүүлэхийг хичээлээ. Энэ сарын эхээс хөтлөгчийн сургалтанд хамрагдаж байна. Учир нь аливаа нэг зүйлийг ярихдаа бага зэрэг гацаж түгдрэх гээд байдаг. Мөн камерын өмнө зөв ярьдаг болох давуу талтай. Хэлний мэдлэгээ дээшлүүлэх, усан спортоор хичээллэх, фитнесст явах зэрэг олон зүйлсийг төлөвлөсөн байна даа.


YOLOЧиний амьдралынхаа гол мөрдлөг болгодог зарчим юу вэ?
Миний амьдралын гол зарчмууд бол нэгт, миний хувьд цаг хугацаа гэдэг маш чухал учраас цаг минут бүрийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг, мөн цаг барих тал дээр илүү анхаардаг.
Хоёрт, миний нэг сул тал байдаг. Энэ нь олон ажлыг зэрэг амжуулах гээд тал талаас нь эхлүүлчихээд дуусгаж чадалгүй орхих явдал гардаг. Одоо энэ дутагдлаа засахыг хичээж ямар нэгэн ажлыг эхлүүлсэн л бол эцсийг нь үзэх зорилго тавьсан. smiley
Гуравт, тусламж хэрэгтэй нэгэнд чадлаараа туслах, мөн надад жижиг том тус хүргэсэн хэн бүхэнд талархах.
Дөрөвт, сайхан дурсамж болон хийж бүтээсэн зүйлсээр дүүрэн амьдралыг бий болгохыг зорьдог. Эдгээрийг өөрийн мөрдлөг болгодог.

YOLOӨсвөр үеийн хүүхдүүдэд ямар хандлага, зан чанар дутмаг байна гэж боддог вэ?
Өсвөр үеийнхэн маань энэ насан дээрээ зан ааш нь тогтворгүй байдаг. Тэр ч утгаараа аав ээжээсээ жоохон хөндий болох гээд байгаа юм шиг санагддаг. Надад бас энэ асуудал тулгарсан. Ээжийнхээ хэлсэн шаардлагыг жоохон буруу хүлээж авдаг байсан. Дараа нь яг тунгаагаад бодоод үзэхээр ээжийн хэлсэн үгнүүд яг үнэн байдаг. Тийм болохоор аав ээжийнхээ хэлсэн, тавьсан шаардлагаас төвөгшөөх хэрэггүй. Авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Мөн энэ үед өөрийгөө зөв талаас нь хөгжүүлж, зөв төлөвшүүлэхийг хичээгээрэй. wink


YOLOӨөрийгөө дутуу үнэлдэг, өөрийн галбиртаа сэтгэл дундуур байдаг хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
Би ч гэсэн төгс биш. Зүгээр л өөрийнхөө бие галбирт тохирсон хувцаслалтаар хувцаслаж чаддаг, makeup тал дээр өөрийнхөө өө сэвийг дарж чадсан будалтыг хийдэг учраас гайгүй харагддаг гэж боддог. Ер нь хүн өөртөө сэтгэл хангалуун бус байх шаардлагагүй. Энэ бол эхээс заяасан биеийг голж шилэх хэрэггүй. Өөртөө итгэлтэй бай. Өөртөө тохирсон хувцаслалтыг сонгож, стиль имижээ бүрдүүлэх хэрэгтэй байх.

YOLO: Модель болохыг хүсэж буй охидод хандаж хэлэх үг байна уу?
Модель хүн бол мэдээж өндөр байх шаардлагатай. Хамгийн чухал нь энэ юм. Өндөр болохын тулд хүн бүр өөрсдийн онцлогоос шалтгаалж янз бүр байдаг. Миний хувьд эрүүл агаарт байж, мөн дасгал хөдөлгөөнтэй байснаар өссөн. Мөн удам нөлөөлсөн. Үүн шиг өөрийгөө ямар үед хурдан өсөх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Зарим хүүхдүүд өсөлтийн витамин уусан ч өсдөггүй. Харин сунгалтын дасгалуудыг хийснээр өндөр болдог. Өөрийнхөө өсөлтийг л ямар үед өсдөг вэ гэдгээ тодорхойлох нь чухал.


Дараа нь, модел хүн маш их зураг авалтанд орох учир эхний ээлжинд зурган дээр өөрийгөө аль талаас гоё харагдахаа мэддэг байх, хувирч чаддаг байх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь дизайнерын хувцсыг өөрийн мэт хайрлаж, гамтай байж тайзан дээр өөрийгөө сурталчлах биш хувцсаа амилуулах хэрэгтэй. Үүн дээр нэмж хэлэхэд загвар өмсөгч болохоор шийдсэн л бол аливаа зүйл харагдаж байгаа шиг амархан байдаггүй учир тэвчээр хүлээлт их шаардана шүү.

YOLOЧөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Олон төрлийн шинэ, содон зүйлсийг хийх дуртай. Тэр ч утгаараа янз бүрийн шинэ хоолнуудыг туршиж хийдэг. Шинээр гарч буй бэстселлер номнуудыг унших, шинээр гарч буй дуунуудыг сонсох сонирхолтой. Гэртээ ганцаараа байх үедээ дуулаад байж байх ер нь дуртай.

YOLOДуу гэснээс ямар дуу сонсох дуртай вэ?
Миний дууны сан үргэлж шинэчлэгдэж байдаг. Сонсох дуртай дуу маань ч дандаа өөрчлөгддөг. Одоогоор зөөлөн хэмнэлтэй аядуухан дуунд илүү дурлаад байгаа. Жишээ нь ийм...

YOLOЯрилцлагын төгсгөлд үе тэнгийнхэндээ хандаж хэлэхийг хүсдэг үгээ манай сайтаар дамжуулан илэрхийлээч?
Өөрийгөө бүү голоорой, өөртөө итгэлтэй байгаарай. Өөрийнхөө хүсэж буй зүйлээ сэтгэл зүрхээ дагаад хийгээрэй. Хамгийн гол нь тууштай байгаарай. Тууштай байснаар л хүн амжилтанд хүрдэг шүү!

YOLOЯрилцсанд баярлалаа!
Баярлалааsmiley


#World #supermodel #Mongolia #Teen #Model #Fashion