НҮБ-ын загвар хуралдаан буюу MUN ГЭЖ ЮУ ВЭ?


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-06-23

Model United Nations(MUN) бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдаан бөгөөд дэлхийн өнцөг бүрт байрлах дунд сургуулиудаас эхлэн их сургуулийн хэмжээнд зохиогддог ба суралцдаг салбар, сургууль, хотоосоо үл хамааран сурагчид идэвхтэйгээр оролцдогоороо онцлогтой. Энэхүү загвар хуралдаанд олон улсын харилцаа, дэлхий нийтэд тулгамдаж байгаа НҮБ-ын “жинхэнэ” сэдвүүдийг хөндөн хэлэлцдэг бөгөөд НҮБ-н Ерөнхий Нарийн бичгийн дарга асан Бан Ки-Мун, Киотаке Акасака зэрэг үе үеийн удирдагчид энэхүү мэтгэлцээн хэлбэрээр зохиогддог хэлэлцүүлэгт өргөн хүрээнд хамрагдаж байсан түүхтэй.

ЯАГААД ТА MUN-Д ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

70-аад жилийн түүхтэй энэ хуралдаанд оролцсоноор судалгаа хийх, мэдлэг дээрээ үндэслэн олны дунд илтгэл тавих, мэтгэлцэх ба бусад улс орнуудын нийгэм соёлоос суралцах гэх мэт асар их чадваруудыг эзэмшүүлдэг ба суурийг нь тавихад нөлөөлдөг талаар онцолдог билээ. Үүнээс дурдвал:

МЭДЛЭГ

MUN бол даяарчлалын нийгэмд амьдарч буй танд  дэлхий ертөнц, эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй мэдэж, "дэлхийн талаар мэдлэгтэй, дэлхийн хүн байх"-д суралцах боломжийг олгоно!  

Оролцогч бүр нэг улсыг төлөөлөн, түүнийх нь салбар комисст орсон бол хэлэлцэх сэдэв, улсынхаа талаар судлах хэрэгцээ зайлшгүй гардаг. Үүний явцад мөн дэлхийн удирдагчдын онцгойлон хөнддөг, дүрвэгсэд, энхийг сахиулагсад, хүрээлэн буй орчин гэх мэт нэн чухал сэдвүүдийн талаар мэдлэгээ өргөжүүлдэг.

“Тухайн улс орны талаар илүү ихийг судлан, илүү гүнзгий мэдэж, түүндээ бүр донтож, илүү ихийг мэдэх хүсэлд автдаг”
-Нандин Ганжолоо

UBMUN 2015-н Шилдэг оролцогч


ЧАДВАР

Аливаа комиссийн мэтгэлцээнд тухайн улсынхаа байр суурийг илэрхийлэн оролцохын тулд бусдад итгэл үнэмшил төрүүлэх, манлайлах зан чанар ихээр шаардагдахаас гадна, асуудалд ул суурьтай дүгнэлт хийх шүүмжит сэтгэлгээ мөн бусдын байр суурийг хүлээн авч чадах зан чанарууд шаардлагатай.

Энэ бол MUN-ий үеэр таны зайлшгүй эзэмшиж, хөгжүүлэх ёстой чадваруудын багахан хэсэг нь юм. Та өөрийн манлайлах, багаар ажиллах, илтгэх, судалгаа хийх, дипломат ёс ба харилцааны чадваруудаа хөгжүүлэхийг хүсвэл MUN-д заавал өөрийгөө сориорой.

ХҮРЭЭЛЭЛ

MUN-г зорих хамгийн том шалтгаануудын нэг бол мэдээж хүрээлэлтэй болох. Та эндээс өөрийн үеийн маш олон залуу манлайлагчид, шинийг санаачлагчид, идэвхтэй залуустай танилцах, туршлага судлах, нөхөрлөх боломжтой болно. Ирээдүйд гар нийлүүлэн ажиллах хамтрагч тань оролцогчид гэлтгүй зохион байгуулагчид, ивээн тэтгэгч ба хамтрагчид гээд өргөн хүрээлэл дунд тань байж мэдэх юм. Хүрээлэл дундаасаа та улам их зориг, итгэлийг олж илүү ихийг хийж бүтээх, тэмүүлэлтэй болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Цаашлаад, сургуульд элсэх өргөдлөө өгөх, ажилд орох хүсэлт өгөх гээд амьдралын шийдвэрлэх мөч тутамд MUN-д оролцсон туршлага бол олон улсын тавцанд танд асар их давуу талыг өгөх болно.

UBMUN-НИЙ ТУХАЙ

8-р сарын 17-оос 19-ний хооронд Монголын ахлах ангийн сурагчдад олон улсын гадаад бодлого, дипломат харилцаа, хэлэлцээр хийх туршлагыг өгөх зорилгоор UBMUN арга хэмжээ нь Найрамдал Олон Улсын Хүүхдийн Цогцолборт зохион байгуулагдах гэж байна. Үүнд 10-12-р ангийнхан оролцох боломжтой ба оролцохын тулдбүртгэлийн формыг бөглөж оролцох хүсэл сонирхлоо илэрхийлэн сонгогдох учиртай.
 
UBMUN нь энэхүү хурлыг Монголдоо анх удаагаа ахлах ангийнхны дунд 2015 онд зохион байгуулснаас хойш нийт 2 удаа зохиогдож Монгол улсын өнцөг булан бүрээс шалгарсан 68 сургуулийн 450 сурагчдыг хамруулж чаджээ. Харин энэ жилийн хувьд урьд урьдынхаасаа илүү өргөн хүрээг хамарч, 230 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр, оролцогч бүр Найрамдал төвд бүтэн 4 өдрийн турш байрлаж манлайлж, багаар ажиллаж, илтгэл тавьж, судалгаа хийж, дипломат ёс ба харилцааны чадваруудаа хөгжүүлэх боломжтой юм. Иймээс та бүгд өргөнөөр хамрагдан, өөрийн ирээдүйд хөрөнгө оруулж, ирээдүйн удирдагчдын нэг болохдоо эртнээс ханцуй шамдаарай.

Оролцох хүсэлт илгээх: Apply Now
Илүү ихийг: UlaanbaatarMUN.org
Фэйсбүүк хуудас: UlaanbaatarMUN

Жич: Материал хүлээн авах хугацаа 7 сарын 17-нд дуусах учир та бүхэн яараарай.

#MUN #teenagers