“Чи ЮУНД ДУРТАЙ байна, түүнийгээ ӨӨРИЙН МЭРГЭЖИЛ болгох нь ХАМГИЙН ЗӨВ”


Э.Цовоо | YOLO.MN
2017-06-19

-“Future Layouts: Гадаадад тэтгэлгээр суралцъя” үйл ажиллагаанаас хийсэн СУРВАЛЖЛАГА-

Хүүхдүүд бид бүхэн эх орондоо хэрэгтэй хүн болохын тулд сайн мэргэжил эзэмшиж сайн мэдлэг олж авах хэрэгтэй шүү дээ. Гэвч хэрхэн тэтгэлэг авч гадаадад суралцах талаар бид бүхэн тийм ч сайн мэдлэгтэй биш. Тэгвэл энэ талаарх мэдлэг, мэдээллийг бусаддаа түгээхээр “Future Layouts: Гадаадад тэтгэлгээр суралцья” хэмээх үйл ажиллагаа өнгөрөгч Бямба гарагт болсон билээ. Энэхүү арга хэмжээнд Х.Идэр, С.Халиун, Б.Төгөлдөр, Б.Номин-Эрдэнэ, Т.Анарсайхан нар гадаадад хэрхэн суралцах талаар илтгэл тавьсан. Тиймээс тэнд өөрийн биеэр очиж чадаагүй YOLO-гийнхаа уншигчиддаа зориулж тэдэнтэй багахан яриа өрнүүлсэн юм.

Арга хэмжээг зохион байгуулагч Г.Тэмүгэ

YOLOЭнэхүү үйл ажиллагааны гол зорилго нь юу вэ?
-Ихэнх хүүхдүүд хэрхэн яаж өөрийгөө сайжруулах вэ аль эсвэл гадаад руу сургуульд явахад яг юу хэрэгтэй байдаг юм бол гэх мэтчилэн зүйлийн талаар мэдлэггүй байдаг. Эдгээр хүүхдүүдэд зориулж тэднийг тодорхой замд нь чиглүүлэн мэдлэг олгох үүднээс энэхүү таван илтгэгчээр дамжуулан хүүхдүүдэд мэдээлэл өгөх нь манай үйл ажиллагааны гол зорилго юм. Мөн манай үйл ажиллагааны бүх ашиг ахмадын асрамжийн газарт хандивлагдах болно.

 




G30 хөтөлбөрөөр Японы TOP 5-н сургуулийн нэг Нагаёогын их сургуульд тэнцсэн “Шинэ Монгол” ахлах сургуулийн төгсөгч Б.Номин-Эрдэнэ

YOLOЯпон улсад суралцахын гол давуу тал нь юу вэ?
-Япон улс нь бусад орныг бодвол тэтгэлэг олгох боломж нь хамаагүй өндөр байдаг. Япон улсын их сургуулиудыг төгссөн байхад ажлын байр олоход илүү амар. Инженерчлэлийн мэргэжлийг сонирхдог хүүхдүүд япон улсад сурвал илүү амжилттай суралцаж чадна гэж бодож байна. Учир нь гэвэл Япон улс нь энэ талаараа маш их хөгжилтэй улс шүү дээ.

 


 

 

“Улаанбаатар-Эмпати” сургуулийн төгсөгч дэлхийн томоохон сургуулиудаас тэтгэлэг авч чадсан С.Халиун

YOLOМэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар манай уншигч хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч?
-Би аравдугаар ангиасаа эхлэн өөрийнхөө сонирхол хоббигоо л дагасан. Уншигч хүүхдүүдэд зөвлөн хэлэхэд хүн өөрийнхөө хүсэл сонирхол болон өөрийнхөө юунд дуртай байгаагаа олж түүнийгээ даган өөрийнхөө мэргэжлийг сонгох нь хамгийн зөв зүйл юм шүү. Хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийвэл амжилттай явж чадна гэж бодож байна.

 


 

Дэлхийн томоохон их сургуулиудаас тэтгэлэг авж чадсан “Хобби” сургуулийн төгсөгч Б.Төгөлдөр:

YOLOТэтгэлэг авахад хамгийн чухал хэрэгтэй зүйл бол “Эссэ” шүү дээ. Хэрхэн Эссэгээ бичиж, юуг чухалчлан анхаарах тал дээр зөвлөгөө өгөөч?
-Би өөрөө тийм төгс эссэ бичдэг хүн биш. Гэхдээ миний сонссоноор бол Эссэ бичдэг хоёр өөр төрлийн хүмүүс байдаг. Эхний төрлийн хүмүүс бол төрөлхийн эссэ бичих авьяастай. Өөрийн хэлэх гэсэн санаагаа эвтэйхнээр ямар ч бэлтгэлгүйгээр шууд бичиж чаддаг. Хоёр дахь төрлийн хүмүүс бол шууд бичиж чадахгүй, санаагаа удаанаар боддог. Энэ төрлийн хүмүүс төгс эссэ бичиж чадахгүй гэсэн үг биш, тэд чадна. Гэхдээ хичээх хэрэгтэй. Гадаадын сургуульд эссэгээ явуулахдаа өөрийгөө эссэн дээрээ маш сайн тодотгож өгөх хэрэгтэй. Чи яг хэн юм бэ, чи яг юунд дуртай вэ гэдгээ маш сайн харуулж өгөх нь гол нь юм.


Дэлхийн томоохон их сургуулиудаас тэтгэлэг авж чадсан “Улаанбаатар-Эмпати” сургуулийн төгсөгч Т.Анарсайхан:

YOLOГадаад руу тэтгэлэг авахад нийгмийн идэвх их чухал гэсэн шүү дээ  Уншигч хүүхдүүдэд маань нийгмийн идэвх гэж яг юу болох талаар хэлж өгөөч?
-Нийгмийн идэвх гэхээр л хүүхдүүдийн толгойд “Сайн дурын ажил” л орж ирдэг л дээ. Гэхдээ сайн дурын ажлаас гадна маш олон зүйлсийг нийгмийн идэвх гэж нэрлэж болно. Ерөнхийдөө бол чиний хичээлээс гадуур хийж байгаа бүх зүйлс нийгмийн идэвх юм. Чиний хобби хийх дуртай зүйлс бол бүгдээрээ нийгмийн идэвх юм. Ганц сайн дурын ажлаар нийгмийн идэвхийг тодорхойлох нь маш буруу юм.

YOLOГадаад хэлийг хэрхэн хурдан хугацаанд сайжруулах вэ?
-Ганц хэл гэлтгүй бүх зүйлийг хурдан сурахад нөлөөлдөг зүйл бол тухайн хүний сурах гэж байгаа зүйлээ яг ямар өнцгөөс нь харж байгаа нь гэж боддог. Жишээлвэл SAT TOEFL  гэх шалгалтуудыг өөрийн ирээдүйд нөлөөлөх садаа гэж харах юм бол ямар ч үр дүнгүй харин оронд нь гадаад сурахад туслах гүүр юм. Энэхүү шалгалтуудыг өгснөөрөө би маш их зүйлийг сурч байна гэж бодвол чамд маш их хэрэгтэй мөн үлдэцтэй юм. Үнэхээр хүн өөрөө хүсэж тухайн зүйлээ өөрт хэрэгтэй сайхан зүйл гэж харвал ямар ч зүйл байсан түргэн хугацаанд сурч чадна шүү дээ.

#Future Layouts #trade #favourite #teenagers