Г.Сайханзаяа: Хүн тууштай байвал юуг ч сурч болно


“Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн”, “Өсвөрийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн”-үүдэд удаа дараа эх орноосоо шалгаран монгол улсыг төлөөлж амжилттай оролцсон, АСЕН-ны (Зүүн өмнөд Азийн холбооны) аваргын алт, мөнгөн медальтай, 2012 болон 2013 оны Улсын хоёр удаагийн өсвөрийн аварга, Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний 5-р байрын шагналт, АНУ-ын Миннесота мужийн охидын шатрын аварга энэ охиныг Г.Сайханзаяа гэдэг. Та шатар сонирхдог ч бай, үгүй ч бай энэ ярилцлага танд зайлшгүй нэгэн ухаарлыг өгнө гэдэгт би маш их итгэлтэй байна.

YOLOӨөрийгөө бидэнд дэлгэрэнгүй танилцуулаач?
-Намайг Г.Сайханзаяа гэдэг. 19 настай. Шатрыг 2005 оноос эхэлж тоглоод 2010 он хүртэл идэвхтэй тоглож байгаад 2012 оноос хойш илүү боловсролдоо анхаараад мэргэжлийн түвшинд тоглохоо түр орхисон л доо. Өнгөрсөн жил дунд сургуулиа төгссөн.

YOLOШатар тоглох нь хүнд ямар ач холбогдолтой юм бэ?
-Шатар тоглох нь хүн бүрд өөрөөр нөлөөлдөг, учир нь хүн бүр өөр өөр зан чанартай. Яг миний хувьд шатар тоглосноор өөрийнхөө сул болон давуу талаа мэдэж авсан юм болов уу гэж боддог. Давуу тал нь юманд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахдаа няхуур ханддаг бол сул тал маань зохион байгуулалт муутай байна гэдгээ олж мэдсэн.

Шатар миний амьдралд авчирсан өөрчлөлт гэвэл би 2014 онд АНУ руу явсан. Тэнд очиход орчин тойронд маань шатар тоглодог хүмүүс маш бага байсан. Өөрөө шатрын тэмцээнүүд хайгаад оролцоод амжилт гаргаад явахад дараа нь их сургуульд элсэх, ажилд ороход удаан хугацааны туршид ямар нэгэн спортоор хичээллэсэн юм байна гэсэн давуу тал болох боломжтой юм.

YOLOШатарчдынхаа чансаагаар хамгийн хүчтэй улс чиний бодлоор ямар улс байсан бэ?
-Хятад, Энэтхэг, Орос, Америк гэх мэт улсууд олон бий. Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд шатарчдынхаа чансаагаар маш сайн болж байгаа. Намайг мэргэжлийн түвшинд тоглодог байх үед ганц хоёр тамирчид өсвөрийн дэлхийн аварга, Азийн аварга болоход монголчууд маш их баярлаж хүлээж авдаг байсан. Одоо бол Азийн, дэлхийн аваргуудад тогтмол медаль авдаг болсон. Энэ жил л гэхэд “Зүүн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн” Монголд зохиогдох гэж байгаа нь сайн хэрэг.

YOLOСайн шатарчид бэлтгэл сайтайгаасаа шалтгаалж амжилт гаргадаг уу эсвэл тухайн хүний оюуны чадавх хамааралтай юу? Чиний бодол..?
-Аав ээж нь шатар сайн тоглодог хүмүүсийн хүүхдүүд сайн тоглох нь  ч байна. Гэхдээ үнэхээр шатар тоглоё гэвэл ген бол тийм ч чухал биш. Аав, ээж хоёр маань нүүдэл ч мэддэггүй хүмүүс байсан. Эцэг эхийнхээ генээс хамаарахгүйгээр амжилт гаргаж байгаа хүүхэд ч олон бий. Ямар ч спорт, урлаг чинь бэлтгэлээ сайжруулаад байвал болдог шүү дээ.

2000-доош-чансаатай-шатарчдынхаа-төрөлд-түрүүлсэн-мөч,-Америк-улс,-2016-он / Насанд хүрэгчдийн азийн аварга шалгаруулах тэмцээн, монголын шилдэг тамирчдын хамгийн жаахан нь

2000-доош-чансаатай-шатарчдынхаа-төрөлд-түрүүлсэн-мөч,-Америк-улс,-2016-он / Насанд хүрэгчдийн азийн аварга шалгаруулах тэмцээн, монголын шилдэг тамирчдын хамгийн жаахан нь


YOLO: Хувиар илэрхийлбэл хөдөлмөр 90%, авьяас 10% юм болов уу? 
-Үнэхээр авьяастай хүүхдүүд гэж байна. Хэчнээн хөдөлмөрлөсөн ч авьяастай хүүхдүүдийг гүйцэхгүй хүмүүс ч гэж бас байдаг.  

YOLOЯагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?
-
Би багадаа сонирхолтой байсан гэж хэлэхгүй. Зүгээр л тоглодог байж байгаад яваандаа тэмцээнд оролцдог болоод шатрыг ойлгож эхэлсэн. Ойлгоод ирэхээр илүү сонирхолтой болоод ирсэн л дээ.

YOLOТамирчин бүрт тоглох хэв маяг гэж байдаг уу эсвэл тухайн үеийнхээ тоглолтын уур амьсгалаас хамаарч тоглолт өрнөдөг үү?
-Шатарт өөр өөрийн стиль гэж байдаг. Би  тийм ч тактик, хурц тоглолттой биш. Хурц тоглох үе байдаг. Суугаад л тайван аажим аажмаар явж байгаад алдуулах маягаар тоглодог. Эсрэг тоглогчийнхоо хэв маягаас шалтгаалаад хурц өрөг тоглох ч үе байна. Аль аль чадварыг нь эзэмшсэн байхад зүгээр. Тоглогч болгон өөр өөр хэв маяг, арга барилтай байдаг.

Хэв маягийг хоёр ангилж болно. Эхнийх нь бол хурц тоглохгүй мөртлөө энгийн сайн нүүдлүүд хийж байгаад төгсгөдөг. Хоёрдох нь буюу хурц гэхээр бодоо (хүчтэй дүрсээ) хүүгээрээ сольдог ч юм уу эрсдэлтэй нүүдлүүд хийж тоглохыг хурц тоглолт гэнэ.

2Шатрын олон улсын тэмцээний үйл явц,Миннесота мужийг төлөөлж Америкийн охидын аварга шалгаруулах тэмцээн, 2015 он

2Шатрын олон улсын тэмцээний үйл явц,Миннесота мужийг төлөөлж Америкийн охидын аварга шалгаруулах тэмцээн, 2015 он


YOLOӨрсөлдөгчөө ялахын тулд хамгийн чухал нь юу вэ?
-Монголд тэмцээнүүдэд оролцоход өрөг дуусангуут оноолт нь шууд гараад  өдөрт хоёроос, гурван удаа тоглох үеүд байдаг. Тийм үеүдэд  өрсөлдөгчөө судлах боломж бага. Гэхдээ багштайгаа тухайн тоглогчийнхоо тоглолтын хэв маягийг  ярилцдаг. Дэлхийн аварга, Азийн аварга гээд гадаадад болдог том тэмцээнүүдэд өдөрт нэг л тоглолт болдог. Өмнөх өдөр нь оноолт нь гарчихдаг болохоор тэр хүүхдийн тоглосон өргүүдийг интернетээс хараад, багштайгаа ярилцаад бэлддэг.

Шатрын өргөний ард баримтлах хэдэн зарчмууд бий. Цагаа барьж тоглох, өрсөлдөгчийнхөө хэв маягт тохируулж ямар нүүдлүүд хийх вэ гэдгээ бодож тоглох үеүд бий.

YOLOХамгийн дурсамжтай өрөг чинь юу байсан бэ?
-2012 оны Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо Энэтхэгийн их мастерийг хожсон. Хожсон өргөөсөө хожигдсон өрөг нь илүү сэтгэлд үлдмээр боловч энэ үед яалт ч үгүй сайн хичээж хичээллэвэл хэн ч хэнийг ч хожиж болох юм байна гэсэн урам орсон. Мөн миний хамгийн удаан хугацаанд болсон өрөг 7 цаг үргэлжилсэн санагдаж байна.

YOLOДолоон цагийн турш анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг маш хүнд даваа юм шиг санагдаж байна. Анхаарлаа яаж төвлөрүүлдэг вэ?
-Хүн нэг юманд гүн орохоор цаг хугацаа өнгөрснийг ч мэддэггүй шүү дээ. Яг тоглоод ирэхээр цаг удаан өнгөрч байгаа юм шиг санагддаггүй юм. Өлссөнөө ч мэддэггүй ш дээ. (инээв) Цагаа дараад өөрийнхөө нүүдлийг хийсэн бол ариун цэврийн өрөө орох, юм идэх нээлттэй байдаг.

Лондон хот, 2012 он

Лондон хот, 2012 он


YOLOШатар оюуны спорт учраас зайлшгүй биеийн спорттой хослуулах хэрэгтэй байх. Ямар спорттой хослуулбал илүү үр дүнтэй вэ?
-Олон хүмүүс шатрыг ширээний теннистэй хослуулбал зүгээр гэж зөвлөдөг. Шатарчид ширээний теннис их тоглодог. Зарим хүн бол бокстой ховловол сайн гэх нь ч бий. Ихэнх шатарчид шатрын ард суусаар байгаад жаахан чимээгүй, номой болчихдог. Би гэхэд тийм яриа биш чимээгүй талдаа хүн. Тийм болохоор биеийн хүч шаардсан, идэвхтэй, хөдөлгөөнтэй спорттой хослуулбал аль аль талдаа зүгээр байх. Миний хувьд одоогоор яг идэвхтэй хичээллэж байгаа спорт бол шатраас өөр байхгүй. Ширээний теннисийг бол мэргэжлийн төвшинд биш ч гэсэн идэвхтэй тоглодог.

YOLOЧи Америкт ахлах сургуулиа төгссөн гэж байсан. Тэнд тамирчдаа хэрхэн дэмжиж, тусалдаг юм бол?
-Эхний жил очихдоо өөрөө идэвхтэй хайж тэмцээнүүдэд оролцдог байсан. Нийтийн тээврээр хоёр, гурван цаг явж өөрөө хайж олоод идэхтэй тоглодог байлаа. Тэгж оролцоод амжилт гаргаж байгааг минь сургуулийн захирал маань анзаараад дараа жил хүрээд ир тэгвэл тэтгэлэг өгье гэсэн. Тэнд амжилт гаргаад идэвхтэй байгаа хүүхдүүдийг маш их дэмждэг. Монголд бол заримдаа дэмжье гэж бодсон ч  хүч нь хүрдэггүй юм шиг санагддаг. Сагс, волейбол, хөл бөмбөг гэх мэт спортоор өндөр амжилт гаргадаг хүүхдүүдийг Америкийн их дээд сургуулиудад ороход өндрөөр үнэлдэг. Шатрыг бол тийм төвшинд хүртэл үнэлдэггүй. Яагаад гэвэл сагсан бөмбөг, хөл бөмбөгийн баг гэж сургууль бүрт байдагтай холбоотой байх. Шатар их сургуульд ороход нөлөөтэй байж болох ч тэтгэлэг өгөх хэмжээний нөлөөтэй биш юм билээ.

YOLOМиннесота мужийг төлөөлж тэмцээнд оролцож байсан гэсэн. Тэр тухайгаа яриач?
-2014 онд буюу эхний очсон жилдээ Миннесота мужийнхаа ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд орсон. Охидынхоо ангилалд түрүүлээд, хөвгүүдтэй тоглоод 7-р байранд орсон. Дараа жил нь ч бас мужийнхаа охидын аварга болсон.

Лондон хот, 2012 он

Лондон хот, 2012 он


Дараа нь Америкийн охидын аварга гээд муж мужаас төлөөлсөн охид ордог тэмцээн Аризонад болсон. Мужаа төлөөлж бусад 49 мужийнхаа охидтой тоглосон. Муж төлөөлнө гэдэг маш нэр хүндийн хэрэг байсан. Шатарчдыг чансаагаар ангилдаг. Дэлхийн хамгийн мундаг шатарчны чансаа 2850 орчим байгаа, яг тийм чансаагаар нь ангилсан шатарчдын тэмцээнд оролцоод 2000-с доош оноотой шатарчдынхаа дунд түрүүлсэн. Шатарт эрэгтэй, эмэгтэйгээр ангилж тоглодог. Эрэгтэй хүмүүс илүү сайн тоглодог юм.

YOLOШатар тоглохдоо бодож тоглох нь их үү? эсвэл мэдрэмжээрээ тоглох нь элбэг үү?
-Шатарт блиц, рапид бас уртын тоглолт гэж байдаг. Блиц болон рапид дээр нь интуцээрээ буюу мэдрэмжээрээ, туршлага дээрээ үндэслэж тоглодог. Богино хугацааны өргийг мэдрэмжээрээ тоглох ёстой байдаг. Стандарт өрөг дээр бодож тоглох шаардлагатай байдаг.

YOLOЧи аль аль улсад тэмцээнд оролцож байсан бэ?
-2005, 2009 онд Энэтхэг, 2007, 2009 Турк, 2006 онд Гүрж, Тайланд, Филиппин, Тайланд, Англи, Бразил, Словени, Польш гээд ер нь бол зөндөө бий.

YOLOЯагаад мэргэжлийн тоглогч байхаас татгалзсан юм бэ?
-Шатар тоглоход маш их цаг зарцуулах хэрэгтэй. Ямар ч спорт хамгийн шилдэг нь байхгүй л бол түүгээрээ хоолоо олж иднэ гэдэг хэцүү. Багаасаа өөр юм хийнэ гэж бодож шатар тоглосон учраас орхисон.

Польш улс, 2011 он

Польш улс, 2011 он


YOLOШатрын спортоор хичээллэж буй болон хичээллэхээр төлөвлөж буй хүүхдүүдэд хандаж хэлэх зөвлөгөө?
-Тууштай, идэвхтэй байх хэрэгтэй. Тууштай байвал юуг ч сурч болно шүү дээ. Шатрын спорт маш их цаг хугацаа зарцуулах хэрэгтэй байдаг учраас ядаж хоёр, гурван жил хичээллэчихвэл суурьтай болчихдог. Тууштай хичээллэвэл авах юмаа авж чадна. Нэгэнт л тоглосон бол зүрх сэтгэлээ зориулах хэрэгтэй. Үнэхээр сонирхож байгаа бол байнга бэлтгэлээ хийгээд, багштайгаа ажиллаад идэвхтэй байх хэрэгтэй.

YOLOШатрынхаа цаашдын алсын харааг юу гэж харж байгаа вэ? Багшлах бодол бий юу?
-Шатрыг хоббигоороо цаашид тоглоно. Яг мэргэжлийн түвшинд тоглохоо больсон болохоор хааяа сонирхлоороо тэмцээнд оролцох ч юм уу сургуулиа төлөөлж оролцох журмаар л тоглоно. 40 нас хүрээд боловсролын салбарт орно гэж боддог. Сурсан юмаараа англи хэл ч юм уу, шатар ч юм уу хүүхдүүдэд заана гэж боддог. Харин одооо ЭЕШ өгөх хүүхдүүдэд давтлага өгдөг.

YOLOЯрилцсанд маш их баярлалаа. Цаашдын хичээл сурлагад чинь амжилт хүсье!
-Баярлалаа. Надтай хамт шатар тоглож байсан, надаас сүүлд шатар тоглож буй олон хүүхдүүд одоо дэлхийн хэмжээний төвшинд маш том амжилтуудыг гаргаж байгаа. Энэ спортоор үргэлжлүүлэн амжилт гарган олонд таниулж байгаа найзууддаа амжилт хүсье.

#Minnesota #Chess