М.Наранзуун: Би өсвөр үеийн хүүхэд бүрийг амжилттай яваасай гэж хүсдэг


Сондор | YOLO.MN
2017-06-09

Өсвөр үеийнхэн ах зах хүнээс үг сонсохоос илүүтэй үеийн хүүхдүүд, найз нөхдийнхөө үг, зөвлөгөөг илүүтэй хүлээн авч дагах хандлагатай байдаг. Нөгөө талаас нэг хэсэг нь урсгалаараа явах ч зарим нь “Би цаашид юу хийх вэ, би өөрийгөө хэрхэн бүтээх вэ” хэмээх асуултад хариулахын тулд шинийг эрэлхийлж байдаг. Харин тэдгээр хүүхдүүдэд чиглэл, зөвлөгөө өгөх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж буй “UB Bloom”-ыг үүсгэн байгуулсан М.Наранзуунтай ярилцлаа.

YOLO: Өсвөр насны нэгэн хүү өөрийн гэсэн компани байгуулсан гэдэг бахархалтай. “UB Bloom” компани ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-“UB Bloom”-ийг би анх 2016 оны 11-р сард өөрийн санаачилгаар үүсгэн байгуулсан. Бидний үйл ажиллагаа ихэнхдээ өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн байдаг. Хамгийн анх өөртөө тулгарсан асуудлаас үүдэж энэ үйл ажиллагааныхаа санааг олсон л доо.

YOLO: Тэр нь ямар асуудал байсан  бэ?
-Би хоёр жил гаруйн өмнө “Би цаашид яг юу хийх ёстой вэ? Яг хаашаа, ямар замаар явах ёстой юм бол?” гэсэн асуултуудтай нүүр тулсан. Эцэг эх, багш нар, найзуудаасаа гээд бусад хүмүүсээс асуухаар нэг л хариулт өгнө. Тэдгээр нь миний хүсэл сонирхолд нийцэхгүй эсвэл байдаг л нэг энгийн зүйл байсан юм.

Тиймээс л надтай адилхан бодолтой, асуулттай явдаг хүүхдүүдэд зөвлөгөө өгөх, чиглүүлэх шаардлагатай үйл ажиллагаа дутаж байгааг анзаарсан. Харин энэ санааг олохдоо би цаашид өөрийнхөө юу хийх ёстойг аль хэдийнэ тодорхойлчихсон байсан л даа.

Яваандаа хийх зүйлсийн маань агуулга ч миний хүсэл сонирхлыг дагаад өөрчлөгдөж байна. Цар хүрээг нь илүү томруулахаар хичээж байна даа.

YOLO: Тэгэхээр чи хоёр жилийн өмнөх Наранзууных шиг асуудалтай тулгарсан хүүхдүүдэд тусалдаг гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ одоогийн байдлаар тэднийг хамарсан арга хэмжээ, лекц, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулдаг юм. Дээр хэлсэнчлэн яваандаа хүрээгээ тэлж, үйл ажиллагаагаа ч өргөжүүлэхээр төлөвлөсөн.

Ер нь өсвөр насныхан болон 20 дөнгөж гарч яваа залуусын зарим нь “Би хэн бэ, би хаашаа явах ёстой вэ, миний чадвар, чадамж юу вэ” гэдгээ хараахан мэдээгүй явдаг. Өөрийгөө юу хүсээд байгааг мэдэж ч амжаагүй хэр нь их дээд сургуульд орж, хүсээгүй мэргэжлээрээ сурч төгсөөд ажилд орсон болдог. Хүн хүсээгүй зүйлээ чин сэтгэлээсээ хийдэггүй шүү дээ. Тэгэхээр энэ нь цаашлаад насан туршийн төөрөгдөл болдог юм л даа.

Би азаар өөрийнхөө юу хүсээд байгааг хурдан ойлгож авсандаа их баярлаж явдаг шүү. (инээв)


YOLO: Тэгвэл өөрийнхөө хүсэл сонирхлыг олж мэдэхийг, цаашлаад өөрийгөө олохыг хүсэж байгаа хүүхдүүд “UB Bloom”-ийн бүхий л үйл ажиллагаанд хамрагдаж болох нь ээ?
-Яг тийм. Нэтворкинг буюу танилын хүрээгээ тэлэх, лекц сонсож, хэлэлцүүлэгт оролцох бүрэн боломжтой. Бид хуудсаараа дамжуулж болох гэж буй үйл явдлаа зарладаг юм. Мөн хүрээгээ тэлж вэбсайттай ч болохыг зорьж байна. Хийх юм их байна.

Манай үйл ажиллагааны чиглэл “Өөрийгөө бүтээ”  Өөрийгөө ол гэх зэрэг  уриан дор, ямарваа нэгэн сэдэвт баригддаггүй.

YOLO: Чиний гол зарчим юу вэ?
-Миний амьдралын зарчим ч гэх юм үү нэг зүйл бол би өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдрах юм. Хэнээс ч хамааралгүй, хараат бус, өөрийн хүссэн зүйлээ хийхийг л хүсдэг дээ. Эцэг эх маань ч миний үзэл бодлыг дэмждэг. Намайг муу зүйл хийж, муу хүнтэй нөхөрлөх хүн биш гэдэгт тэд маань надад итгэдэг учраас намайг дэмждэг.

YOLO: Өсвөр насны хүүхэд бүрийн амьдарч байгаа орчин, гэр бүл, эцэг эхийн хандлага өөр шүү дээ. Тэгэхээр бусад хүүхдүүдэд ч мөн “Чи хүссэнээрээ, хэн нэгнээс хамааралгүй амьдарч болно” гэж хэлэх нь өрөөсгөл юм шиг ээ. “UB Bloom”-ийн агуулгад чиний өөрийн энэ хандлага шингэсэн байдаг уу?
-Би ч анх эцэг эхтэйгээ зөрчилддөг байсан. Одоо бүдрэхгүй яваад байгаагаа би өөрийнхөө суурь хүмүүжилтэй холбож боддог. Өөрийгөө магтаж байгаа юм шиг болчих вий дээ, миний суурь хүмүүжил сайн. Хэрэв суурь хүмүүжил муу бол бусдад уруу татагдах, буруу замаар явах магадлалтай. Тэгэхээр өсвөр насны хүүхэд цаашид ямар байх нь эцэг эхийн өгсөн суурь хүмүүжлээс л шалтгаалдаг гэж би боддог.

Зарим өсвөр насны хүүхдүүдийг хараад байхад хичээлийн төлөө төрчихсөн мэт л байдаг. Тэдний буруу биш ч “Хичээлээ л хий” гэсэн эцэг эхийн шаардлагаар тийм болчихсон байх нь бий. Бие даах болон бие даан шийдвэр гаргах чадваргүй мэт санагддаг. Өөртөө хувцас худалдаж авахдаа ч ээж ааваасаа асуудаг болчихсон. Яг жинхэнэ амьдал дээр гарахад тэд маш хэцүү нөхцөлтэй нүүр тулдаг.

“Чи өөрөө хайрцагнаасаа гарчихаад бусдыгаа ч мөн тэгэхийг хичээж, хайрцагнаас гаргаж байгаа чинь сайн хэрэг” гэж нэг хүн хэлж байсан. Энэ чинь л миний хийж байгаа зүйлийн минь үр дүн юм шүү дээ.

М.Наранзуун

Гэхдээ нөгөө талдаа эцэг эхийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Учир нь тэд хэзээ ч муу зүйл зөвлөж, буруу тийш нь чиглүүлэхгүй шүү дээ. Гэхдээ л боломжтой бол хааяа өөрийнхөөрөө бай, хүссэн зүйлээ хий, бие даахдаа өөрийгөө бэлтгэ л гээд байгаа юм. Гэхдээ “Би хүссэн зүйлээ хийж байна” гээд мэдээж буруу зүйл хийгээд байж болохгүй. Тэгэхээр хүсч байгаа зөв гэсэн зүйлээ л хийх хэрэгтэй. Хүн хүссэн зүйлээ хийхээр бүх сэтгэл зүрхээ зориулдаг шүү дээ. Тэгээд ирэхээд дэмий зүйлд цагаа заваа зарцуулахаа болино. Мөн амьдралдаа нэг бус удаа хүрээллээ солих хэрэгтэй.

YOLO: Чи өөрөө лекц тавьдаг уу? Ер нь лекторууд нь ямар хүмүүс байдаг вэ?
-Би өөрийгөө хангалттай бэлтгэгдлээ гэсэн цагтаа лекц тавина гэж боддог. Бид тухайн салбартаа амжилттай яваа хүмүүсийг  лектороор урьдаг. Сүүлд болсон лекц маань Corporate зочид буудлын танхимд өнгөрсөн сарын 8-нд болсон бөгөөд 230 гаруй хүн ирсэн. Энэ үеэр жүжигчин Урнаа, Youth Startup Program-ийн Сэргэлэн, UB Comedy-ийн Төөгөө гэх мэт хүмүүс  лекц тавьсан.

YOLO: Чи өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-АШУҮИС-д элсэн орох бодолтой байгаа болохоор хими, биологийн хичээлийг түлхүү судалж байна. Чөлөөт цагаараа сагс тоглох, аялах, дуу сонсох дуртай. Хөгжмийг бараг унтахаас бусад үед байнга сонсдог гэж хэлж болно. Хөгжим сонсохоор шинэ санаа, бодлууд их орж ирдэг юм.

YOLO: Өөрийн эрхлэн явуулж байгаа үйл ажиллагааныхаа хэтийн төлвийг хэрхэн харж байна вэ?
-Улаанбаатар хотын бүх залуус мэддэг, тодорхой хэмжээний хүрээлэлтэй болсон байх болов уу гэж бодож байна. Би ирээдүйд эмч болно гэж төлөвлөсөн ч хүүхэд залууст чиглэсэн энэхүү үйл ажиллагаагаа хэзээ ч орхихгүй . Илүү чадварлаг, “хүчтэй” болсон байна.

ХИЙЖ БҮТЭЭЕ ГЭСЭН ЧИН ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД БАЙДАГ

YOLO: Хийж байгаа ажлын чинь үр дүн хэрхэн мэдрэгддэг вэ?
-Хүмүүсийн хэлж байгаа сэтгэгдлүүд их сайхан санагддаг. “Чи өөрөө хайрцагнаасаа гарчихаад бусдыгаа ч мөн тэгэхийг хичээж, хайрцагнаас гаргаж байгаа чинь сайн хэрэг” гэж нэг хүн хэлж байсан. Энэ чинь л миний хийж байгаа зүйлийн минь үр дүн юм шүү дээ. Өсвөр насны хүүхэд залуусын хувь хүний хөгжилд туслах, санаа сэдэл, урам зориг өгөх л миний гол зорилго юм.

YOLO: Манай өсвөрийн хүүхэд залуусын давуу чанар болон дутагдалтай зүйл юу гэж боддог вэ?
-Нэг сул тал нь гадны хэв маяг, соёлыг хэтэрхий дуурайх гээд байдаг. Гэхдээ бүх зүйлээ монгол уламжлалаар авч үлдэнэ гэсэн үг биш л дээ. Мөн алсыг хардаггүй “Би ирээдүйд хэн болох вэ, тэгэхийн тулд одооноос өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ” гэж огт боддоггүй мэт өнөө маргаашаа аргацаадаг юм шиг санагддаг.

Түүнээс гадна зориггүй. “Би ингээд хэлчихвэл бусад хүмүүс юу гэж бодох бол, би ингэчихвэл хүмүүс намайг шоолно” гэж бусдаас үргэлж эмээдэг.

Сайн тал нь гэвэл хийж бүтээе гэсэн чин хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд байдаг. Би тэднийг л давуу тал гэж хардаг даа.

YOLO: Чиний хобби, хийх дуртай зүйл юу вэ?
-Би зураг авах дуртай. Мөн зураг зурах ч дуртай. Ялангуяа сүүлийн үед эмэгтэй хүний хөрөг, биеийн галбирыг илэрхийлсэн зураг зурах сонирхолтой болоод байгаа.

М.Наранзууны авсан гэрэл зургууд














YOLO: Нийгмийн сүлжээний буруу хэрэглээ мөн хүүхдүүдийн хандлагад сөргөөр нөлөөлөөд байх шиг... Чиний бодол?
-Нуугаад яах вэ, би өөрөө ч яг буруу хэрэглэдэг байлаа. Аав ээж, хамаатан садны хүмүүс, багш нараа блоклочихоод бусдын нүдэнд өртөх гэж элий балай зүйлс бичдэг байлаа. Ингэх чинь ихэнх өсвөр насны хүүхдүүдийн гаргадаг үйлдэл юм шиг байгаа юм. Одоо бол энгийнээр, зөв хэрэглэдэг. Харин хүүхэд залуус нийгмийн сүлжээгээр тархсан мэдээллийг ямарч шүүлтүүргүй хүлээж авдаг.

YOLO: Чиний хийж байгаа ажил чинь бусдыг өөрийгөө олоход нь туслах, чиглүүлэх шүү дээ. Тэгвэл чи өөрийгөө чухам хэн бэ гэдгийг бүрэн гүйцэд танисан уу?
-Хүн төрөхөөсөө үхэх хүртэл өөрийгөө таньсаар, нэг үгээр хөгжсөөр л байдаг. Тиймээс бүрэн гүйцэд олно гэж хэзээ ч байхгүй байх. Хамгийн түрүүнд миний нэр хэн бэ гэдгээсээ л мэдэж эхэлдэг шүү дээ. Би өөрийнхөө хүсэл сонирхлыг олчихсон, цаашид хийх юмаа тодорхойлчихсон, би гэж хэн бэ гэдгээ тодорхой хэмжээнд мэдчихсэн л нэгэн. Цаашид ч танисаар байх болно...

YOLO: Ярилцсанд баярлалаа.

#UB bloom #teenagers