ЗАХИДАЛ: Мэргэжлээ сонгоход минь туслаач!


ССҮТөв | YOLO.MN
2017-06-05

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: 4000 гаруй мэргэжил байдаг ч, би алийг нь ч сонгож чадахгүй байна

Мэргэжлээ сонгох гэж үнэхээр олон сар шаналж бодож тунгаалаа. 4000 гаруй ажил мэргэжлээс надад тохирох мэргэжил тийм ч элбэг биш бололтой. Аав ээжээсээ зөвлөгөө авъя гэхээр “өөрөө л мэд” гэсэн хариулт өгнө.

Сайн байна уу? Би ЕБС-ийн 11-р ангид сурч байна. Харин ирээдүйд ямар мэргэжилтэй ямар хүн болохоо мэдэхгүй сонголтоо хийж чадалгүй өдийг хүрлээ. Мэргэжлээ сонгох гэж үнэхээр олон сар шаналж бодож тунгаалаа. 4000 гаруй ажил мэргэжлээс надад тохирох мэргэжил тийм ч элбэг биш бололтой. Аав ээжээсээ зөвлөгөө авъя гэхээр “өөрөө л мэд” гэсэн хариулт өгнө. Би маш олон мэргэжлүүдийг судалсан. Тогооч эмч өмгөөлөгч эдийн засагч гаалийн байцаагч сэтгүүлч гээд л... Манай хамаатнууд бол эмчийг зөвлөдөг. Гэхдээ би хими биологидоо тийм ч сайн биш бас дээрээс нь одоо хичээлээ ч оройтсон гэж боддог. Би тоо, англи хэл нийгмийн хичээлдээ илүү сайн л даа. Аль болох эдгээр хичээлүүдээр шалгалт өгдөг мэргэжлүүдээс сонговол зүгээр юм шиг ээ. Бас дээрээс нь интернет ном зэргээр хүссэн мэргэжлийнхээ тухай дэлгэрэнгүй мэдэж чаддаггүй мэдээлэл дутмаг байсаар өнөөдрийг хүрлээ.  Хүмүүсээс асуухаар мэдлэг дутмагаасаа болж хэлж өгдөггүй. Тиймээс мэргэжлээ сонгоход минь туслах зөвлөгөө өгнө үү!? Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Аливааг хэт их бодож, үүнээсээ болоод шаналах хэрэггүй

Мэргэжлээ сонгоход зөвхөн бодож тунгаахаас гадна ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй байдаг. Хүн тухайн зүйлийг өөрийн биеэр хийж туршиж үзсэн эсвэл дор хаяж нүдээрээ ажиглаж мэдэрсэн үедээ хэр их хүсэж байна эсвэл хэр өөрт нь нийцэж байна гэдгийг тодорхойлж чадна.

Сайн байна уу, захидал ирүүлсэнд баярлалаа. Амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болох мэргэжил сонголтын талаар санаа тавьж өөрийнхөө хэмжээнд эрэл хайгуул хийн тусламж хүсч байгаад баяртай байна. Мэргэжлээ сонгоход зөвхөн бодож тунгаахаас гадна ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй байдаг. Хүн тухайн зүйлийг өөрийн биеэр хийж туршиж үзсэн эсвэл дор хаяж нүдээрээ ажиглаж мэдэрсэн үедээ хэр их хүсэж байна эсвэл хэр өөрт нь нийцэж байна гэдгийг тодорхойлж чадна.

Мэргэжил сонгоход үндсэн гурван асуултад хариулах хэрэгтэй байдаг. Эдгээр нь би юу хүсч байна вэ? Надад ямар авьяас чадварууд байна вэ? мөн Нийгэмд ямар мэргэжил хэрэгтэй байна вэ буюу би бусдад хэрхэн тусалж чадах вэ. Чиний сонгох мэргэжил эдгээр гурвын огтлолцол дээр байвал хамгийн үр дүнтэй болох юм.

Дүгнэвэл, нэгдүгээрт зөвхөн бусдаас асуух мэдээлэл цуглуулах нь хангалтгүй бөгөөд өөрийн биеэр бодит байдалтай танилцах, туршиж үзэх боломж хэр байна вэ гэдгийг судалж өөртөө шинэ боломжууд үүсгэх хэрэгтэй. Жишээ нь сэтгүүлч болох талаар бодож байвал магадгүй тодорхой сэдэв сонгон аваад иргэдтэй ярилцан мэдээлэл цуглуулж дүгнэлт хийн түүгээрэй сонирхолтой ютүб влог хийн ангийнхандаа, найзууддаа үзүүлж болно. Хамгийн чухал нь энэ явцдаачи сэтгүүлч мэргэжлийн онцлогийг танихыг оролдох юм. Хоёрдугаарт, сонгох мэргэжил чинь дээр дурдсан хүсэл, чадвар, эрэлт хэрэгцээ гурвын аль алийг хангаж байвал сайн. Гэхдээ нэг анхаарах зүйл нь хэт их бодож, үүнээсээ болоод шаналах хэрэггүй. Хүсвэл сонголтоо өөрчилж болно, хоёр хос мэргэжилтэн ч болж болно. Юмс улам бүр нээлттэй, хоорондоо уялдаа холбоотой болж өөрчлөгдөж байна. Тиймээсэрэл хайгуулаа шантралгүйгээр цааш үргэжлүүлээрэй.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#career choice #teenagers