ФЭЙСБҮҮКЭЭР дамжуулж АНГЛИ ХЭЛНИЙ мэдлэгээ дээшлүүлэх БОЛОМЖУУД


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-06-05

Ердөө 13-хан жилийн дотор хоёр тэрбум орчим хэрэглэгчтэй болсон фэйсбүүк бие биетэйгээ чаталж, цагийг “сэлгүүцэн” өнгөрөөдөг хэрэгсэл байхаа болиод хэдийн олон жилийн нүүрийг үзжээ. Сонирхолтой группуудээр дамжуулж ижил хүсэл сонирхол нэгтэй хүмүүстэйгээ танилцаж, хуудсуудаар (пэйжүүдээр) дамжуулж мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах, бүр хүссэн бараа бүтээгдэхүүнээ ч худалдан авах боломжийг бидэнд олгож байна.

Фэйсбүүкээр дамжуулж АНГЛИ хэл сурах боломжтой юу?

Тэгвэл олон нийтийн сүлжээнээс бидний салшгүй хэрэглээ болтлоо хөгжиж чадсан Фэйсбүүкээр дамжуулж Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой юу?

Хэл сурах хамгийн чухал зүйл бол байнгийн хэрэглээ гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Жишээлбэл, чи өнөөдөр нэг үг чээжиллээ гэхэд тэрхүү үгээ маргааш нь эссе бичихдээ ашиглах, нөгөөдөр нь уншиж байгаа нийтлэлээсээ олж харах, түүний дараа бусдын ярианаас сонсох гээд төрөл бүрээр хэрэглэж, дасал болгосноор тархинд чинь баттай сууж өгнө гэсэн үг. Иймд өдөрт дор хаяж 2-3 цагийг өнгөрөөдөг бидний хамгийн ойрын хэрэглээ болох фэйсбүүкийн news feed-ээ Анги хэл дээрх мэдээ, мэдээллээр “дүүргэж” чадвал уг хэлний мэдлэгээ дээшлүүлж боломжтой юм.

Энгийнээр бол өдрийн 2-3 цагийг Англи хэлний хичээл маягаар гэхдээ зугаатай байдлаар өнгөрөөж байгаа хэрэг. Гэхдээ сурахынхаа хажуугаар чанартай мэдээллийн цаг тухай бүрд нь авч чадах учраас нэг сумаар хоёр туулай онох боломжтой. Ингэхийн тулд хамгийн эхлээд өөрийн news feed-ыг цэгцлээрэй.

Фэйсбүүкийн news feed-ийг хэрхэн “цэгцлэх” вэ?

Улиг болсон улс төрийн мэдээ, оддын амьдрал, аз гэж бичээд шэйр хийх постууд, худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллээс залхаж байна уу? Хэрэв тийм бол нэгдүгээрт зөвхөн өөрийн таньдаг хүмүүстэйгээ л Фэйсбүүк дээр найз болоорой. Нэгт, аюулгүй байдал талаасаа хоёрт, цэгцтэй мэдээлэл авах талаасаа их ашигтай санагддаг юм. Хэрвээ нэгэнт таны найз хэдэн мянга давчихсан байгаа бол шинэ хаяг нээх эсвэл эхнээс нь залхууралгүй unfriend (найзууд биш болох) хийгээрэй. Хоёрдугаарт, дээр дурдсан хэрэгцээгүй мэдээлэл нийтэлдэг хуудаснуудыг дагахаа болих хэрэгтэй. Үүний оронд алдартай сэтгүүлүүд, олон улсын байгууллагууд, телевизийн суваг, ном эсвэл киноны албан ёсны хуудсыг дагахыг зөвлөе. Албан ёсны хуудаснууд харахад андашгүй, нэрнийхээ ард цэнхэр өнгийн “зөв” тэмдэгтэй байдгийг санаарай. Мөн тухайн хуудасны мэдээлийг news feed-ийнхээ хамгийн эхэнд харахыг хүсвэл Following (дагадаг хуудсууд) хэсгээ See first буюу юм нийтэлсэн даруйд харагддаг байх гэсэн тохиргоог идэвхжүүлээрэй.

Хүмүүс тэр бүр чанартай, Англи хэл дээр бичигдсэн мэдээлэлтэй хуудас олдоггүй учраас уг нийтлэлдээ заавал дагах дараах 10 Фэйсбүүк хуудаснуудыг хувиасаа санал болгож байна. Мэдээж эдгээр дээр нэмээд чи өөрийн сонирхдог сэдвийнхээ дагуу хуудсыг олж дагаарай. smiley (хуудсын нэр дээр дарахад фэйсбүүк линк рүү нь үсрэх боломжтой)

Humans of New York

Хорвоогийн өнгө бүрийг уг хуудас дэлгэн харуулдаг. Цагаачлагч, зураач, аялагч, багш, орон гэргүй хүн гээд төрөл бүрийн хүмүүсийн баяртай, гунигтай, бахдалтай гээд янз бүрийн мөчүүдийг өгүүлэн гэрэл зургийн хамтаар нийтэлдэг. Уншихад тийм ч урт биш, үгний хувьд харьцангуй амархан учраас тун сонирхолтой байх болно.


The Way We Met

Дэлхийн өнцөг булан бүрт байх хосуудын анх учирч, бие биенээ хайрласан хайрын түүхийг өгүүлэн бичдэг. Мөн л уншиж ойлгоход тун хялбархан үг хэллэгтэй. Онгоцны буудал дээр санаандгүй байдлаар уулзаад танилцсан хосууд, цагийн ажил хийж байхдаа танилцсан хосууд, салаад ахин нийлсэн хосууд гэх зэрэг маш сонирхолтой байдлаар танилцаж дотноссон түүхүүдтэй хуудас юм.


TED-Ed

TED-ыг мэдэхгүй хүн цөөхөн байх. Бусад хуудаснуудаас ялгаатай нь дуу оруулсан амимэшионтэй байдаг учраас дан ганц унших гэлтгүй сонсох чадварыг хөгжүүлдэг. Дэлхийн хамгийн хортой 3 будагч бодис, цайны үүсэл гарал, уусан эм биед хэрхэн үйлчилдэг вэ?, амьтад өөрийн гэсэн хэлтэй юу? гэх зэрэг маш олон төрлийн тэр болгон бидний мэдээд байдаггүй сэдвүүдийг хөндөн мэдээллийг өөр өнцгөөс, маш цэгцтэй өгдөг. Мөн TED,  TED Talks- Science & Technology, TED Radio Hour гэх зэрэг хуудсуудыг дагаарай.


The Atlas of Beauty

Гэрэл зурагчин бүсгүйн Дэлхий даяарх гоо сайхныг өөрийн дурандаа хэрхэн буулгасныг бяцхан тайлбарын хамтаар унших боломжтой. The Atlas of Beauty гэх номонд уг гэрэл зурагчны дөрөв гаруй жилийн тасралтгүй хөдөлмөрийн үр дүн болох 50 гаруй орны 500 гаруй эмэгтэйчүүдийн зургийг тайлбарын хамтаар оруулсан бөгөөд эдгээрээсээ хэсэгчлэн уг хуудсаараа олон нийтэд түгээдэг.


English Grammar

Харилцан яриа, ижил болон эсрэг утгатай үгс, дуудлага засах зөвлөгөө, дасгал ажлууд, хоорондоо бичлэгийн хувьд адилхан үгс, хэлц үгнүүдийн тайлбар ба хэрэглээ гээд маш олон төрлийн мэдээллийг хүргэдэг. Уг хуудсанд нийтлэгддэг дүрмийн болон бусад мэдлэгүүд нүдэнд чинь л нэг л мэдэхэд дасаж танил болсон байх болно.


American English at State

Англи хэлний дүрэм, үгийн утга болон хэрэглээ гэх зэрэг илүү хичээлтэй холбогдолтой мэдээллүүдийг цаг тутамд нийтэлдэг. Илүү албан ёсны гэдэг утгаараа үнэн зөв, чанартай мэдлэг болохуйц мэдээллээр дүүрэн хуудас юм шүү.


BBC Stories

Мөн л төрөл бүрийн хүмүүсийн амьдралын түүхээр бүтсэн дүрс бичлэгийг хадмалтай нь цуг хүлээн авах боломжтой.  Дан ганц BBC Stories гэлтгүй BBC Learning English, BBC Trending, BBC Earth , BBC Culture, BBC Science News гэх хуудаснуудыг дагаж шинэ соргог мөн олон төрлийн мэдээллийг цаг тухай бүрд нь авч байгаарай.


Nas Daily

Өөрийн ажлаа орхин Дэлхийгээр тойрон аялж буй 25 настай залуу өдөр бүр нэг минутын бичлэг хийж уг хуудсандаа нийтэлдэг. Бичлэг бүр тун сонирхолтой бөгөөд ихэвчлэн тухайн аялж буй улс орныхоо зан заншлын талаар эсвэл уулзсан хүмүүсийнхээ амьдралын түүхийг харуулсан байдаг. Одоогийн байдлаар та уг хуудаснаас 400 гаруй нэг минутын урттай бичлэгийг үзээрэй.


Stories That Shocked The World

Дэлхийн түүхэнд тохиолдож байсан хачирхалтай түүхүүдийг тухайн үеийнх нь гэрэл зургийн хамт нийтэлдэг. Жишээлбэл дээрх зурганд Дэлхийн хамгийн залуу ээж болох 5 настай охины талаарх мэдээллийг оруулжээ. Унших чадвар нэмэгдэхээс гадна тал бүрийн мэдлэгийг олж авах боломжтой.


Roadtrip

Ном зохиолын ишлэлүүд, киноны жүжигчдийн хэлсэн алдартай үгс, шүлэг гэх зэргийг гэрэл зургийн хамтаар нийтэлдэг. Үүнтэй адил Eccedentesiast, Bibliophile гэх зэрэг хуудаснуудыг дагаарай. Эдгээр хуудаснууд бидний нэрлэгддэгээр “эмо” зүйлсийг ихэвчлэн бичдэг.

Уг нийтлэлээрээ аливаа гадаад хэлийг эзэмшинэ гэдэг нь заавал анги танхимд сууж, олон шөнө нойроо хугасалахын нэр биш харин өдөр тутамдаа хийж байгаа зүйлсээ жаахан л өөрчлөхөд болдгийн нэг жишээг харуулахыг зорилоо. Зөвхөн Англи хэл ч гэлтгүй Орос, Хятад гээд олон төрлийн хэлний мэдлэгээ

Фэйсбүүкээрээ дамжуулаад дээшлүүлэх боломжтой юм шүү!

Мэдээтэй холбоотой санал сэтгэгдэл, шүүмж болон дараагийн нийтлэлээр уншихыг хүссэн сэдвээ tushigterdene@gmail.com хаяг уруу бичиж илгээгээрэй! Амжилт хүсье.

 

#facebook #english