Өөрийн хүсэл мөрөөдлийг маргааш гэж хойш тавилгүй, балчир гэж өөрийгөө гололгүй биелүүлж эхэлнэ гэдэг сайн хэрэг. Тэгвэл энэ удаад та бүхэнд танилцуулах дунд сургуулийн нэгэн хүү хичээлдээ шамдахын хажуугаар өөрийн гэсэн брэндийг үүсгэж, загвар өмсөж хүсэл мөрөөдлийхөө төлөө тэмүүлж буй нэгэн юм.
БИ МӨРӨӨДЛӨӨРӨӨ АМЬДАРДАГ АЗТАЙ ХҮН
YOLO: Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигч хүүхдүүддээ өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг С.Чойжилсүрэн гэдэг. Би Улаанбаатар бүрэн дунд сургуулийн 9-р ангийн сурагч. 15 настай. Мөн “Choijestyk” брэндийн үүсгэн байгуулагч, Asian model агентлагийн загвар өмсөгч.
YOLO: Choijestyk брэндийнхээ талаар ярьвал...?
-Choijestyk брэндээ анх сонирхлоороо үүсгэн байгуулаад жил хагас болж байна. Одоогоор савхин хүрэм үйлдвэрлэдэг. Ойрын хугацаанд савхиараа дагнасан утасны гэр, цүнх хийх төлөвлөгөөтэй байна.
Одоогоос хоёр жилийн өмнө брэндээ гаргах санаагаа олсон юм. Шинэ зүйл хийхдээ савхийг л ашиглая гэж бодсон. Брэнд үүсгэн байгуулахаас хоёр жилийн өмнө буюу савхи моодонд ороогүй байхад л анх дэлгэрүүлэхийг хүссэн. Үйл явцаас дурдвал эхлээд загварын санаагаа гаргаад түүнийгээ цаасан дээр буулгана. Оёдолчин эсгүүрчинтэйгээ хамтраад үйлдвэрлэлийн үйл явцдаа орно.
Түүнчлэн миний брэнд учраас мөн засаж залруулах зүйлс их гардаг. Тиймээс эсгүүр, оёдлын ажилд нь ч мөн адил өөрийн биеэр оролцдог доо. Савхиныхаа загварыг нэг сарын дотор гаргаж хийхдээ анх гурван сар болсон. Эхний гурван жилдээ бүтээлээ хийхдээ савхиараа дагнана гэсэн төлөвлөгөөтэй байна.
YOLO: Хийх явцад тулгарч байсан бэрхшээлүүд ямар байв?
-Бэрхшээл гэвэл лого маань савхин дээр буухдаа нэлээн хүндрэлтэй байсан. Бусдаар бол гайгүй дээ.
YOLO: Choijestyk гэдэг нэрний утга юу вэ?
-Эхнийх нь бол мэдээж миний нэрний ЧОЙ гэсэн хэсэг. Энэхүү нэрийг би анх 4, 5 жилийн өмнө өөрөө өөртөө зориулж оноож өгсөн. Тэгээд “styk” гэдэг нь –ийн, ын гэсэн утгыг агуулаад Чойжоогийнх гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
YOLO: Өсвөр насны хүүхэд бие даан брэнд гаргана гэдэг амаргүй. Үүнд гэр бүлийнхэн чинь хэр их дэмжсэн бэ?
-Гэр бүлийнхэн бол маш их дэмжсэн. Лого нь хоёр жилийн өмнө манай ээж надад зориулж зохиож өгсөн. Миний гарын үсгийг хүртэл ээж минь зохиосон гээч.
YOLO: Брэндээ гаргалаа, хийгээд эхэлсэн. Тэгвэл ойрын үед юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Ойрын үед бол утасны гэр болон цүнх гаргана аа. Мөн дэлгүүрээ нээнэ гэж бодож байна. Энэхүү зорилго маань удахгүй биелэлээ олон гэдэгт итгэлтэй байна.
YOLO: 10 жилийн дараах “Сhoijestyk” брэндийг төсөөлж хэлбэл?
-Олон улсад гарсан нэлээн нэр хүндтэй брэнд болсон байна. “Choijestyk” брэнд арав ба түүнээс дээш улсад салбар дэлгүүрээ нээсэн байх болов уу гэж бодож байна.
Би энэ бүх зүйлд 99% зүрх сэтгэлээ зориулж байгаа болохоор надад огтхон ч асуудал биш.
С.Чойжилсүрэн
YOLO: Савхин материал их үнэтэй шүү дээ. Чи хөрөнгө санхүүгээ хэрхэн шийддэг вэ?
-Би гэр бүлийнхнээсээ туслалцаа авдаг, ирээдүйд өөрөө зохицуулдаг болно доо.
YOLO: Савхи захиалахаар болбол хэрхэн холбогдох вэ?
-Одоохондоо бол салоноо нээгээгүй байгаа. Тиймээс савхи захиалахаар бол миний пэйж хуудсаар болон хувийн профайлаар холбогдож захиалгаа өгч болно.
Фэйсбүүк хуудас-Choijestyk
Фэйсбүүк хаяг- ChoijooChoijestyk
YOLO: Яг чам шиг шинэ шинэлэг санаа гаргасан ч хэрэгжүүлж чадахгүй байгаа үе тэнгийн найзууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Шинэ санаа олвол хамгийн түрүүнд мэдээж түүнийгээ засаж засварлаад цаасан дээр буулгах нь хамгийн чухал. Бүтэх ч байсан бүтэхгүй ч байсан хийгээд л үз гэж хэлмээр байна.
YOLO: “Asian model” агентлагийн загвар өмсөгч гэсэн. Загварын талаарх гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
-“Asian model” агентлагт хоёр жилийн өмнө эгчийнхээ зөвлөснөөр орж суралцсан. Суралцаад амжилттай төгссөн. Одоо бол моделоор ажилладаг. Загвар өмсөгчөөр ажиллаад гурван жил болж байна. Энэ явцад брэндийнхээ санааг анх олсон. Мөн миний орсон хамгийн том загварын шоу гэвэл 2016 оны тавдугаар сарын 29-нд болсон “Mongolian music&fashion” наадмын тайзнаа “Celio”, “Sprit “ зэрэг брендийн загварыг өмссөн.
Харин өнгөрөгч оны 11-р сард “Нийслэлийн гоо охин, шилдэг хөвгүүн” тэмцээнд амжилттай оролцсон. Тэндээсээ шалгарсан нь тухайн жилийнхээ үлгэр жишээ, нүүр царай болж явдаг. Тэрхүү тэмцээнд ороод хоёрдугаар байр буюу “Өсөх ирээдүйтэй жентелмэн хөвгүүн” болсон. Уг тэмцээн нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүд дунд зохиогддог хамгийн том нь юм. Уг тэмцээнд би 2015 онд орох гээд зориг хүрээгүй, тухайн үедээ маш их харамсаж байсан. Тэгээд 2016 онд оролцож амжилт гаргаж чадсан.
Тууштай бай, өөрийнхөө дуртай гэж боддог бүх зүйлээ л оролдож үзээрэй.
С.Чойжилсүрэн
YOLO: Брэндийнхээ хажуугаар загварын ажлаа хэр зохицуулж байна вэ?
-Загварын замналаа цаашдаа улам илүү хөгжүүлэхийг хүсэж байна. Мөн гадны зах зээлд өрсөлдөхөөр бэлтгэгдэж байна. Мэдээж дэлхийн алдартай дизайнеруудын хувцсыг өмсөх, орон орны загварын долоо хоногт орох зорилготой. Миний хувьд хичээл нэгдүгээрт, загварын чиглэл хоёрдугаарт, гуравдугаарт брэнд тавигддаг.
YOLO: Ирээдүйд ямар мэргэжлээр суралцах вэ?
-Миний сонгосон мэргэжил олон улсын харилцаа буюу дипломатчийн мэргэжил. Энэхүү мэргэжил нь миний зорилготой хэрхэн уялдаж байгаагийн шалтгаан нь мэдээж модель, брэндтэй хүн олон улсад гарах зорилготой тул заавал олон улсын олон байгууллага дизайнеруудтай харилцана гэдэг утгаараа маш их холбоотой.
YOLO: 15 настай хүүхдийн хувьд брэндтэй болоод, түүнийгээ удирдаад явна гэдэг хүнд ачаа биш үү?
-Мэдээж тийм шүү. Насанд хүрээгүй, дунд сургуулийн сурагч хүүхэд брэнд үүсгээд, түүнийгээ хүмүүс хүргэх гээд явна гэдэг хэцүү. Гэхдээ би энэ бүх зүйлд 99% зүрх сэтгэлээ зориулж байгаа болохоор надад огтхон ч асуудал биш шүү.
YOLO: Энэ их завгүй ажлын хажуугаар чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Чөлөө цагаараа хамтрагч байгууллагуудтайгаа ажилладаг, бас зураг зурдаг, сошиалаар брэндтэйгээ холбоотой шинэ санаагаа хайдаг.
YOLO: Хичээл сургуулиа хэрхэн зохицуулдаг вэ?
-Их завгүй байдаг ч хичээлээ бол үргэлж нэгдүгээрт тавьдаг даа. Аль алийг нь амжуулахыг л хичээдэг.
YOLO: Үе тэнгийн найзууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Тууштай бай, өөрийнхөө дуртай гэж боддог бүх зүйлээ л хийж оролдож үзээрэй гэж хэлмээр байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх