ЗАХИДАЛ: "Монгол хүүхдүүд найзлахдаа царай хардаг юм шиг санагддаг"


ССҮТөв | YOLO.MN
2017-05-25

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би царай муутай, бусдад ад үзэгддэг хүн яах вэ?

Монголд хүссэн хүнтэйгээ найзлах их хэцүү, царай хардаг болохоор тэр.

Би 18-тай, Намайг О гэдэг. Би хүмүүстэй сайхан найзалж нөхөрлөхийг хүсэж байна. Бас хэн нэгэн таалагдсан хүнтэйгээ цуг баймаар байна. Гэвч яаж...? Танилцаад ярилцаж болох боловч би бусдын нүдэнд тусдаг хөөрхөн охин биш ээ.

Мөн бусад шиг юм ярих дуртай биш, чив чимээгүй байх дуртай, надад  ярих утгагүй санагддаг. Бусад шиг найзалж нөхөрлөж хамт байхын тулд би юу хийх ёстой вэ. Монголд хүссэн хүнтэйгээ найзлах их хэцүү, царай хардаг болохоор тэр. Би үнэхээр царай муутай бусдад ад үзэгддэг хүн яах вэ, надад туслаач??? crying

ЗӨВЛӨГӨӨ: Гутарч суулгүйгээр өөрийгөө хөгжүүлэх үйлдэлд ханцуй шамлан ороорой

Хүн бүрт өөр өөрийн онцгой чанар, бусдад байхгүй давуу тал, бусдын хүсдэг зан араншин байдаг.

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. 2016 оны байдлаар чамтай ойролцоо насны 230,000 гаруй хүүхэд залуус Монгол улсад амьдарч байна. Хүн бүрт өөр өөрийн онцгой чанар, бусдад байхгүй давуу тал, бусдын хүсдэг зан араншин байдаг. Чиний хувьд чамд тохирох сайн найз нөхөд одоохондоо гарч ирээгүй байгаа болохоос чиний гадаад төрх, ярихгүй байдаг чинь асуудалтай холбоогүй гэдгийг хэлмээр байна. Нөхөрлөл гэдэг найз чинь ямарч байдалтай, ямарч үе тохиолдсон түүнийг байгаагаар нь хүлээн авч харилцдаг онцлогтой. Тэгэхээр яг үнэндээ чамд 230,000 гаруй боломж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс цаг нь болоогүй учралын төлөө өөрийгөө тавгүй байдалд бүү оруулаарай. Өөрийнхөө дуртай зүйлийг хий, ярих дургүй байдаг бол битгий ярь, чимээгүй дуртай номоо уншаад суух нь зарим үед ямарч найзаас илүү сайхан мэдрэмжийг төрүүлэх үе байдаг. Яагаад өөрийнхөө энэ сайхан цаг мөчийг сэтгэлээр унаж өнгөрөөх хэрэгтэй гэж, гутарч суулгүйгээр өөрийгөө хөгжүүлэх үйлдэлд ханцуй шамлан ороорой. Амжилт хүсье smiley

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#friends #teenegars #mongolia