ЗУСЛАНГУУД ирэх сарын 10-наас хүүхдээ хүлээж авна


Сондор | YOLO.MN
2017-05-24

Нийслэлийн ногоон бүсэд энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ. Үүнээс нь гурав нь шинээр байгуулагдсан зуслан аж. Зуслангууд нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 10-наас хүлээн авах юм байна.

“Нийслэлийн Засаг даргын захирамжаар НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийнхэн зургаадугаар сарын 5-8-нд зуслангуудад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь өгнө” гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ариунгэрэл мэдээлэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт өчигдөр зуслангийн эмч, тогооч, удирдах ажилтнуудын сургалт болжээ. Мөн энэ сарын 25-26-нд бүлгийн багш нарт зориулсан долоо хоногийн сургалт явуулах зэргээр бэлтгэж ажил ид өрнөж байна.

Зуслангийн нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь өдрийн 23-25 мянган төгрөг байх юм. Зусланд амрах эрхийн бичгийг энэ сарын 25-наас Улаанбаатар чуулгын байранд худалдаж эхлэх юм байна.

Мөн зуслангууд зургаадугаар сарын 1-10-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, 4-5-ны өдөр Сүхбаатарын талбайд ажиллаж, эрхийн бичгээ борлуулна гэж мэргэжилтэн Б.Ариунгэрэл хэллээ.

#camp #teenegars