ЭЕШ-ын бүртгэл дуусч, шалгалт зохион байгуулах хугацаа ойртож буйтай холбогдуулан БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.
2017 оны ЭЕШ-ын журам шинэчлэгдэж хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Энэ талаар тодруулъя.
-Энэ жилийн ЭЕШ-ын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон. Үүнд шалгуулагч бүр өөрийн и-мэйл хаягтай байж, тэр хаягаараа ЭЕШ-д бүртгүүлэх, монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврууд орно. Өнгөрсөн жил бид шалгуулагчдыг хариултын хуудсан дээрээ зөв хариуг харандаагаар будахыг шаардаж байсан бол энэ жилээс эхлэн зөвхөн хар өнгийн үзгэн болон тосон балаар тэмдэглэгээ хийхийг шаардана.
Монгол хэлбичгийн шалгалт босго оноогүй болсон гэсэн үү?
-Тийм ээ, босго оноогүй явагдана. Гэхдээ тухайн шалгуулагчийн элсэн орох хүсэлтэй их, дээд сургууль нь оюутан элсүүлэх журамдаа Монгол хэлбичгийн шалгалтын босго оноо тогтоож өгч болно. Мөн шалгуулагч ЭЕШ-ын батламж хуудсаас гадна Монгол хэлбичгийн шалгалтын батламж хуудас авна. Монгол хэлбичгийн шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр нэг л удаа авна.
ЭЕШ-ийн байр танхимуудад ямар шаардлага тавигддаг вэ?
- ЭЕШ-ыг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс шалгалтын анги танхимуудыг бид бүрэн камержуулж, сүлжээ сарниулагч, металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргээр тоноглосон. Энэ нь шалгуулагч бусдад саад болох, хуулах боломжгүй гэсэн үг.
Элсэлтийн ерөнхий шалгалтад шилэн технологи нэвтрүүлэх гэж байгаад олон нийт ам сайтай байна лээ. Шилэн технологийнхоо талаар та илүү дэлгэрэнгүй тайлбарлана уу?
-ЭЕШ-ын дүн оноог өмнө нь шалгалт зохион байгуулж дууссанаас хойш 10 хоногийн дараа зарладаг байсан. Тэгвэл бид ирэх жилээс шалгалт өгсөн даруйдаа анхны оноогоо мэддэг шууд засалтын технологи нэвтрүүлэх гэж байна. Энэ жилийн хувьд өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан нэг шалгалтын төвийг сонгож шалгалтын материалыг засах, оноожуулах ажлыг зохион байгуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Ирэх жилээс Улаанбаатар хотын 28, хөдөө орон нутгийн 22 шалгалтын төвд энэ технологийг ашигласнаараа илүү ил тод, нээлттэй болно гэдэгт итгэлтэй байгаа.
ЭЕШ-ын бүртгэл дууссан болохоор одоо шалгуулагчдын суудлын хуваарийг гаргаж байгаа юу?
-Тийм ээ, бид одоо шалгуулагчдын суудлын хуваарийг бодож гаргаж байна. Шалгуулагч бүрт зориулан гэрээний хуудас, баганан код, зөвлөмж зэргийг боловсруулан бэлтгэх ажил эхлээд байна. Мөн шалгалтын байруудад суурилуулсан хяналтын дуран, сонсгох төхөөрөмж болон бусад техник хэрэгслийн ажиллагааг хянаж, шалгалт эхлүүлэхэд бэлэн болгосон.
Энэ жил хот хөдөө нийт 49 шалгалтын төвд ЭЕШ-ыг зохион байгуулна. Шалгуулагчид 5 сарын 15 - аас хойш бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах боломжтой болно. ЭЕШ-д орохдоо шалгуулагчид бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэхүйц баримт бичгийг бүрдүүлж ирнэ.
ЭЕШ-ын сэдэв, даалгаврыг хэрхэн боловсруулдаг тухайд?
-Жил бүрийн ЭЕШ-ын сэдэв даалгавар боловсруулах, хэвлэх, савлах, түгээх үйл ажиллагаа нь иргэд олон нийтийн анхаарлыг татсан асуудал байдаг. Улаанбаатар хотоос зайдуу, хөл хөдөлгөөн багатай, гадны хүнтэй уулзах боломжгүй, интернэт гар утасны сүлжээ ордоггүй, нууцлагдсан газрыг сонгон пост болгон, БҮТ-ийн төлөөлөл, Их дээд сургууль, ЕБС-ийн багш нар, Цагдаагийн тусгай хамгаалалтын I газар, ТЕГ-ын Тусгай шуудангийн албаны оролцоо, хяналт, хамгаалалтын дор зохион байгуулдаг. Сэдэв даалгавар боловсруулах үйл ажиллагааг блупринт буюу шалгалтын агуулга тогтоох, сэдэв боловсруулах багш нарыг сонгох, сэдэв боловсруулах, шалгалтын материалыг хэвлэх, савлах мөн шалгалтын байранд хүргэх гэсэн үндсэн бүтэц, зохион байгуулалтын дагуу явуулдаг.
Энэ жил ЭЕШ-ын дүн хэзээ гарах вэ?
-Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариуг шалгалт дууссаны дараа буюу 2017 оны 06 сарын 21-нд өдөр тутмын сониноор, дүн оноог 2017 оны 07 сарын 01 өдрийн өглөөний 09 цагт www.eec.mn сайтаар дамжуулан мэдэж болно.
Нийт төгсөгч, шалгуулагчдад хандаж хэлэх таны үг?
-Их, дээд сургуульд элсэн ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгох нь шалгуулагч гэлтгүй эцэг эх, багш нарын анхаарал татсан, сэтгэл түгшээсэн, өндөр хариуцлага шаардсан явдал. Хамгийн гол нь, шалгуулагчид зөвхөн өөртөө итгэж, хичээл сурлагадаа анхаараарай. Хэн их хөдөлмөрлөнө түүнийг хувь тавилан мялаадаг гэдгийг санаж, хичээгээрэй гэж зөвлөе.
-Танд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх