Тархины саажилттай ХҮҮГЭЭ ХАРВАРДАД элсүүлж чадсан МУНДАГ ЭЭЖ


Э.Цовоо | YOLO.MN
2017-05-18

Хүн болгонд боломж байдаг. Боломжгүй зүйлийг ч боломжтой болгож болдог гэдгийг батлан харуулсан ээж хүү хоёрын тухай сонирхолтой түүхийг та бүхэндээ хүргэх гэж байна.

Хятад улсын Зу Хонгуаны бүсгүй 1988 онд үрийн зулай үнэрлэжээ. Гэвч түүний хүү тархины саажилттай төрсөн учир эмч нар түүнд “Ямар ч найдлагагүй, тэр хэзээ ч хэвийн хүн шиг амьдарч чадахгүй”  гэж хэлжээ. Бүсгүй тэдний үгийг үл тоон хүүгээ өөрөө өсгөхөөр шийдэв. Түүний нөхөр нь ч гэсэн өөрийн хүүгээсээ ичин хүүгээ ад үзэж байсан учир бүсгүй нөхрөөсөө салж хүүгээ ганцаараа өсгөх болжээ.

Бүсгүй хүүгээ тэжээхийн тулд гурван ажил давхар хийж маш их хөдөлмөрлөж түүнийхээ хажуугаар хүүгийнхээ оюун ухааныг хөгжүүлэх зүйлсийг хийж хүүтэйгээ олон цагийг өнгөрөөхийг хичээдэг байв. Тэрбээр Вунаны коллежид бүтэн цагаар, протокол хөтлөгчөөр хагас цагаар ажиллахын хажуугаар даатгалын ажилтан хүртэл хийж байжээ.

Энэ их ажлын хажуугаар тэрээр хүү Дин Динийгээ тогтмол нөхөн сэргээх эмчилгээнд нь дагуулан явж, хүүгийнхээ чангарсан булчинг суллах бариа заслыг хүртэл хийж сурсан байна. Мөн хүүдээ савх хэрхэн барихыг хүртэл маш нухацтайгаар зааж өгдөг байжээ. “Хүү минь өөрөөсөө ичээсэй гэж би хүсээгүй. Тийм учир түүнтэй хатуу чанга ханддаг байсан” гэжээ.

2011 онд Дин Дин Бээжингийн Байгалийн шинжлэх ухаан, инженерийн их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсчээ. Үүний дараа тэрээр их сургуулийнхаа дэргэдэх Олон улсын хуулийн сургуульд мастераар сурчээ. Сургуулиа төгсөөд тэрээр хоёр жил ажил хийж, ээждээ тусалсан гэнэ.

Ингээд зогсохгүй тэрээр одоогоор дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Харвардад хуулийн ангийн оюутан болсон юм.

Дин Дин, "Би хэзээ ч Харвардын их сургуульд элсэн орох хүсэлт илгээж зүрхлэхгүй байх байсан. Гэхдээ ээж минь надад үргэлж урам зориг хайрлаж, үзээд алдахыг санал болгодог байсан. Намайг ямар нэг зүйлд эргэлзэх үед тэр үргэлж дэргэд минь байж намайг чиглүүлж өгдөг." хэмээн CGTN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Энэ бүхэн бол түүний ээж Зу Хонгуаны ач тус билээ. Эх хүний сэтгэл ийм агуу мундаг байдаг байх нь шүү дээ. Хүн хичээвэл бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг Дин Дин хүү болон түүний ээж баталж чадлаа. Хүүхдүүд та бүхэн ч гэсэн хичээл зүтгэл гаргаж мөрөөдөлдөө заавал хүрээрэй.

#Student #teenagers #Harvard #Scholarship #Purpose #world