ЗАХИДАЛ: Тэд миний мөнгөтэй л “НАЙЗЛААД” байх шиг санагдаад байна


ССҮТөв | YOLO.MN
2017-05-10

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Надад хэцүү үе ирэхэд бүгд надаас яваад өгөх юм

Тэд зүгээр л миний мөнгөтэй найзлаад байгаа юм санагдаад байх юм. Яах вэ?

Намайг Н… гэдэг. Би 14 настай. Би маш олон найзуудтай л даа. Надад их хэцүү туулж баршгүй хэцүү үе маань ирчихээд байхад бүгд надаас яваад өгөх юм. Тэд зүгээр л миний мөнгөтэй найзлаад байгаа юм санагдаад байх юм. Яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хэцүү байна гэж байнга бодохын оронд даваад гарна, чадна гэж өөрийгөө хүчтэй байлгаарай

Хүн ер нь ямар байдлаар өөрийгөө бусдад таниулна, бусад хүмүүс тэр байдлаар тухайн хүнийг хүлээж авдаг. Чиний хувьд нөхөрлөл эхлэх үед найзууддаа ямар байдлаар өөрийгөө таниулсан гэдгийг эргээд бодоод үзээрэй.

Захидал илгээсэнд баярлалаа. Хүн ер нь ямар байдлаар өөрийгөө бусдад таниулна, бусад хүмүүс тэр байдлаар тухайн хүнийг хүлээж авдаг. Чиний хувьд нөхөрлөл эхлэх үед найзууддаа ямар байдлаар өөрийгөө таниулсан гэдгийг эргээд бодоод үзээрэй. Хэрвээ чи бусадтай харьцахдаа байнга сонсогч хийдэг бол бусад хүмүүс чамайг хэлсэн ярьсан зүйлсийг нь сайн сонсдог, анхаардаг, ойлгодог гэдэг байдлаар хүлээн авсан байгаа, хэрвээ чи бусдын дунд би мундаг, би хичээлдээ сайн, би онц сурдаг гэдэг байдлаар байдаг бол тэд чамайг мөн л адил хийсэн ярьсан зүйлээс чинь хүлээн авсан байгаа.

Яг үүн шиг чи найзуудынхаа дэргэд байхдаа санхүүгийн талаас дэмжлэг байнга үзүүлдэг, эсвэл өөрийнхөө тэр талыг дөвийлгөн ярьдаг бол чиний ярьж, үйлдэл хийснээр чинь л найзууд чинь хүлээн авсан байж магадгүй. Тиймээс өөрийнхөө өмнөх үйлдэл болон үгнүүдийг сайн тунгаагаад үзэхийг зөвлөе. Нөгөө талаас чиний насны онцлогоос шалтгаалан аливаа зүйлд хэт мэдрэг болсон тал байж магадгүй учир яг юу нь хэцүү байгаа, хэний зүгээс ямар үйлдэл чамайг тавгүйтүүлээд байгаа гэдгийг дараагийн захиандаа дэлгэрэнгүй бичээрэй.

Эцэст гэж зөвлөхөд хүн бүрт өөр өөрийн гэсэн сайхан зан чанарууд байдаг. Тиймээс чи өөрийнхөө ямар хүн бэ гэдэг онцлогоо найзууддаа харуулж байгаарай. Хэрвээ тэгэж чадвал чамд тохирох найз нөхөд чамайг тойрон хүрээлээд л ирнэ. Хэцүү байна гэж байнга бодохын оронд даваад гарна, чадна гэж өөрийгөө хүчтэй байлгаарай. Дараагийн дэлгэрэнгүй захиаг нь хүлээж байя. Амжилт хүсье. smiley

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#friends # money #teenagers