Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар зургаадугаар сарын 14-нд эхэлнэ. Элсэлтийн шалгалтын бэлтгэл ажил болон шалгуулагчид юуг анхаарах талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидтай ярилцлаа.
YOLO: Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ хичээлийн жилд хэчнээн хүн өгөхөөр бүртгүүлсэн бэ?
-Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдөр дууссан. Энэ жилийн шалгуулагчдын тоог 21 аймгаас авч өнөөдөр эцсийн байдлаар нэгтгэж, шалгалт өгөх суудлын хуваарийг хийхэд бэлэн болж байна. Элсэлтийн шалтгалтад энэ жил 40388 хүн орохоос 87 хувь нь 2017 оны төгсөгчид, 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байгаа юм.
YOLO: Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жилээс монгол хэлбичгийн шалгалтын босго оноог хүчингүй болгосон. Өөр ямар өөрчлөлтүүд оруулсан бэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтад орох хүн бүр эхлээд монгол хэлбичгийн шалгалтыг заавал өгөх ёстой. Босго оноо өнгөрсөн жил 400 байсан бол энэ жил оноог тэглэсэн. Босго оноогүй боллоо гээд тайвширч болохгүй. Их, дээд сургуулиуд оюутан элсүүлэх өөрийн журамдаа босго оноог тавьсан байж болно. Тиймээс сургуулийнхаа шалгуурыг давах хэрэгтэй. Энэ жилээс манай төв шалгалтын хэдэн байранд шилэн технологийг туршилтаар нэвтрүүлнэ.
Ингэснээр шалгалтын хуудсыг шалгах машиндаа уншуулж, анхны оноог нь гаргаж ирнэ. Элсэлтийн шалгалтыг хэмжээст оноогоор дүгнэдэг. Анхны оноогоо мэдсэн хүүхэд хэмжээст оноо хэд байхыг бодоод гаргах боломжтой. Хэрэв тухайн хүүхдийн анхны оноо 0 байлаа гэхэд хэмжээст оноо нь 200. Анхны оноо нь 100 байвал хэмжээст оноо 800 гэсэн үг.
Тавдугаар сарын 15-наас хойш Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтын шалгуулагчийн буланд бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрээд, шалгалтын байр болон суудлын хуваарийг мэдэх боломжтой.
Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд хэд хэдэн өөрчлөлт орсон. Монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтад сонсоод ойлгох чадварын даалгаврыг нэмж оруулсан. Шалгуулагчид хариултыг балан харандаагаар буддаг байсан бол энэ жил хар өнгийн үзгэн бал эсвэл тосон балаар будна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг ил тод, шударга нээлттэй зохион байгуулахын тулд шалгалтын байруудыг бүрэн камержуулж, сонсох төхөөрөмжүүдийг суурилуулсан.
YOLO: Хот, хөдөөд хэчнээн байранд элсэлтийн ерөнхий шалгалтыг авах вэ?
-Хөдөө орон нутагт 22, Улаанбаатар хотод шалгалт өгөх 28 байрыг бэлтгэж, тоноглосон. Шалгалтын хуваарь, тов гарсан учир шалгалтын байранд цагтаа ирсэн байх хэрэгтэй. Шалгуулагчийн тоо тодорхой болсон учир тавдугаар сарын 15-наас хойш Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтын шалгуулагчийн буланд бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрээд, шалгалтын байр болон суудлын хуваарийг мэдэх боломжтой.
YOLO: Нэг хүүхэд хэчнээн хичээлээр шалгалт өгөх боломжтой вэ?
-Элсэлтийн шалгалтыг 10 хичээлээр өгнө. Нэг шалгуулагч хэчнээн ч хичээл сонгож шалгалт өгөх боломжтой.
YOLO: Элсэлтийн шалгалт ирэх зургаадугаар сарын 14-нд Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ гэж байсан?
-Тийм ээ. Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 14-18-ныг хүртэл үргэлжилнэ. Шалгалтын дүн 14 хоногийн дараа буюу долдугаар сарын 1-нээс гарах байх. Ингэж уддаг шалтгаан нь 21 аймаг, есөн дүүргийн элсэлтийн шалгалтын хариултын хуудсуудыг лацдаж, Улаанбаатарт авчраад шалгах машинаар уншуулдаг. Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан хяналт бүхий тусгай пост ажиллаж, тэнд шалгалтын хуудсыг засах машинд уншуулдаг. Тэгэхээр нэлээд хугацаа шаарддаг л даа.
YOLO: Элсэлтийн шалгалтын материалыг танай төвөөс боловсруулдаг. Материал боловсруулахдаа юуг анхаардаг вэ?
-Салбартаа тэргүүлэх байр суурьтай, туршлага, ур чадвартай багш нар шалгалтын матеариал боловсруулах ажлыг хийдэг юм. Элсэлтийн шалгалтын материалыг боловсруулахдаа бид нууцлалын маш өндөр түвшинд ажилладаг. Мөн л Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан тусгай пост гаргаж, тэндээ шалгалтын материалыг боловсруулдаг.
Шалгалтын материал боловсруулахад ажилласан хүмүүсийг 24 цагийн камертай, утсаар ярих, интернэтэд холбогдох боломжгүй тусгай газарт байрлуулж, элсэлтийн ерөнхий шалгалт дуусаж, дүн оноо гартал тагнуул, цагдаагийн хяналтад байлгадаг. Гэр бүл болоод, гаднын хүмүүстэй холбоо барих боломжгүй. Утасны сүлжээ унагаагч суулгаж, интернэтийг хязгаарласан байдаг учир нууцлалыг маш өндөр түвшинд хангаж чаддаг.
Шалгалтын сэдэв, даалгавар боловсруулах ажил эхлэхэд өмнө нь мөрдөж байсан энэ журмаараа ажиллана. Шалгуулагчдын хувьд ч ялгаагүй нэгнээсээ хуулах боломжгүй. Хүүхдүүдийг нэг нэгээр нь суулгадаг учир өөрийнхөө төлөө хийж байгаа хамгийн чухал алхмуудын нэг гэж ухамсарлаж шалгалтдаа сайн бэлтгэх хэрэгтэй. Шалгалт авах байрыг камержуулж, сонсох төхөөрөмж, сүлжээ унагаагч, метал илрүүлэгч зэрэг төхөөрөмжөөр тоноглож, бэлтгэсэн.
Энэ жил монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтад сонсоод ойлгох чадварын даалгаврыг нэмж оруулсан.
YOLO: Элсэлтийн шалгалтад хэрхэн бэлдвэл зүгээр вэ?
-Шалгалтад бэлтгэхэд жишиг болохуйц даалгавруудыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад оруулсан. Мөн 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв даалгаврыг түлхүүртэй нь оруулсан байгаа. Тэндээс татаж аваад, өөрийгөө сорих боломжтой.
YOLO: Элсэлтийн шалгалттай холбоотой асууж тодруулах зүйлс байвал хаана хандах вэ?
-Манай төвийн лавлах 75779498 дугаарын утсаар холбогдож тодруулж болно. Эцэст нь шалгуулагчид болон эцэг, эхчүүд албан ёсны эх сурвалжаас мэдээллээ авахыг зөвлөж байна. Хүүхдүүд баталгаагүй эх сурвалжаас ташаа мэдээлэл авснаас болж шалгалтаас хоцрох зэрэг эрсдэл үүсэж болох талтай.
Шалгалтын сэдэв даалгавар задрах боломжгүйг дээр тодорхой хэлсэн. Ийм утга санаа бүхий ашиг олох зорилготой зарлалд итгэж өөрсдөө хохирохгүйн тулд бодит мэдээллээр өөрийгөө хангаж хамгаалах нь маш чухал. Боловсролын үнэлгээний төвийн фэйсбүүк хаягаар “Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалт урагшилсан уу?” гэсэн асуулт маш их ирсэн.
Шалгалт урагшлаагүй, зургаадугаар сарын 14-18-нд товлосон өдөр, цагтаа болно. Тавдугаар сарын 22-нд орон даяар улсын шалгалт эхэлж байгаа. Улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалт хоёр өөр шүү дээ. Боловсролын үнэлгээний төвөөс улсын шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулж өгдөг. Шалгалтыг тухайн аймаг, дүүргийн Боловсролын газар нь зохион байгуулдаг.
YOLO: Тусгай сургалттай гурван сургуульд элсэх шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг. Энэ шалгалтууд хэзээ болох вэ?
-БСШУС-ын яамнаас Монгол тэмүүлэл, Шинэ эхлэл, Шинэ эрин сургуулийн элсэлтийн шалгалт зохион байгуулах захиалгыг манай байгууллагад өгдөг. Захиалгын дагуу шалгалт зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар яамнаас захиалга ирээгүй, шалгалтын тов гараагүй байна. Энэ шалгалтууд голдуу зургаа эсвэл наймдугаар сард болдог.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх