ЗАХИДАЛ: Өөрийгөө олоход минь туслаач


ССҮТөв | YOLO.MN
2017-05-02

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Өөрийгөө үнэхээр ойлгохоо байлаа

Уг нь миний мөрөөдлүүдийн нэг бол дэлхийн стандартад нийцсэн анимейшн хийх. Дотроо бол мөрөөдлөө дагаж сурмаар байгаа ч арай ирээдүйн амьдралд минь хэрэгтэй нь архитектур ч юм шиг.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Одоо би 11 дүгээр анги. Мэргэжил сонголт дээрээ би бараг бүтэн жил бодсоны эцэст хоёрхон сонголт үлдлээ. Барилгын архитектур эсвэл компьютерын чиглэлээр явна. Би зурах дуртай мөн компьютерийн мэдлэг ч гайгүй. Архитектур болно гэхээр математик надад үнэхээр сонирхолгүй санагддаг. Математик гэхээр л хичээл хийх хүсэл бүр огтхон ч байхгүй болчихно. Багшийн хажууд л хүчээр хэдэн бодлого бодно. Ядаж байхад энэ мэргэжилээр сурахад элсэлтийн шалгалтын оноо нь өндөр. Компьютерийн чиглэл гэхээр дотроо бас хэд хэд задраад хэцүү юм аа. Програм, вэб эсвэл компьютер график дизайн. Уг нь миний мөрөөдлүүдийн нэг бол дэлхийн стандартад нийцсэн анимейшн хийх. Дотроо бол мөрөөдлөө дагаж сурмаар байгаа ч арай ирээдүйн амьдралд минь хэрэгтэй нь архитектур ч юм шиг. Програмчлал, вэб бичих гээд энэ бүгд үнэхээр сонирхолтой. Гэхдээ мэдээлэл зүйн хичээл мөн л сонирхолгүй болсон. Яагаад гэвэл би арван жилд үзэх бүх зүйлүүдийг нь судлаад дууссан. Би багаасаа хэт олон зүйлийг сонирхож сурах гэж оролдсон болохоор үр дүн нь одоо гарч байгаа юм шиг санагдаж байна. Үнэхээр өөрийгөө ойлгохоо байлаа. Хэрхэн зөв сонголт хийх вэ? Хэрвээ яг тууштай нэг зүйлээ сонговол бусад хичээлээ яг яах ёстой вэ? Гэр бүлтэйгээ хэрхэн зөв ойлгоцох уу? Өөрийгөө олоход минь та бүхэн туслаач.


ЗӨВЛӨГӨӨ: Өөрөө юунд дуртай, мөн юу хийвэл чамд урам зориг төрдөг гэдгийг маш сайн бодоорой

Зарим хүмүүсийн хувьд тухайн үед эрэлттэй байсан өөрийнхөө дуртай биш мэргэжлийг сонгон, ажлаас авах сэтгэл ханамжгүй түүнийгээ дагаад ажлын бүтээмжгүй байх тохиолдол байдаг.

Захидал илгээсэнд баярлалаа. Чамд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Мэргэжил сонголт бол тухайн хүний амьдралыг нь шийдэж болохуйц чухал сонголтын нэг яахын аргагүй мөн. Тэгэхээр чиний тэвдэх чинь аргагүй тул эхлээд чи аль мэргэжил нь чамд илүү тохирох мөн алийг нь хийхэд чамд илүү сонирхолтой байх талаар бодоод үзэх хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд тухайн үед эрэлттэй байсан өөрийнхөө дуртай биш мэргэжлийг сонгон, ажлаас авах сэтгэл ханамжгүй түүнийгээ дагаад ажлын бүтээмжгүй байх тохиолдол байдаг. Тиймээс хүн ажил мэргэжлээ сонгон түүнээсээ сэтгэл ханамж, сэтгэлийн таашаалыг авах нь ажлын бүтээмж цаашлаад тухайн хүний амжилтанд нөлөөлдөг. Тэгэхээр чиний хувьд өөрөө юунд дуртай, мөн юу хийвэл чамд урам зориг төрдөг, юу чиний бүтээлч байдлыг сэдэлжүүлдэг гэдгийг маш сайн бодож байж шийдвэр гаргаарай. Мөн гэр бүлийнхэнтэйгээ өөрийнхөө хийх дуртай зүйлийн талаар ярилцаад бүх мэдээллээ цуглуулсны дараа дахин захидал бичихийг зөвлөе. АМЖИЛТ ХҮСЬЕ. wink

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Зөвлөгөө өгсөн: Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн туслах сэтгэл судлаач Б.Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Parents #Teenagers