Шүүмжлэлээс айдаггүй “ГУДАМЖНЫ” загвар


Дэгжин, чамин харагдахад дан ганц үнэтэй брэндийн хувцас шаардлагагүй гэдгийг баталсан “гудамжны” буюу стрийт хэв маяг энэ хавар хүч түрж байна. Нью-Йорк, Парис, Сөүл, Токио зэрэг загварын “акул” хотын залуус зөвхөн өөрийг нь илэрхийлэх “цор ганц” хэв маягийн эрэлд гараад байна.

Өмнө нь алдартай блоггерууд, загвар зохион бүтээгчид трапицан өмд, хатгамалтай жийнс, унтлагын хувцас шиг даашинз зэрэг трэнд болж буй загваруудыг санал болгодог байсан. Харин энэ улиралд тэд бусдын чиг хандлагыг дагахаас илүү зөвхөн өөртөө тохирсон сонголт хийхийг зөвлөж байна.

ОДДЫН ҮЛГЭРЛЭЛ

Өнгөрсөн долоо хоногт болсон Коачелла хөгжмийн наадмаас загвар сонирхогчид олон шинэ санаа “түүсэн” нь гарцаагүй. Твиттер хуудаст хамгийн олон дагагчтай дуучин Селена Гомез энгийн шулуун загвартай, цэцгэн хээ бүхий даавуун даашинзаар гоёсон бол дуучин Рианна бие нэвт харагдахуйц саатай өмсгөл дээр жийнсэн богино өмд, цагаан майк өмсчээ. Харин загвар өмсөгч Кендалл Женнер эрээн нөмрөг, ковбой малгайгаар гангарсан. Энэ мэтээр алдартай оддын түмэн янзын хувцаслалт хаврын өнгө төрхийг тодорхойлсон юм.

Үдэшлэгийн богино даашинзыг пүүзтэй хослуулах, эсвэл эрчүүд бие нь нэвт харагддаг торон цамц өмсөхийг “гаж” гэж нэрлэдэг байсан. Харин одоо энэ бүхэн хэвийн үзэгдэл болсон нь стрийт загвар хэр хүчээ авсныг илтгэнэ. Загварын блоггерууд хямд, олон төрлийн хувцсыг хэрхэн өвөрмөц маягаар зохицуулах вэ гэдэгт санаагаа уралдуулж байна. Тэдний санааг хамгийн түрүүнд шүүрч авдаг одод стрийт загварыг манлайлж буйд гайхах зүйлгүй. Өмнө нь оддыг хуучинсаг эсвэл гаж хувцасласан гэж шүүмжилдэг байсан бол стрийт хэв маягийн давалгаанд энэ нь утгагүй хэрэг болж байна.

Хувцас үйлдвэрлэгчид fast fasion буюу хямд хэрнээ загварлаг хувцас үйлдвэрлэхийг илүүд үздэг болсон. Хямд материалаар хийсэн хувцсыг сонирхол татахуйц загвараар “халхлан” хурдан хугацаанд борлуулах нь тэдний зорилго. Үүнийг дагаад загварын чиг хандлага ч хурдтай болж буй. Ар араасаа цуварч буй шинэ загваруудыг “шингээх” тохиромжтой хэв маяг бол стрийт загвар юм. Тиймээс үйлдвэрлэгчид, загварын компаниуд энэ хэв маягийг хоёр гараа өргөн дэмжиж байна.

ХУУЧИРДАГГҮЙ ЖИЙНСНИЙ ХОСЛОЛ

Жийнсийг анх уурхайчдад зориулан 150 гаруй жилийн өмнө бүтээсэн түүхтэй. Жийнс хэзээ ч загварын тайзнаас бууж байгаагүй. Таны шүүгээнд ч гэсэн жийнсэн өмд хэд хэдээрээ бий гэдэгт итгэлтэй байна. Энэ нь чөлөөт загвар, тэр дундаа стрийт хэв маягийн гол элемент учраас жинсэн өмд, цамцныхаа тоог нэмэхэд алдах зүйлгүй.

Тэр байтугай жийнсэн дотуур хувцас, жийнсэн хүрээтэй нүдний шил хүртэл загвар сонирхогчдын дунд мэр сэр харагдах болсон. Тиймээс хуучраагүй жийнс энэ хавар загварын тайзны гол чимэглэл, аксесуар байх нь.

ТОД, БҮР ИЛҮҮ ТОД

Хэдийгээр загварт түмэн янзын хувцас “эргэлдэж” байгаа ч өнгөний хувьд тод, аль болох тодыг эрхэмлэж байна. “Vogue” сэтгүүл энэ жилийн трэнд өнгөөр тод шар, ягаан, цэнхэр болон эдгээр өнгийн хослолыг нэрлэжээ.

Мэдээж өнгөрсөн жил “моод” болсон цэцгийн цомирлог шиг эрээн өнгөтэй гутал, цүнх, ээмэг энэ жил халагдахгүй. Тод өнгийн хувцасны загвар нэг хэсэгтээ зонхилох төлөвтэй.

Нью-Йорк хотын гудамжинд тааралддаг эрээн алаг, тод хувцастай залуусыг энэ хавар дэлхийн өнцөг булан бүрт харах нь.

Б.Баярмаа

 

#Fashion #ХувцасЗагвар #YoloShop #World