Орчин үед хөлтэй болгон хэлтэй болохыг эрмэлзэж байгааг та бид мэднэ. Тэр тусмаа хүмүүс цаг, мөнгөө хэмнэн бие даан сурах аргуудыг түлхүү хайдаг. Ийм учраас энэ удаагийн нийтлэлдээ Англи хэлийг анхан болон академик түвшинд бие даан суралцахад туслах маш энгийн 10 аргыг хүргэж байна.
Англиар ярьж байгаагаа дуу хураагуурт бичиж үзээрэй. Эхэндээ өөрийн дуу хоолойгоо сонсох нь бага зэрэг эвгүй байдаг ч үүнийг дадал болгосноор чамд маш их давуу талтай. Native speaker буюу зөв дуудлагатай, мэргэжлийн хүний уншсан жижиг эхийг сонсож үзээд дараа нь яг тухайн эхийг чи өөрөө давтаж уншаад үүнийгээ ухаалаг утсаа ашиглан хураагаарай. Ийнхүү мэргэжлийн хүний дуудлагатай өөрийнхийгөө харьцуулаад алдаагаа олсноор зөв дуудлагыг нь сурах боломжтой. Хялбар эхийг эндээс харин арай хүндэвтэр эхийг эндээс үзээрэй.
Англи хэл дээрх бичвэрийг чангаар өөртөө дуудан уншаарай. Англи хэлээр ярихад бидний амны хайрцаг Монголоор ярьдгаас өөрөөр хөдөлж, өөр булчингууд ажилладаг. Гадаад хэлээр удаан ярихаар завж өвдөж эрүү чилдэг нь үүнтэй холбоотой. Иймд англи хэл дээрх харилцан яриа болон нийтлэлийг чангаар уншиж амны булчингаа дасгах хэрэгтэй. Өдөрт 5-10 минут эсвэл үүнээс удаан унших дасгал хийж хэвшиснээр чи ямар авиаг гаргахад хэцүү байгааг тогтоож үүн дээрээ түлхүү ажилласнаар дуудлага чинь сайжрах болно. Жишээ харилцан яриаг эндээс үзээрэй.
Энгийн үгний оронд хэлц үгийг ашиглаж хэвшээрэй. Хэдий их хэлц үг сурна төдий чинээ чиний Ярианы чадвар чинь дээшилж байна гэсэн үг. Дан ганц ярих гэлтгүй бичих чадвар ч гэсэн тэр хэмжээгээр дээшилдэг. Эндээс 2000 гаруй хэлц үг болон тэдгээрийн хэрэглээг харж болно.
Англи хэл дээр дуу дуул. Ялангуяа ПОП чиглэлийн дууны үг ихэвчлэн харилцан ярианы хэлбэртэй байдаг учраас эдгээрийг сонссоноор маш олон үг хэллэгийг сурч болдог. Шүлэгний үгнээс илүүтэйгээр дууны үгийг тогтоодог нь хүмүүст үгийг аятай холбож цээжлэх нь харьцангуй хялбар байдагтай холбоотой аж. Сонсож ойлгоход хялбар дууны жагсаалтыг эндээс үзээрэй.
Өөрийн дуртай цуврал киног англи хэлний зугаатай хичээл болгоорой. Хэдийгээр шинжлэх ухаан хэл сурах үед хүний тархинд яг ямар үйл явц болдгийг бүрэн нээж, ямар арга нь хэл сурахад илүү хялбар болохыг тодорхойлж амжаагүй ч, олон цагийг хэл сурахдаа зарцуулах нь хамгийн шилдэг арга гэж үздэг. Эдгээр цаг нь заавал сурагчийн бүрэн анхаарал төвлөрсөн эрчимт сургалтын цаг байх албагүй ба харин ч эсрэгээрээ илүү сул чөлөөтэйгөөр зугаатай өнгөрүүлсэн цаг байвал зохистой. Цуврал кино үзэх бол үүнд хамгийн тохиромжтой нь. Хэдэн сарын дараа, та өмнө нь барьж авч чаддаггүй байсан үгнүүдээ сонсож, өгүүлбэр зүйн тестийг хүртэл өмнө нь сурж байгаагүй ч зөв гадарладаг болдог. Хэрэв илүү үр дүнд хүрье гэвэл үгийг нь ойлгохгүй хэсэг дээрээ киногоо зогсоогоод толь ашиглавал киногоо илүү ойлгохоос гадна, үгийн баялгаа өсгөх боломжтой. Магадгүй нэг үгээ та 5 эсвэл 6-н удаа тольдож болох ч, энэ аргаар тогтоогдсон үгээ ямар нөхцөлд хэрэглэгддэгийг нь давхар сурч, дуудлагыг нь ч гэсэн сурна гэсэн үг. Сонирхуулахад нэг ангит кинонуудыг бодвол цуврал киног интернетээс олоход илүү хялбар байдаг.
Харин одоо Англи хэлийг кино үзэх, интернетээс мэдээлэл авахаас илүүтэйгээр академик түвшинд буюу англи хэлээр хичээл нь ордог их сургуулиудад ороод лекц сонсох, эсээ бичих түвшинд хэрэглэхийг зорьж байгаа сурагчдад дараах таван зөвлөмжийг хүргэж байна.
TOEFL эсвэл IELTS-ийн материалтай ажиллах. IELTS-ийн материал интернетээс маш ихийг олж болно. Харин TOEFL-ийн материал арай дутмаг байдаг. Гэхдээ ТРО буюу Хятадуудын жинхэнэ тестүүдийг хураангуйлан хийсэн програмыг татаж авбал чи яг л жинхэнэ TOEFL-ыг 30 гаруй удаа дуурайлган өгөх боломжтой. Уг программыг эндээс татаарай. Унших болон сонсох хэсэг дээр алдаагаа шууд харах боломжтой учир ямар төрлийн асуулт дээр алдаад байгаагаа, цаашлаад юун дээр анхаарах ёстойгоо хянах боломжтой. Хэдийгээр ярих болон бичих хэсгийн дадлага ажил дээр алдаагаа мэдэх боломжгүй ч, та жинхэнэ шалгалтуудын асуултуудтай танилцаж жишээ болгон өгсөн яриа, бичсэн эсээнүүдээс санаа авж, өөрийнхтэйгөө харьцуулах боломжтой.
Чанартай нийтлэлүүд унших. New York Times-ын нийтлэлүүдийг академик англи хэл дээр бичигдсэн хамгийн уншууштай нийтлэлүүд гэлцдэг. Хэдийгээр nytimes.com сайтаас сардаа таван нийтлэл үнэгүй унших боломжтой байдаг. Үүнээс гадна тухайн нийтлэлүүдийг уншихад мэдэхгүй үг маш их гарна. Харин тэр болгонд нь толь руу орж нийтлэлээсээ гараад байвал анхаарал сарних, сонирхол буурах талтай. Энэ тохиолдолд энэ Google extension-ыг ашигласнаар та мэдэхгүй үг дээрээ хоёр дараад л англиас англи тайлбарыг нь харж болно.
Чанартай сурах бичиг ашиглан суралцах. Би хувиасаа энэ номыг санал болгож байна. Cambridge-ын хэвлэлийн газраас гаргадаг энэхүү ном нь бакалаврын оюутнуудад зориулсан ном бөгөөд хэрхэн их сургуулийн шаардлага хангасан эсээ, дүгнэлт, болон төслийг бичихийг заасан байдаг. Бусад энэ төрлийн номуудаас давуу талтай нь энэхүү ном нь чанартай дасгал ажлуудыг түүний түлхүүрийн хамтаар багтаасан явдал юм.
Бичих. “Бичих бол хэцүү, гэхдээ зөвхөн хэцүү” гэдэг үг байдаг. Сайн бичдэг болохын тулд интернетээс сайн бичээчийн нууц арга барил гэж хайхаас илүүтэйгээр зүгээр л бичээд байх хэрэгтэй. Орой болгон 30 минутыг бичихдээ зориулбал та сарын дараа гэхэд л тодорхой хэмжээний дэвшилтийг мэдрэх болно. Академик түвшинд бичихдээ анхаарах жижиг, гэхдээ маш чухал зөвлөмжүүдийг энэ сайтаас тогтмол аваарай.
Онлайнаар сургалтад суух. Та энэ болон эндээс Америкийн их сургуулийн оюутнуудын нэгдүгээр курсдээ үздэг Англи хэлний хичээлийг үзэх боломжтой. Та эдгээрээс ерөнхий суурь мэдлэгийг авснаар, дараа дараахдаа авах мэдээллүүдээ эмхлэн, академик Англи хэлийг өөрийн гэсэн зөв арга барилаар суралцах эхлэлээ тавих юи. Эдгээр сайтууд дээр маш олон хичээлийн сонголт бий. Хувиасаа дараах хоёрыг тусгайлан санал болгож байна.
Эхний энэ хичээл нь ангид чинь өгөгдсөн бичих даалгаврынхаа сэдвийг хэрхэн бүрэн ойлгох, уншигчдаа хэрхэн судлах, улмаар яаж уншигчиддаа өөрийн санааг тохируулан бичих, хэрхэн бичих санаагаа олох, олсон санаагаа дараа нь хэрхэн цэгцлэх гэх мэт суурь мэдлэгийг олгодог. Үүнээс гадна энэ хичээлийн үеэр чи онлайн портфолиог хийх бөгөөд энэ нь өөрийн хийж буй хичээлээ хянах улмаар хичээл дууссаны дараа барьцтай үр дүнтэй үлдэнэ гэсэн үг юм. Энэ курс Англи хэл дээр хэрхэн шүүмжлэлтэй бодох болон бичихэд сургаж байгаа бол дараагийн хичээл зөвхөн Англи хэл дээр хэрхэн бичих тал дээр төвлөрнө.
Энэ хичээл үг, өгүүлбэр, цогцолбор, болон эхийн түвшиндөө хэрхэн зөв дүрэм ашиглан өөрийн санаатайгаа уялдсан зөв үг өгүүлбэрийн бүтцийг сонгохыг зааж өгнө. Тус бүр найман долоо хоногийн эдгээр хичээлүүдийг та тууштай байж, дуусгаж чадвал гэрээсээ бас үнэ төлбөргүйгээр Америкийн их дээд сургуульд сурсантай дүйцэхүйц мэдлэгийг олж авч чадах юм.
НЭМЭЛТ ЗӨВЛӨГӨӨ:
Ямарваа нэг хэлийг сурахад чамд нэгд шалтгаан, хоёрт арга зам хэрэгтэй. Англи хэл сурах олон шалтгаан байдаг. Жишээлбэл, Англи хэлийг сайн сурснаар чамд мэдээллийн найдвартай эх сурвалж нэмэгдэж, цоо шинэ соёл, уламжлал бүр цаашлаад нэгэн ертөнц нээгдэх болно. Эдгээрээс хамгийн чухал нь мэдээж БОЛОМЖ. Төсөөлж ч байгаагүй тийм их боломж хажууд чинь байдгийг чи олж харах нь гарцаагүй. Чи хэдий чинээ “хүчирхэг” шалтгаантай байна төдий чинээ амархнаар хэл сурахад тулгарах бэрхшээлүүдийг даван туулах болно. Өмнө дурдсанчлан хангалттай их шалтгаантай байж болох ч дараагийн хамгийн гол зүйл бол зөв арга замаа сонгох явдал юм. Багшийн тусламжтай сургалтын төвд хичээллэх ба ганцаарчилж сурах гэсэн хэл сурах ерөнхий хоёр арга байдаг. Сүүлийн үед хүмүүс бие дааж сурахыг илүүд үзэх болсон.
Энэхүү аргыг чи өдөр тутамдаа нэгээс хоёр жилийн турш тасралтгүй хэрэглэвэл, хүссэн кино, бичлэг, дуу, нийтлэлээ ойлгохоос гадна англи хэл дээр хэн нэгэнтэй харилцан яриа явуулах бүрэн боломжтой болж чадна. Ийм ч учраас ярианы чадвар сайжруулах аргуудыг түлхүү оруулан бичлээ. Эцэст нь хэлэхэд шинэ хэл сурах үйл явцыг өдөрт нэгээс хоёр цаг зарцуулах хичээл гэж ойлгохоос илүүтэйгээр амьдралынхаа зуршил, хэрэглээ болговол чи бодит үр дүнд хүрдэг юм шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх